Б.Нандин-Эрдэнэ: Орлон тоглогчоор Нэтфликсийн тав дахь уран бүтээлд ажиллаж байна

Эхнэр хоёр хүүхдийн хамт Солонгос улсад амьдарч буй манай өнөөдрийн зочин бол Б.Нандин-Эрдэнэ. Тэрбээр кинонд орлон тоглогч хийгээд багагүй хугацааг өнгөрөөсөн нэгэн. Холливүүд, солонгосын болон монгол кинонд орлон тоглогчоор ажилладаг түүнтэй дараагийн киноны зураг авалт руугаа явахаас нь өмнө ярилцсан юм.
-Орлон тоглогчоор ажилласан анхны гаднын бүтээл Нэтфликсийнх байсан-
-Та орлон тоглогчоор олон жил ажилласан хүн. Энэ зам руу хэрхэн орж байсан талаараа хуваалцахгүй юу?
-Би Дорнод аймагт арван жилээ төгссөн. Багаасаа таеквондогоор хичээллэдэг байлаа. Арван жилээ төгсөөд их сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт өгч, ШУТИС-д барилгын архитектур мэргэжлээр сурч байв. Улаанбаатар хотод оюутан болж ирэхдээ орлон тоглогч мэргэжлийг сонирхож, хоёр найзтайгаа хамт бэлтгэл, сургуулилт хийж эхэлсэн юм.
Манай улсад орлон тоглогчийг бэлтгэдэг сургууль байхгүй. Тиймээс өөрсдөө судалж, бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн хэрэг. Манай үеийнхэн чинь багаасаа Хонг Конгийн тулаантай кинонуудыг үзэж өссөн хүмүүс. Тэдэн шиг болохын тулд нэлээдгүй бэлтгэл хийдэг байлаа.
Монголд байхад реклам, клипэнд тоглох саналууд ирж эхэлсэн. 2009 онд гэсэн үг. Ерөнхийдөө реклам, клипний зураг авалтын санал ирдэг болсноор энэ замнал маань эхэлсэн дээ.

-Монголоосоо гараагаа эхэлж байсан юм байна. Гаднын кино бүтээлд хэзээнээс ажиллаж эхлэв?
-Би 2012 онд Солонгост ирсэн. Солонгост ирэхдээ кино салбарт биш, "Jump" театрт ажиллахаар болсон юм. Монголд хэд хэдэн удаа кинонд орлон тоглогчоор ажиллаж байсны хувьд гаднын кинонд орохыг хүссэн. "Jump" театрынхаа хажуугаар киноны салбарын хүмүүстэй танилцаж байлаа.
2019 онд Нэтфликсийн "Revenger" гэх кинонд гол дүрийн орлон тоглогчоор ажиласан маань миний анхны гаднын бүтээлд ажилласан тохиолдол байсан юм.
-Киноны орлон тоглогчоор ажиллахад бусад жүжигчид шиг дүрийн сонгон шалгаруулалтад ордог уу?
-Орлон тоглогчдын хувьд шалгаруулалтад төдийлөн оролцохгүй. "Revenger" киноны хувьд Фейсбүүк найз, солонгосын орлон тоглогч ахаас санал ирсэн тул кино төсөлд хамтарч ажилласан. Солонгос орлон тоглогчидтой хамт бэлтгэл хийсний дагуу тодорхой хэмжээнд үнэлүүлж чадсан нь уг кинонд тоглох шат болсон юм.
Мөн солонгосын тулааны найруулагчтай танилцсаны дараа 4-5 кинонд хамт ажилласан.


-Та манай улсад орлон тоглогчийг бэлтгэх сургууль байхгүй гэсэн. Солонгос бол хөгжингүй орон. Тэдний орлон тоглогчийг бэлтгэх сургуульд суралцсан уу?
-Солонгосын "Seoul Action School"-д орох нь миний зорилгуудын нэг байсан. Энэ сургуульд орвол есөн сарын турш бэлтгэл хийж, кино салбарт ордог гэж сонсож байсан юм. Хэрэв энэ сургуульд орвол театраасаа гарч, жилийн хугацаанд ямар ч цалингүй ажиллах нөхцөл үүссэн.
Тиймээс орлон тоглогчоор ажиллах хүсэлтэйгээ байгаагаа илэрхийлэхэд, шалгалт өгөхийг тус сургуулиас санал болгосон юм. Намайг шууд орлон тоглогчоор тэнцүүлсэн. Нэг сарын турш бэлтгэл хийгээд кинонд ажиллаж эхэлсэн юм. Театраасаа гарсан тул одоогоор чөлөөт орлон тоглогчоор ажиллаж байгаа.

