2595 иргэнийг 45 тэрбумаар хохироосон "Бэлтэс мөрөн"-гийн хэрэг шүүхэд шилжлээ

Койны болон бэлэн мөнгөөр элсүүлдэг Понзи аппликейшний хохирогчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Жилийн өмнө яг өдийд Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг "Бэлтэс мөрөн" ХХК-ийн бэлэн мөнгө авч 30-100 хувиар өсгөж өгдөг сүлжээ олны анхааралд өртөж байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хууль хяналтын байгуууллагууд сэрэмжлэх сануулгыг өгсөн ч иргэд ийш хошуурсаар байсан билээ.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2595 иргэнийг хохироосон “Бэлтэс мөрөн” ХХК-тай холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, “Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г, гүйцэтгэх захирал Н нарын нэр бүхий 9 иргэн бүлэглэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт тэтгэвэрийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур гэх иргэдэд туслах нэрийдлээр “хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ” байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2595 иргэнээс 45.484.419.600 төгрөгийг залилсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Дээрх хэрэгт Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, орон нутгийн цагдаагийн газрын хамтарсан 3 ажлын хэсгийн 50 гаруй мөрдөгч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хяналт тавьж ажилласан бөгөөд нийт 618 хавтаст хэргийн материалыг шүүхэд шилжүүлээд байна.
"Бэлтэс мөрөн" компанид бэлэн мөнгөө өсгүүлэх гэж өгсөн иргэдийн амьдралын маш олон асуудал үүссэн байдаг. Гэр бүлийн хүндээ хэлэлгүй хадгаламж болон цалингийн зээл авсан, хашаа байшингаа барьцаалж мөнгөө өсгүүлэхээр хийсэн, хүүхдийнхээ хурим хийхээр төлөвлөсөн 100 сая төгрөгийг хүртэл ийшээ хийсэн. Эцэст нь тус компанийхан нэг л өдөр саатуулагдаж, иргэд хана мөргөсөн түүхтэй. Гэр орноо барьцаанд алдаж айлын хашаанд майхан барьж амьдарч буй гэр бүл, салсан эхнэр, нөхөр, цус харваж эрүүл мэндээрээ хохирсон кэйсүүдийг харсан, сонссон хэн ч гэсэн энэ мэт сүлжээнд итгэхгүй байх хангалттай шалтгаан байв.
Гэвч иргэд өнөөг хүртэл пирамид тогтолцооны луйврын систем, цахим мөнгөд итгэлээ алдахгүй амь амьдралаараа дэнчин тавьсаар байгаа нь харамсалтай. "Бэлтэс мөрөн"-д хуулийн хяналт эхлэхээс хэдхэн хоногийн өмнө олон портер машинд мөнгө ачаад нийслэл рүү явсан гэх яриа байдаг. Өнөөдөр энэ олон иргэний тэр их хэмжээний мөнгийг хаанаас олж өгөх, хэрхэн хохирлыг барагдуулах гэдэг нь таавар мэт үлдэнэ.
Хуулийнхны цуглуулсан 618 хавтаст хэргийн материалаас лав энэ хохирол барагдахгүй.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иймэрхүү з�##�илангийн болон төсвөөс мөнгө хулгайлсан хэрэгт их ял өгөөд хохирол барагдуулах хэмжээгээр ял нь хөнгөрдөг тогтолцоотой байхгүй бол хохирол төлөхгүй хэдхэн жил суун гарч ирээд хулайлсан мөнгө нь зүсээ хувиргаад өөрийн мэт явах буруу.
тэнэгүүд хохь нь мөнгө бол хөлс урсаж байж л өснө түүнээс зүгээр өсдөг юм биш шүү
Өнөөгийн толгой хоосон түргэн баяжихыг хүсдэг хүмүүсийн үнэн байд�##� энэ шүү дээ хөөрхий дээ үүнээс сургамж аваасай билээ