Өндөр Гэгээн Занабазрын язгуурын таван бурхны үзэсгэлэн нээгдлээ

"Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд өнгөрсөн онд Өндөр Гэгээн Занабазарын хосгүй үнэт өв болох цутгуур баримлын цуглуулгаас “Хорин нэгэн дара эх”, “Ногоон дара эх”, “Цагаан дара эх” шүтээн бүтээлүүдийг нэгэн чуулган болгож анх удаа дэлгэн толилуулж байсан билээ.
Тэгвэл энэ жил мутрын бүтээл болох Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт өв “Язгуурын таван бурхан”-ыг 1965 оноос хойш анх удаа нэг газар оршоосон “ЯЗГУУРЫН ТАВАН ШҮТЭЭН” үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Азийн Микеланжело хэмээн судлаачдад үнэлэгддэг Өндөр Гэгээн Занабазар очирт хөлгөний ёсны язгуурын таван бурхан болох Үл хөдлөгч, Эрдэнэ үүсгэгч, Цаглашгүй гэрэлт, Үйл бүтээгч, Машид гийгүүлэн зохиогч тэргүүтнийг гэгээн, ариун, сэтгэл татам, хүмүүний ертөнцийг нигүүлсэнгүйгээр ширтэж буй дүр дүрслэлтэй бүтээсэн нь бурхан урлалын түвшнийг урьд өмнө байгаагүй өндөрт хүргэсэн тухай судлаачид тэмдэглэсэн байдаг.

Язгуурын таван бурхан нь сэтгэлийн таван гэм болох уур хилэн, мунхаг харанхуй, шунал, харам сэтгэл, атаа жөтөөг эсрэг хүч болгон урвуулж мятаршгүй их тэсвэр тэвчээр, мэргэн ухаан, энэрэл нигүүлсэл болгон урвуулах бэлгэдэлтэй, таван махбодыг төлөөлдөг байна.

Монголын их соён гэгээрүүлэгч, төр болоод шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Анхдугаар Богд Жавзандамба Лувсандамбийжанцан сайн цогтын урласан шүтээн урлалын оргил болсон бүтээлүүдийг нэг дор цогцлоожээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хаана? мэдээ бичиж байгаа бол хаана гэдгийг нь биччихэж бай л даа, Анужаан?
Занабазарын музей
Taalagdlaa hereg bolloo amjilt