-Чөлөөт орлон тоглогч гэдгээ дэлгэрүүлбэл?
-Тулааны найруулагчид томоохон кино төсөлд ажиллах хүмүүсээ холбогдож дууддаг. Төслийн багаа бүрдүүлэх үедээ над руу холбогдсоноор би шууд л хамтарч ажиллана гэсэн үг.
-Тэгэхээр гэнэтийн дуудлагууд ч ирэх боломжтой байх нээ. Тэр бүрд шууд л кино төслийн багийг зорьдог хэрэг үү?
-Тийм ээ. Дуудлага ирэнгүүт л хэдэн ч хоногоор хамаагүй зураг авалтад орох бэлтгэлтэй гардаг.
-Үлгэр дууриалал авдаг Жет Литэй хамт өдөржин зураг авалтад орсон нь мартагдахааргүй мөч байсан-
-Та өнөөдрийг хүртэл гадаад болон монгол хэчнээн кинонд орлон тоглогчоор ажилласан бэ?
-Орлон тоглогч хүн ихэвчлэн царайгаа нууж, зураг авалтад ордог. Зарим тохиолдолд гол дүрийн жүжигчинтэй тулалдах, машинтай хөөх, эсрэг талын дүрээр орох нь элбэг.
Би солонгост ирээд 20 гаруй бүтээлд орлон тоглогч болон гол дүрийн орлон тоглогчоор ажилласан. Нэтфликсийн тав дахь уран бүтээлд орлон тоглогчоор ажиллаж байна. Хоёр сарын өмнө нээлтээ хийсэн "Hunt" гэх кино төсөлд ажилласан. Нэтфликст хоёр хоногийн өмнө орсон.
Монголд олон кинонд орлон тоглогчоор ажилласан. Одоогоор санаж байгаа нь "Татар ажиллагаа", "Цагдаагийн тангараг", "Анхаар дотор чимээгүй" болон "Ану хатан" юм. Олон жилийн өмнөх явдал болохоор зарим киноных нь нэр санаанд орж ирэхгүй байна.
-Хүн бүрд ажил мэргэжилтэй нь холбоотой дурсамжтай мөч бий. Таны хамгийн мартагдахааргүй зураг авалтын үе хэззээ байсан бэ?
-"Мулан" төсөлд Монгол стант багаараа хамтарч ажилласан. Шинэ Зеланд улсад хоёр сарын зураг авалттай байсан юм. Багаасаа үзэж өссөн, үлгэр дууриалал авдаг байсан Жет Ли тэргүүтэй Хонг Конгийн жүжигчидтэй мөр зэрэгцэн ажиллах нь хамгийн гоё, дурсамжтай мөч байсан.
Жет лиг дагалддаг жанждын нэг болж, бүтэн өдрийн турш түүнтэй хамт зураг авалтад орсон учраас үнэхээр гоё байсан юм.
Мөн "Hunt" кино зураг авалтын үеэр дайсны тагнуул машинтай зугатахад хажуугаас нь буудаж, машинаас нь зүүгдэж унадаг хэсэг бий. Тэр хэсэгт ороход кино багийн 300 гаран хүн ажиллаж, бүхий л анхаарал нь зураг авалтын талбайд төвлөрсөн, намайг гүйж эхлээд машинд зүүгдэхэд гурван камер дагаж байсан нь ч мартагдахааргүй мөч байлаа.
Учир нь тэр үед л адал явдалт киноны жүжигчин гэх мэдрэмжийг авсан.

-Араас минь үргэлж дэмждэг эхнэртээ баярлалаа-
-Та багадаа хөдөлгөөнтэй хүүхэд байв уу. Энэхүү мэргэжил тань багын мөрөөдөл байсан уу?
-Үгүй ээ. Би даруухан хүүхэд байсан. Хичээлээс илүү бэлтгэл их хийдэг байсан. Дөрөвдүгээр ангиасаа хойш таеквондогоор хичээллэсэн юм. Үргэлж бэлтгэл хийдэг байсан. Хонг Конгийн тулаант киног үзээд тэдэн шиг хүн болно гэх бодол маань бэлтгэл их хийхэд хүч болдог байлаа.

