Нийгмийн

Голландад дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан эртний морин хуурыг эх орондоо авч ирлээ

Соёл судлаач, “Бөртэ”, “Алтай” хамтлагийг үүсгэн байгуулагч Д.Ганпүрэв жилийн өмнө “Монголын бас нэгэн үнэт өв, 18 дугаар зууны сүүл үед хамаарах морин хуур Голландын эртний хөгжмийн дэлгүүрт яг одоо зарагдах гэж байгаа талаар эрхэм шавиасаа сонслоо. Тус морин хуур нь хүзүүндээ сэмэрч өгөршсөн самбаа шар хадагтай. Морин толгойн чих, сагнай хэсэг нь нэлээн элэгдсэнийг харахад аргагүй л эртний морин хуур бололтой. Хүзүү нь магадгүй хугарсан байж болох. Түүнийг бэхжүүлж хамгаалахын тулд баглаж ороосон ч юм шиг. Дэлхийд "Монгол" уран сайхны киногоороо алдаршсан Сергей Бодровын эхнэр дотны найздаа бэлэглэснээр Европын хил давж ийнхүү зарагдах гэж байгаа юм байна. Хэрэв би хөрөнгөтэйсэн бол энэ хуурыг ямар ч хамаагүй үнээр нь худалдаж авмаар байна.” хэмээн бичиж байв.

Тэгвэл  Д.Ганпүрэв өөрөө тухайн морин хуурыг эх нутагтаа эргүүлж авч иржээ. Тодруулбал, анх хуурыг зарагдах гэж байгаа талаар хэл хүргэж байсан түүний гадаад шавь аавдаа хэлж худалдан авч хадгалан, улмаар багшдаа бэлэглэжээ.  Харин Д.Ганпүрэв ХБНГУ руу ажлаар явахдаа тухайн гэр бүлд зочилж, морин хуурыг эх орондоо авч ирээд байна.

Морин хуурыг цаашид хэрхэх талаар соёл судлаач Д.Ганпүрэвээс тодруулахад “Зорьж очиж авч ирлээ. Одоо судалгаа хийнэ. Эхний байдлаар энэ морин хуурыг 19 дүгээр зууны эхэн үе,  үүнээс ч өмнөх үеийн хөгжмийн зэмсэг гэж үзэж болохоор байна.  Аливаа хэрэглэгдэхүүнийг судална гэдэг нь тухайн цаг үеийн түүх, соёл, аж байдал гээд бүхнийг судлаж байж үр дүнд хүрдэг. Жишээ нь, энэ морин хуур дээр л гэхэд хялгасын насжилт, хөг эгшиг тодруулах зэрэг их нарийн судалгаанууд хийгдэнэ. Судалгаа хэдэн сар, хэдэн жил үргэлжлэхийг таашгүй. Тийм учраас ямартай ч ойрын гурван жилдээ энэ морин миний гар дээр байна. Судалгаа дууссаны дараа хэрхэн нь тодорхой болно байх” гэлээ.

Соёл судлаач Д.Ганпүрэв уг морин хуурыг ийн шинжиж, мэдээлсэн байна.

"Цуурайн хайрцагны хэмжээ жижиг, ширэлсэн зузаан арьсан нүүртэй, царны арын нүүрийг нь сольсон байх магадлалтай. Хүзүү урттай, толгойны хийц уран, чавхдас чангалагч чих нь өвөрмөц, хялгасыг толгойн гадна ороож чангалдаг. Хар хялгас нь бүдүүн ширхэгтэй, хүзүүний уртаас хамаараад дээд доод үзүүрт сур холбож уртасгасан. Анхдагч эзнийхээ нандин шар хадгийг хоёр зуун дамнан тээсэн. Хамгаалалтын улаан эрчист утас нь өнгөө алдаж өгөршсөн. Өнгө нь бууралдаж цайрсан, чанар нь суларч самбайрсан, Голландад зарагдаж байсан хөгжмийн дэлгүүр шатахад олон зэмсгийн дотроос орь ганцаар үлдэхдээ толгой тэргүүн нь дөлд түлэгдэж, самбай хадаг нь доороосоо шатсан байдалтай, хос чавхдасын нарийн чавхдас нь тасарч алга болсон, бусдаар бүрэн бүтэн сүрлэг сайхан."

ФОТО:

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

????????

Зочин
Зочин

Эх нутагтаа морил морин хуур минь.

Зочин
Зочин

Сэтгэл огшив.

Зочин
Зочин

Сайхан санагдлаа монгол орны түүх уламжлал эх орондоо л оршиг

Зочин
Зочин

Эд мэдэхгүй хүн эдийн нэр гутаана гэдэг юм эх нутагтаа оршиг

Зочин
Зочин

Eh orondoo tawtai moril

Зочин
Зочин

saihan saihan saihan

Зочин
Зочин

Морин эрдэнэ нутгаа зорин гүйдэг
Морин хуур нь эзнээ хайн үүрсдэг

Холбоотой мэдээ

Back to top button