УЛС ТӨР

Н.Ганибал: Хүүхдийнхээ мөнгөөр амьдарч, архи ууж байгаа бол эцэг эхийн сэтгэлгээний ядуурал мөн

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай хүүхдийн мөнгө болон төсөв тойрсон асуудлаар ярилцлаа.

-2023 оны төсөв хэлэлцэх гэж байна. Та сөрөг хүчний гишүүний хувьд хүүхдийн мөнгөний талаар ямар байр суурьтай байгаа вэ. Нийт хүүхдүүдийн 10 хувийг хасаад, 90 хувьд нь өгөхөөр шийдчихлээ шүү дээ?

-Хүүхэд бол хүүхэд. Хүүхдийн мөнгийг АН санаачлахдаа уул уурхай болон бусад баялгаасаа хүүхдүүддээ хуваарилж байгаа хэрэг л гэж үзсэн. Сайдын хүүхэд байна уу, саальчны хүүхэд байна уу, хамаагүй. Эрхзүйн хувьд ялгах салгах ойлголт байхгүй. Хуулиар яаж ялгаж салгах юм бүү мэд. Одоогоор ямар ч боломжгүй. Хөдөө орон нутгийнхан ч ийм байр суурьтай байгаа.

-Төсөв хэлэлцэж эхлэхээр энэ асуудлаар танай намын бүлэг хэрхэн реакц үзүүлэх гэж байна?

-Хүүхэд бол хүүхэд гэж хэлсэн. Манай намын бүлэг бол хүүхдүүдийг 100 хувь хамруул гэх байр суурьтай байгаа. Түүнээс биш арав нь өөр хүүхэд, 90 нь монгол хүүхэд гэх юм уу. Төлбөрийн чадвартай, чадваргүйгээр нь хүүхдүүдийг ялгах нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг. Монголд хэрэгжүүлж буй хуульд хэн нэгнийг ялгаж салгах эрхзүйн зохицуулалт лав байхгүй. Баян хүн учраас арай өөр, хүүхдийн мөнгө хэрэггүй, татвар өндөр төлөх ёстой гэж болохгүй. Хүүхдийн асуудал маш эмзэг учраас хянамгай хандах ёстой.

-МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүр 80 хувь руу оруулах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн?

-Ямар хүмүүсийн хүүхдийг арав, хориор нь хувьчлаад хасах гээд байгаа юм бэ. Яагаад асуудалд хууль эрхзүйн хувьд бүрэн гаргалгаагүй хандаж, улс төр хийж байна вэ. Маш буруу.

-Тухайлбал, танай хүүхдүүд хүүхдийн мөнгөнөөс хасагдахаар болж байна уу?

-Мэдэхгүй. Хасах юм уу, хасахгүй юм уу. Санаачлаад байгаа хүмүүс эцсийн байдлаар шийдсэний дараа хасагдах, үгүй нь шийдэгдэх байх даа.

-Эрх баригч намын зүгээс хүүхдийн мөнгийг халамж болчихлоо гээд байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ мөнгөөр амьдраад, ажил хийх хүн олдохгүй байна гэж байна. Та санал нийлэх үү?

-Халамжийн асуудал тусдаа л даа. 580 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн байна билээ. Өгөх ёстой халамжаа олон улсын жишгээр нь өгч байгаа байх. Хүүхдийн мөнгө бол баялгийн тэгш хуваарилалт. Гэхдээ асуудал байна уу, байна. Халамжийн мөнгөө авдаг, давхар хүүхдийн мөнгө авдаг. Тэгээд ажил хийхгүй байх сэдэл төрж байгаа нь үнэн байх. Монгол Улс бүтээн байгуулалтын зургаахан сартай. Барилга, зам талбай гэх мэт дэд бүтцийн ажил хийхэд ажиллах хүчний хомсдол маш их хувьтай үүсэж байгаа нь тодорхой байна. Ер нь олдож байгаа мөнгөндөө таарч амьдраад байвал хэн ч ажил хийхийг хүсэхгүй. Илүү ихийг хүсвэл бүх хүн ажил хийнэ. Тэгэхээр хүүхдийн мөнгөөр амжиргаагаа залгуулаад, үүнээс илүүг олохыг хүсэхгүй байна гэж байгаа бол энэ тэр хүмүүсийн сэтгэлгээний ядуурал. Хүүхдэд зориулсан мөнгийг аваад архи дарс болгоод хэрэглэж байгаа бол эцэг эхийн сэтгэлгээний ядуурал мөн. Гэтэл тэр мөнгийг үр хүүхдэдээ өөрт нь зарцуулаад, унших номыг нь, сурах боломжийг нь хангаж байгаа эцэг эхчүүд байна. Тиймээс бүгдийг нь сайн, муу гэж ялгаж хэлэх боломжгүй.