-Хэрэв та орлон тоглогчоор ажиллаагүй бол барилгын архитектор болох байжээ. Өмнө нь энэ мэргэжлийн талаар цухас дэрдсан?
-Тийм ээ. Багаасаа зураг зурдаг байсан болохоор мэргэжлээ сонгох үе ирэхэд гэрийнхэнтэй зөвлөлдөөд, Элсэлтийн ерөнхий шалгалтдаа зургийн хичээлээрээ аймагтаа нэгээр жагсаж, ШУТИС-т элсэж байсан юм. Гэхдээ гэрийнхэн маань "Энэ мэргэжлээр ажилла" гэх ямарваа нэгэн шахалт огтоос үзүүлж байгаагүй. Шийдвэр бүрийг маань дэмждэг байсан.
-Монголд хүүхдээ урлагийн хүн болохыг нь дэмждэггүй асран хамгаалагчид олон бий. Таныг гэр бүлийнхэн тань хэрхэн дэмжиж байв?
-Багадаа бие султай хүүхэд байсан болохоор биеийг минь хөгжүүлэхийн тулд манай ээж таеквондогоор хичээллүүлж эхэлсэн юм. Адал явдалт киноны жүжигчин болох хүсэл мөрөөдлөө гэр бүлдээ хэлж байгаагүй. Орлон тоглогч гэх мэргэжилтэй болж чадах эсэхдээ итгэл муутай байсан болохоор гэр бүлдээ хэлэлгүй, барилгын архитектур мэргэжлээр суралцсан. Оюутан болоод кино зураг авалт, рекламд ордог болсноор гэр бүлийнхэн маань урлагийн салбарт ажиллаж буйг дэмжих болсон доо.
-Гаднын улсад гэр бүлтэйгээ амьардаг юм байна. Зураг авалттай үед гэргий тань арын албаа сайн авч явдаг байх?
-Тийм ээ. Эхнэрийг маань О.Тэмүүлэл гэдэг. Арван жилд манай нөгөө ангид сурдаг байсан. Бид наймдугаар ангид үерхэж эхлээд өнөөдрийг хүртэл хамт байна. 20 гаруй жил хамтдаа байгаа. Том хүү маань долоон настай. Солонгос дахь монголчуудын сургуульд сурдаг. Охин маань төрөөд сар гаруй хугацаа л өнгөрч байна.
Зураг авалттай үед хэцүү л дээ. Чөлөөт орлон тоглогч болохоор гэнэт дуудлага ирэхээр шууд гарах, эсвэл маргаша өглөө эрт гарах гэх мэт тохиолдлууд элбэг. Зураг авалтын талбай ихэвчлэн хөдөө, хол газар байдаг. Гэр бүлийн хүн маань арыг минь сайн дааж, хүүхдүүдээ сайн өсгөж буйд талархдаг.

