УЛС ТӨРУлс төрийн мэдээЭдийн засгийн уул уурхай

“Оюу толгой”-н Гүйцэтгэх захирал TRQ-ийг "Рио Тинто" худалдан авснаар уурхайн ажилд эрсдэл үүсэхгүй

“Оюу толгой” компанийн гүний уурхайн хөндлөн малталт өнөөдрийн байдлаар 88 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. Огтлох малталт болон хүдэр буулгуурын ажлууд хуваарийн дагуу буюу Панель 0–ийн анхны тогтвортой үйлдвэрлэлийг ирэх он /2023 он/-ы эхний хагаст эхлүүлэхээр ажиллаж байгаа юм.

Панель 1 болон 2-ын судалгааны ажлыг ирэх оны эхний хагаст дуусгахаар төлөвлөж байгаа ажээ. Хэрэв судалгааны ажил дуусаж, үйлдвэрлэлээ эхлүүлбэл өдөрт 95 мянган тонн хүдрийг олборлох боломжтой болох юм байна. Мөн энэ хүчин чадлаараа ажиллавал “Оюу толгой” компани баяжуулах зэсээ 500 мянган тоннд хүргэх боломжтой хэмээн тооцоолжээ.  

Уурхайн зардлыг энэ оны зургаадугаар сард шинэчилсэн байдаг. Тодруулбал, Хойд хюго ордын нэг төслийн нийт зардлыг 7.06 тэрбум ам.доллар байхаар тооцсон юм. Тус ордын зардлыг 2020 онд тооцсоноос 0.3 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлттэй байна. Тэгвэл энэхүү зардлын тооцоо дахиж өсөх эсэхийг “Оюу толгой” компанийн Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондероос лавлахад “ТУЗ-ийн хурлын дараа зардал нэмэх эсэх нь мэдэгдэнэ. Гүний уурхайн зардалтай холбоотой судалгааны ажлыг хийж, “Оюу толгой” компанийн ТУЗ-д хүлээлгэн өгсөн. Одоогоор шийдвэр гарахыг хүлэээж байна” гэсэн юм.

Мөн “Рио Тинто” групп өөрсдийн эзэмшдэггүй 49 хувийг “Туркойз Хилл Ресурс” компаниас худалдан авах саналыг тавьсан байдаг. Энэхүү хэлцэл нь далд уурхайн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөх эсэхийг “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдр Лингенфэлдерээс тодрууллаа.

Тэрбээр “”Рио Тинто” группийн тавьсан саналыг арваннэгдүгээр сарын 1-нд болох “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэж шийднэ. Хэрэв “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцаа эзэмшигчид “Рио Тинто” группийн саналыг хүлээж авсан нөхцөлд “Оюу толгой” компанийн санхүүжилтийн үүрэг нь “Туркойз Хилл Ресурс” компаниас “Рио Тинто” групп руу шилжих юм. Энэ яриа хэлцэл, шийдвэр ямар нэгэн байдлаар аливаа нэг талд эрсдэл үүсгэхгүй хэмээн харж байна. “Рио Тинто” групп эдгээр хэлцлийн гол оролцогч юм. Тус группийн удирдлагууд энэхүү хэлцэл амжилттай болсон тохиолдолд санхүүжилтийн болон удирдлагын хэлбэр илүү хялбар, шууд харилцаа үүсэх боломжтой хэмээн үзэж байгаа” гэлээ.

Хэрэв энэхүү хэлцэл хийгдвэл "Рио Тинто" групп "Туркойз Хилл Ресурс" компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцааг 43 канад доллароор буюу нийт 3.3 тэрбум ам.доллароор худалдан авах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button