Хүн төрөлхтөн хүний биед шилжүүлэн суулгах 3D хэвлэх эрхтний хөгжилтэй хэр ойртов

Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор дэлхийн өнцөг булан бүрээс эрэмтэд, судлаачид био эрхтнийг хэвлэх чиглэлээр шаргуу ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар АНУ-д 106 мянга гаруй хүн эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг хүлээж байгаа бөгөөд есөн минут тутамд шинэ хүн энэ жагсаалтад нэмэгддэг байна.
Эдгээр хүмүүсийн олонход нь бөөр, зүрх, элэг гэх мэт амин чухал эрхтнүүд шаардлагатай ажээ. Гэсэн хэдий ч нөөцийн хязгаарлагдмал байдлаас болж хүлээлгийн жагааалтад байгаа 8000 орчим иргэн жил бүр нас бардаг байна. Тиймээс дэлхий дахинаа чих, арьс, цусны судсанд зориулсан 3D хэвлэсэн эдийг эмнэл зүйн туршилтаар хийж байгаа юм. Мөн бусад эрхтнийг гарган авах судалгааг ч хийж байгаа ажээ.
Биотехнологийн компани болох “Regemat” хүний биед шилжүүлэн суулгах зориулалттай биоинженер эрхтнийг хөгжүүлэх зорилтыг тавьж ажилладаг билээ. Энэхүү компани нь дэлхийн 30 орчим улс оронд үйл ажиллагаа явуулж буй 3D биопринтер үйлдвэрлэдэг шилдэг 15 компанийн нэг юм.
Тус компанийн бүтээгдэхүүний мэргэжилтэн Сара Мико “3D биопринтер нь хувь хүний эмчилгээнд ахиц дэвшлийг бий болгоно гэдэгт бид итгэдэг. Манай компани бол эдийн инженерчлэлийн хэрэглээнд зориулан захиалгат 3D биопринтер, биореакторуудыг зохион бүтээх, хөгжүүлэх чиглэлээр мэргэшсэн дэлхийн цор ганц компани юм” гэв.
3D биопринтийн давуу тал нь шинэ эмийн хөгжлийг хурдасгах, зах зээлд гарах хугацааг нь богиносгох, судалгаанд ашигладаг амьтдын тоог бууруулах, хүний биеийн эрхтнийг сэргээх нөлөөтэй юм байна. Энэхүү бодит байдал ойрын 10 жилд бий болно гэж зарим мэргэжилтнүүд таамаглаж байгаа ажээ.
Сонирхуулахад, 1999 онд Уэйк Форестийн нөхөн сэргээх анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтдийн биопринтийг ашиглан хийсэн анагаах ухааны анхны хиймэл эрхтэн давсаг байжээ.
Эх сурвалж: TRTWORLD
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.