УРЛАГЭнтертайнмент

“Гэгээн суварга” үзэсгэлэн дэлгэлээ

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс энэ сарын 10-24-нд “Гэгээн суварга” үзэсгэлэнг музейн үзмэр, цуглуулгаас толилуулж байна. Тус үзэсгэлэнд Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалж байгаа урьд өмнө нь дэлгэж байгаагүй 50 цутгуур, шавар ингэмэл дөрвөн бүтээл, модон гурван сийлбэр, 15 танка зураг, барын дөрвөн дардас, хатгамал тэргүүтэй 79 бүтээлийг дэлгэжээ. Мөн үзэгчдэд суваргын талаарх ойлголт, мэдээлэл өгөх зорилгоор бурханч лам Г.Пүрэвбатын гаргасан “Их Монголын суварга” номноос түүвэрлэн бэлдсэн тайлбарт 35 самбараас гадна Монгол оронд суварга дэлгэрсэн түүхийг товч танилцуулж байна.

Ташрамд сонирхуулахад, суварга хэмээх үг нь самгарди хэлэнд “ступа”, төвөд хэлэнд “чоддин”, монгол хэлээр “сайны дээд орон” гэх утгатай бөгөөд Энэтхэгээс үүсэл гаралтай, буддын шашны гүн утга агуулга бүхий хүндэтгэлийн дурсгал юм. Суваргыг шашны үйлсэд үлэмж гавьяа байгуулсан мэргэдийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор бүтээх болсон бөгөөд хамгийн хүндтэй нь Бурхан багшийн Өлзийт найман суварга юм.

Олон оронд суварга бүтээн босгодог бөгөөд хэлбэрийн хувьд өөр өөрийн онцлог шинжүүдийг агуулсан байдаг. Харин Монголд дэлгэрсэн суварга нь дөрвөн хэсэг бүтэц зохион байгуулалттай. Үүнийг дурдвал, суваргын суурь хэсэг болох “арслант ширээ” буюу сэнтий. Эл сэнтийг Монголчуудын эртнээс тахиж хүндэлж ирсэн морин эрдэнэ, заан эрдэнэ, хүч чадлыг бэлгэдсэн хос арслангаар чимэглэсэн байдаг. Түүний дээрх лянхуа цэцгийн нэгэн үе бүхий дөрвөн шат байхыг “арван буян” гэдэг. Үүний дараа хумхын буюу “уг шалтгааны суварга”. Хамгийн дээр Чойнхор жүсүм хэмээх 13 үет босоо хэсэг буюу “үрийн суварга”-ыг урладаг аж. Суваргыг сүм хийдийн өмнө шавар, тоосгоор бүтээхээс гадна шүтээн болгон жижиг хэмжээтэйгээр цутгаж, сийлбэрлэн, зурж урлан бүтээдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button