Хөрөнгийн биржид 470 сая төгрөгийн арилжаа хийгдлээ

Монголын хөрөнгийн бирж дээр өнөөдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 407 сая төгрөгийн үнийн дүн бүхий 373 мянган ширхэг хувьцаа арилжаалжээ.
Үүнээс 21 компанийн хувьцааны ханш өсөж, 18 компанийн хувьцааны ханш буурсан байна. Харин таван компанийн хувьцааны ханш тогтвортой байгаа юм. Хувьцааны ханшийн өсөлтөөрөө "Монгол Дизель" компани тэргүүллээ. Тус компанийн хувьцаа 15 хувиар өссөн байна. Мөн "Монноос" компани 14.99, "Ган хийц" компанийн хувьцааны ханш 14.97 хувиар тус тус өслөө.
Харин "Би ди сек" компанийн ханш 10.57 хувь унаснаар өнөөдрийн хамгийн өндөр ханшийн уналттай хувьцаа болсон юм. Түүний араас "Мерекс" 7.14, "Тэнгэрлэг медиа групп" 6.43 хувиар хувьцааны ханш нь тус тус унажээ.
Мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 400 ширхэг үнэт цаас 37.9 сая төгрөгөөр арилжааллаа. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 250.5 сая төгрөгөөр арилжаалсан байна. Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 14.2 ширхэг нэгж эрхийг 11.44 сая төгрөгөөр арилжаалсан ажээ.
ТОР-20 индекс 0.34 хувиар буурч, 35 мянган нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5.4 их наяд төгрөг боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.