50-120 мянган ам.долларын өртөгтэй мэс заслуудыг хийж эхэллээ
Шастины нэрэмжит Гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын баг эмэнд дасалтай чамархайн эпилепсийн голомтыг авах, таталтын голомт үүсгэж байгаа тархины дисплазийн өөрчлөлтөт эмгэгийг тайрах, таталтаас болж гэнэт амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зогсох (Леннокс Гастогийн хам шинж) эмгэгийн үеийн Каллозотоми зэрэг 14 тохиолдолд мэс заслын эмчилгээг амжилттай хийгээд байна.
Мэс заслын эмчилгээний дараах 6-8 сарын хяналтын туршид байнгын эмийн тунгийн хэрэглээ багасч, уналтын давтамж бүх тохиолдолд 60-70 орчим хувиар цөөрсөн, зарим тохиолдол эмчилгээний дараа дахин унаагүй зэрэг үр дүнтэй байна.
Манай улсад эпилепси буюу унаж татах эмгэгийн оноштой өвчтөнд өнөөдрийг хүртэл зөвхөн эмийн эмчилгээ хийдэг байсан бол Улсын Гуравдугаар төв эмнэлэгт тархи мэдрэлийн мэс заслын өндөр, нарийн хүчин чадалтай тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр энэ төрлийн эмгэгийн зарим хэлбэрт мэс засал эмчилгээг амжилттай хийж ийнхүү эхлүүллээ.
Энэ төрлийн мэс заслын эмчилгээ нь хүнд хөнгөнөөсөө хамаарч ойролцоогоор 50-120 мянган ам.доллар орчмын өндөр өртөгтэй байдаг.
Тус эмнэлэг цаашид бусад хэлбэрийн эпилепсийг эмчлэх аргуудыг нэвтрүүлж, энэ төрлийн мэс заслын тусламж, үйлчилгээг өргөжүүлэхээр зорьж байгаа аж. Энэ хүрээнд уналтын голомтыг нарийвчлан тогтоох оношилгооны тоног төхөөрөмжийг чадавхижуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.