"Катар 2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий сонирхолтой 10 баримт

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ийг анх удаа өвлийн улиралд зохион байгуулж байгаа билээ. Катар улсад зохион байгуулж буй энэ удаагийн тэмцээн хамгийн их асуудал, шүүмжлэл, хүлээлтийг олон нийтийн дунд үүсгэсээр. Алтан дагина болон 42 сая ам.долларын эзэд ямар улсын шигшээ баг болох нь олны дунд сонирхолтой таамаглалуудыг үүсгэж байна.
Тэгвэл хөлбөмбөгийн ДАШТ-ийн түүхэн дэх "хамгийн, хамгийн" тодотголтой энэ удаагийн тэмцээний эргэн тойронд өрнөж буй сонирхолтой мэдээллүүдээс хуваалцъя.
1.Шагналын сан
Энэ жилийн хөлбөмбөгийн ДАШТ-ий шагналын сан 440 сая ам.доллар билээ. Энэ нь өмнөх тэмцээнүүдээс 10 хувь өндөр үнэлгээ юм.
2. Өндөр зардал
Катар улс тэмцээнийг зохион байгуулахад ойролцоогоор 220 тэрбум ам.долларыг зарцуулжээ. Энэ нь Оросод болсон ДАШТ-ий төсвөөс 15 дахин их дүн юм. Үүнээс 6.5-10 тэрбум ам.доллароор ДАШТ-ийг зохион байгуулах долоон цэнгэлдэх хүрээлэнг барихад зарцуулсан билээ.
3. Хамгийн их үзэлт
Энэ удаагийн ДАШТ-ийг дэлхий дахинаа таван тэрбум хүн үзэх төлөвтэй хэмээн ФИФА-гаас тооцоолсон юм. Мөн 1.7 сая хүн зочлох таамаглалтай байгаа ажээ. Ингээд тооцоолоод үзвэл дэлхийн хүн амын 62.5 хувь нь нэг сарын турш хөлбөмбөг үзэх нээ.
4. Хамгийн үнэтэй тасалбар
Хөлбөмбөгийн тэмцээний эрэлт нэмэгдсэний улмаас ДАШТ-ий тасалбарын үнэ хэдийн 40 хувиас илүү өндөр үнээр зарагдаж байгаа билээ. Одоогийн байдлаар дунджаар 812 ам.доллартой байна.
5. Олон "тэг"-тэй тоонууд
Катар улсын зүгээс Дэвид Бекхемийг өөрсдийн төлөөлөгчөөр сонгосон билээ. Эрх авснаас хойш 10 жилийн хугацаанд 277 сая ам.долларыг түүнд төлсөн байна. Харин Мбаппед 110 сая ам.доллар өгчээ.
Мөн билетийн орлого 500 сая ам.доллар /500 ба түүнээс дээш/ бөгөөд ФИФА-д 880 сая авлига өгсөн гэх мэдээлэл ч бий.
6.Нээлтийн уран бүтээлчид татгалзав
"Катар 2022" хөлбөмбөгийн ДАШТ-д "Black Eyed Peas", Английн домогт дуучин Робби Уильямс нар ая дуугаа өргөх билээ. Харин Өмнөд Солонгосын "BTS" хамтлагийн дуучин Жон Жонгүг нээлтийг хийсэн юм. Тэгвэл хөлбөмбөгийн ДАШТ-ий домогт дуучин Шакира нээлтийн ажиллагаанд оролцоно хэмээж байсан ч нээлтийн өдрөөс дөрвөн хоногийн өмнө нэрээ татсан билээ. /Гэр бүлийн асуудлын улмаас/ Харин Английн нэрт дуучин Дуа Липагийн хувьд Катар улсыг хүний эрхийн асуудлыг ноцтойгоор зөрчсөн хэмээн үзэж нэлэтийн ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.
7.Гурван эмэгтэй шүүгч
Энэ жилийн онцлох зүйлсийн нэг бол шүүгчдийн бүрэлдэхүүн билээ. Нийт 36 шүүгч ажиллаж байгаагаас гурав нь эмэгтэй шүүгч юм. Тодруулбал, Японы Ямашита Ёшима, Руандагийн Салима, Францын Стефани Фраппарт нар юм.
8. Робот камерууд
Тоглолтын үеэр робот камерууд ашиглахыг мэдсэн үү. Өмнө нь гоол оруулсны дараа отон тоглолт эсэхийг дунджаар 70 секундэд тодорхойлдог байсан юм. Тэгвэл энэ жилийн хөлбөмбөгийн ДАШТ-д шинэ технологийн дагуу 25 секундэд тодорхойлдог болох ажээ.
9.К.Роналду болон Л.Месси нарын сүүлийн ДАШТ байх магадлал
Хөлбөмбөгийн хорхойтнуудын хувьд ноён оргил болсон К.Роналду, Л.Месси нарын сүүлийн ДАШТ тэмцээн байх магадлалтай хэмээн тооцоолж буй. Учир нь 37 настай Роналду болон 35 настай Месси нарын амжилт, нас, туршлага гэх мэт олон зүйлсийг харгалзан үзэж домгуудыг нэг талбайд өрсөлдөж буйг харах сүүлийн боломж хэмээн тооцоолж байгаа ажээ. Мөн 34 настай Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Карим Бензема энэ жил ДАШТ-ийг өнжиж байгаа юм.
10. Тэмцээний бөмбөг
Хөлбөмбөгийн ДАШТ-ий хамгийн чухал зүйлсийн нэг бол тэмцээний бөмбөг байдаг билээ. "Катар 2022" тэмцээний бөмбөгийг "Rihla" хэмээн нэрлэсэн юм. Энэ нь арабаар аяллын тухай ном, өгүүллэг гэсэн утгатай ажээ.
Бөмбөгийг сайн чанарын хиймэл арьс буюу полиуретанаар хийжээ. Бөмбөг нь элсэн манхныг бэлгэдсэн хэлбэр бүхий хэсгүүдээс бүрдэх ба хэсэг бүрийг Катарын далбааны өнгө, араб үндэстний хувцасны өнгө болох цагаанаар будсан байна. Мөн "Катар 2022" бичээсийг арабаар бичжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.