АВТОБУСАНД СУУДАГГҮЙ ХҮМҮҮС АВТОБУС ГОЁ БОЛСОН Ч СУУХГҮЙ

-Төсвийн хуваарилалт шүүмжлэл дагуулж байна. Орон нутагт 2023 онд шинэ төсөлд хөрөнгө оруулалт хийхгүй гэчихлээ. Тэгснээ хотод бараг нэг их наядын төсөв тавиад байна?

-Орон нутаг бие даах чадамжийг нэмэгдүүлэх нь Монгол Улсын цаашдын зайлшгүй хийх ёстой ажил. Ирэх жил шинээр хөрөнгө оруулалт байхгүй. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд дутуу орхисон ажлуудыг ирэх жил гүйцээх байдлаар хөрөнгө оруулалтуудыг хуваарилсан байх шиг байгаа юм. Жагсаалт нь гарчихсан байгааг та бүхэн харсан. Хэнтий аймагт 22 тэрбумыг тавьсан байхад бусад аймгууд бага байх жишээтэй. Яагаад ийм байна вэ гэхээр 2020-2022 онд хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын ажлууд нь дутуу хийгдсэн, мөнгөө авч чадахгүй байгаа ажлуудыг ирэх онд бүгдийг нь нийлүүлээд тавьсан. Тэгэхээр дүн нь өндөр гарч ирж байна. Энэ нь юуг хэлж байна вэ. Хэдий өндөр төсөв тавьсан байна тэр аймаг хөрөнгө оруулалтуудаа зөв зарцуулаагүй байна. Тухайн цаг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй байна гэсэн үзүүлэлт гарч ирж байгаа юм. Оновчтой хөрөнгө оруулалтууд тавиад тухайн ажлуудаа тухайн жилдээ багтаж хийж, санхүүжилтээ авсан бол мөнгөн дүн бага харагдаж байна.

Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалт хийсэн харагдсан. Тэнд байхгүй аймгууд маш сайн байхгүй юу. Аймгууд өөрсдөө төсвөө бүрдүүлж чадаж байна гэсэн үг. Татаас хамгийн өндөр дүнгээр авч байгаа аймгууд дотооддоо төсвөө бүрдүүлэх чадамжгүй байна гэсэн үг. Тэнд байхгүй аймгууд дунд Сүхбаатар аймаг хамгийн бага дүнгээр орж ирсэн. Тэр нь хөдөлмөрлөөд байна гэсэн үг. Өмнөговь, Орхон, Дорноговийн араас орох боломжтой гэж харагдаж байна.

-Нийслэлийн төсвийн дийлэнхийг түгжрэлд зарцуулах гэж байна. 2022 онд 420 тэрбумыг юунд зарцуулсан нь тодорхойгүй алга боллоо?

-2023 онд бараг 500 гаруй саяар автобус авна гэж байх шиг байна. Барилга байгууламжуудыг муулаад л, шавар зуурдаг гээд ярих юм. Маш буруу л даа. Ер нь автобус гэдэг бол эцсийн бүтээгдэхүүн худалдаж авах гэж байна гэсэн үг. Валютын нөөц багасчихсан ийм үед ямар ч нэмүү өртөг шингэхгүй бүтээгдэхүүн худалдаж авах гэж байна. Шууд доллараар. Ингээд нийслэлийн түгжрэл бууруулна гэж яриад байна.