-Монгол гэхээр л морь сайн унадаг гэж боддог. Кино багийнханд морьтой уналт хэрэгтэй үед над руу холбогддог-
-Орлон тоглогч хүнээс ихээхэн чадвар шаарддаг. Ер нь ямар төрлийн чадвар их шаардаж байна.
-Европ болон Холливүүдэд орлон тоглогч нь нэг л салбартаа ажилладаг. Тухайлбал, орлон тоглогч нь үндсэн таван төрөл буюу машин, олстой татлага, техник, газрын тулаан, өндөр гэх мэт. Нэг орлон тоглогч нэг л төрөлдөө сайн байдаг. Машин сайн жолоодох, өндрөөс унах, эсвэл морь унахдаа сайн гэх мэт.
Азид эсрэгээрээ. Орлон тоглогч бүгдийг хийж чаддаг байх ёстой гэх хандлага бий. Тиймээс Азид нэг орлон тоглогч бүгдийг суралцдаг. Ази хүний онцлог ч байхыг үгүйсгэхгүй.
Кинонд орлон тоглогчийн гол чадвар нь техник тэргүүтэй бүхий л чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй. Түүнээс гадна гол жүжигчнийг орлон тоглохоор болвол яг түүн шигээр өөрийгөө бэлддэг. Алхах, гүйх, болон бусад хөдөлгөөн бүрийг нь 100 хувь адил хийх нь хамгийн гол чадвар байдаг юм.
-Чадвар их шаардахын хэрээр бэртэж гэмтэх нь нэмэгддэг байх. Та хэр их бэртэж, гэмтэж байв?
-Орлон тоглогч киноны эрсдэлтэй, жүжигчдийн хийж чадахгүй зүйлсийг ихэвчлэн хийдэг. Тиймээс орлон тоглогчид бэртэх нь элбэг. Миний хувьд хамгийн тод санаж байгаа нь "Татар ажиллагаа" киноны үед мөрөө мулталж байсан үе. Тэр л хамгийн хүнд бэртэл байсан болов уу. Азаар одоогоор хүнд бэртэл бага авсан. /инээв/
-Зураг авалтын талбайгаас авдаг ямар мэдрэмж авдаг вэ?
-Өөрийн хүсдэг хамгийн дуртай зүйлээ хийж байгаа учраас дэндүү аз жаргалтай байдаг.
-Таны цаашдын мөрөөдөл юу вэ. Орлон тоглогчоор ажиллахаар бус гол дүрд тоглох бодол төрдөг үү?
-Гол дүр гэхээс илүүтэй гаднын томоохон төсөлд ерөнхий тулааны найруулагчаар ажиллах хүсэл, зорилготой.
-Монголын гэлтгүй Холливүүд, Солонгосын олон бүтээл ажилласны хувьд ямар ялгааг хамгийн ихээр олж харав. Магадгүй манай улсын кино төслийнхөн ингэж ажиллавал илүү сайн бүтээл гаргах боломжтой юм байна гэж бодож байв уу?
-Тэгэлгүй яахав. Монгол болоод гаднын кино урлагийн бүтээлд ажиллахад хамгийн гол ялгаа нь жижиг зүйлсэд хэр их ач холбогдол өгч буй явдал.
Гаднын кино урлагт жижиг зүйлийг ч жижиг гэхгүйгээр анхаарч ажилладаг. Тухайлбал, барилга дотор зураг авч байлаа гэж бодъё. Цаана нь байрлах ширээ сандал, хана гэх мэт бүгдийг нарийвчилж ажилладаг.
Монголд бол жижиг зүйлсийг төдийлөн анхаардаггүй. Тухайн зураг авалт найруулагч болон зураглаачид таалагдахгүй ч байсан "За яахав, ингээд л өнгөрчихье" гэх өнгөц хандлага монголчуудад байдаг мэт санагддаг.
Сүүлд тоглосон "Hunt" гэх кинонд Бусанд зураг авалтаа хийсэн. Зураг авахын тулд том дөрвөн замыг хааж, долоо хоног бүрийн хагас болон бүтэн сайнд зураг авсан юм. Тэр бүрдээ нарийн жижиг хэсгүүдийг ч төлөвлөж авч байлаа. Кино бүтээлийн хувьд зохиол нэгдүгээрт байдаг. Дараа нь хийц чухал байх. Зураг авалтыг ерөнхий найруулагч болон зураглаач хоёрт хоёуланд нь таалагдсан тохиолдолд дараагийн зураг авалтдаа ордог.
Гэтэл Монголд цаг давчуу байдал болон мөнгө санхүүгээсээ болоод ч тэр үү зураг авалтыг аргацааж авах хандлага гаргадаг.
Одоо ажиллаж буй Нэтфликсийн киноны зураг авалтад сарын өмнө орсон. Морьтой зураг авалт юм л даа. Гурван хоногийн турш 30 гаруй орлон тоглогч, кино багийн 300 гаруй ажилтан өдөр шөнөгүй энэхүү төсөлд ажилласан. Гэтэл эвлүүлгийн явцад тэр зураг авалтад алдаа гарсан, мөн таалагдаагүй хэсгүүд байсан юм билээ. Гэсэн хэдий ч тэр хэсгийн зураг авалтыг дахин хийхээр болж байна. Яг адил зураг авалтаа дахин хийхээр боллоо.
Үүнтэй адилаар үзэгчдэд болон кино багийнханд таатай байхаар кино зураг авалтыг тултал нь хийх хэрэгтэй. Манай монголчуудад энэ нь дутмаг байдаг мэт санагддаг. Монгол киноны зураг авалтууд урд өмнөхөөсөө сайжирч байгаа нь ажиглагддаг.
-Гаднын улсад монгол хүн гэдгээ хэлэхээр хамгийн түрүүнд "Морь сайн унадаг уу" гэж асуудаг байх. Тэр тусмаа монгол хүн морь хоёрыг гаднынхан үргэлж холбож боддог шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Яг тэгж боддог юм билээ. Солонгос дахь анхны кино зураг авалтад морь шаардлагагүй, газрын тулаантай хэсэгтэй байсан юм. Тэр үед бусад улсын орлон тоглогчид надаас "Танайхан морь унахдаа гаргууд байх. Чиний морь унаж байхыг чинь хармаар байна" хэмээн их хэлдэг байсан. Мөн "Танай улсад айл бүр морьтой юу", "Та нар 1-2 наснаасаа морь унаж эхэлдэг үү" гэх мэтээр морьтой холбоотой асуулт их байдаг.
Тийм болоод ч тэр үү, одоо зураг авалттай байгаа Нэфликсийн киноны багаас "Морь унаж чадах уу" гэж асууж байсан. Энэ кино нь морьтой кино учраас тэр л дээ. Солонгосын 40 гаруй морьтон орлон тоглогч оролцож, морьтой уналт хийхээр болсон. Мориноос уналт хийх зураг авалтын явцад камерт хамгийн үзүүштэй гарсан нь минийх байсан гэж орлон тоглогчид сайшаасан. Улмаар морьтой уналтын хэсгийн зураг авалтын орлон тоглогч хэрэгтэй болсон төслийн багийнхан над руу их залгадаг болсон доо. /инээв/
Бидний ярилцлага "Гурван хоногийн зураг авалтаар явахаар боллоо. Энэ удаад Нэтфликсийн киноны зураг авалттай. Үдээс хойш явна" гэх түүний яриагаар өндөрлөсөн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг юм.
Тийм ээ, энэ жужигчин унэхээр мундаг байна шуу.