Орой ажил тараад явахаар аль чиглэлд хамгийн их тэг зогсолт болдгийг мэдэх үү. Яармаг, Зайсан гэх мэт. Хэзээ ч автобусанд  суудаггүй хүмүүс автобус гоё, олон болсон ч суухгүй. Тэр хүмүүс түгжирдэг байхгүй юу. Бусад чиглэл рүү харьцангуй түгжрэл гайгүй байдаг. Автобус олноор авч ирж явуулснаар хүмүүс машинаа орхиод автобусанд сууна гэсэн ойлголт бараг байхгүй байх аа. Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, Энхтайвны гүүрнээс хойшоо 32-ын тойрог хүртэл байгаа төрийн үйлчилгээний хэдэн аж ахуй нэгж байна. Хүмүүс яагаад хотын төвдөө ирж түгжрээд байгаа юм бэ. Үүний оношийг л зөв тогтоох ёстой. Орой 18-21 цаг хүртэл тэг зогсож байна. 21 цагаас хойш түгжрэлгүй болчихдог. Бүгд гэртээ харьчихдаг. Хэрэгцээ нь дууссан учраас түгжрэхгүй байна. Үүний оношийг зөв тавьж чадвал асуудлыг шийдэж чадна. Яармаг ямар түгжрэлгүй газар байлаа. Тэнд хорооллууд баригдаад хүн амьдардаг орчин болчихсон. Гэтэл үйлчилгээгээ бүгд хотын төвөөс ирж авдаг. Нийслэлийн үйлчилгээний оффисыг тэнд аваачаад барьсан. Тэндээ очихгүй баахан удаж, удаж саяхан л очиж байна. Заримыг нь үлдээчихсэн. Бүгдийг нь аваад явах ёстой байхгүй юу. Наашаа зорьж ирж байгаа юмнуудыг тэнд нь барьж өгөх ёстой байхгүй юу. Ингэж байж хотыг задалж, түгжрэлийн асуудлыг шийднэ. Тэрнээс биш соёлын төв, эмнэлэг барих нь буруу гэнгүүтээ автобус авъя гэж шийдвэр гаргаж байгаа нь шийдэл биш. Харж л байя.

-Тэгвэл танай нам эрх барьж байсан бол түгжрэлд ямар онош тавих юм бэ?

-Хотын төвд байгаа төрийн үйлчилгээний байгууллагуудыг бүгдийг нь гадагшлуулах. Яамдууд, маш том том барилгатай ЦЕГ, УЕП гэх мэт төрийн бүх үйлчилгээ. Оффисын цугларалтууд болчихоод байна. Тэр үнэтэй том байшингуудыг нь зараад, буцаагаад тэр мөнгөөр нь хотоос гадна оффисуудыг нь бариад өгчих. Олон улсын том хотуудыг харахад төв талбайг тойрсон амьдрал гэхээсээ илүүтэй энд тэнд системтэй, дагуул хотууд байгуулсан байдаг. Хотоос арай зайтай оффисууд нь нэг газраа төвлөрсөн байдаг. Төрийн байгууллагууд нь нэг газраа. Төвдөө жуулчдад зориулсан байгууламжууд, буудлууд, үйлчилгээний газрууд л байдаг. Гэтэл манайд төр нь өөрөө манлайлаад, төв талбайгаа тойроод Засгийн газраа байгуулчихсан. Бүх яамдууд нь байна. Яамдаа дагаад агентлагууд нь байна. Дээрээс нь эмнэлгүүд. Хамгийн  олон хүн үйлчилгээ авдаг газар шүү дээ. Хотынхоо төвд шамбааралдаж байхаар хотоос зайдуу, зогсоол сайтай газар шинэ эмнэлгүүд барих ёстой байхгүй юу. Өнөөдөр хотын төвд байгаа эмнэлгийн обьектыг зарахад магадгүй шинэ эмнэлэг байгуулахад зарцуулах мөнгийг хоёр дахин олох боломжтой гэх мэт. Ингээд төр өөрөө удирдах ёстой юм. Их дээд сургуулиуд нь бүгдээрээ хотын төвдөө. Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, Энхтайвны гүүрнээс 32-ын тойрог хүртэл.

-Нэг хэсэг хот тойрсон тойрог зам барина гээд байсан таг болчихлоо?

-Зоригтой үйлдэл хийдэггүй л байхгүй юу. Эрх баригчид сүүлийн зургаан жилд гарч ирээд хийсэн юм яг байна уу. Дарханы замыг зургаан жил барьж байна. Өнөөдрийн эрх баригч нарыг энэ замаар л төсөөл дөө.

-Ярилцсанд баярлалаа.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button