ЭДИЙН ЗАСАГ

Өрийн тойрогт орсон монголчууд

Улсын их өрийн хажуугаар хувийн өр нэмэгдэж байгаа явдал нь манай улсын эдийн засаг сүйрч байгаагийн илрэл. Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал XVIII-XIX зууны Манжийн үеийн худалдаачдад улс орноороо өртэй байсантай агаар нэгэн байна.

Улаанбаатар хотод бага хүүтэй зээлийн сурталчилгааг алхам тутамдаа бүү хэл секунд тутамд харах боломжтой. Гудамжинд явж, телевиз үзэж, цахим орчноор аялж, бүр утсанд ирэх мессежэд хүртэл зээлтэй холбоотой сурталчилгаа биднийг хүрээлдэг. Энэ мэтээр хүмүүст амар замаар санхүүгийн асуудлаа зохицуулж, мөнгөтэй болох боломжтой мэт ойлгуулснаар зээлийн бодит үнэнг бүдгэрүүлэх нь хачирхалтай. Хүмүүс дараагийн төлбөр, зээлээ хэрхэн хийх вэ гэх дарамтад автсан байдаг.

Тиймээс өрийг өрөөр төлөх нь хэвийн үзэгдэл болсон мэт амьдарч байна. Улмаар төлөгдөөгүй өрүүд цугласаар барьцааны хөрөнгийг эзэмших зах зээлийг томруулж байгаа юм.

Үүнд нэг зүйлийг тодотгон тайлбарлах хэрэгтэй болов уу. Зээл болон өр гэдэг нь хоёр өөр ойлголт. Санхүүгийн байгууллага эсвэл хувь хүнээс өөрийн хэрэгцээ, бизнест зориулан шаардлагатай санхүүжилтийг тодорхой хугацаанд хүү тооцож эргэн төлөх нөхцөлтэй авахыг зээл хэмээн нэрлэдэг. Харин авсан зээлээ хугацаанд нь төлж чадаагүй үед өр болдог гэсэн үг. Үүнийг тайлбарласны шалтгаан нь манай улс өрийн хавханд унасантай холбоотой. Товчхондоо ямарваа нэгэн зээл авсан ч түүнийгээ хугацаанд нь төлөх чадваргүй байгаа юм. Бүр төрөхөөс нас барах хүртлээ, тэр бүү хэл таныг оршихоо больсон ч өр тань оршсоор л байх тийм нийгэмд бид амьдарч байна.

-Монголд хүүхэд төрөхөөсөө л зээлтэй байна-

Монгол Улсад хүүхэд төрсөн цагаасаа зээлтэй болдог. Шоглоом мэт хэдий ч үнэний ортой. Учир нь ямар ч айл өрх хүүхдэдээ 18 нас хүртэлх дор хаяж нэг хадгаламжийг нээж өгсөн байдаг.

Түүнчлэн манай улсад гурван хүн тутмын нэг нь ядуу гэх ангилалд ордог. Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосон явдал нь амьжиргааны түвшин доогуур айл өрхөд нэмэлт орлого болж байсан юм.

Хүүхэдтэй холбоотой дээрх хоёр зүйлийн огтлолцол нь хадгаламжийн дансан дээр тогтож байгаа хэрэг.

Товчхондоо хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж зээл авдаг гэсэн үг. Хадгаламж барьцаалсан зээл нь хадгаламжийн 90 хувиас хэтрэхгүй зээл олгодог байна.

Зөвхөн хүүхдийн хадгаламж хэмээн тодотгоод байгаа боловч улсын хэмжээнд 2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар нийт хадгаламж барьцаалсан зээлийн үлдэгдэл 14.4 тэрбум төгрөгөөр өсжээ.

Энэхүү мөнгөн дүн нь 280 ортой 7-8 цэцэрлэг эсвэл 900-920 хүүхдийн багтаамжтай 3-4 сургууль барих мөнгөтэй тэнцэх юм. Хэрэв зээлээ хугацаанд нь төлөхгүй бол тухайн хадгаламжийн мөнгөний хүүг тооцдоггүй байна.

-Боловсрол эзэмших нэг арга бол зээлийн сан-

Хүүхэд болон насанд хүрэгч хооронд орших үе бол оюутан нас. Оюутнуудын хувьд ч зээлтэй. Тэрхүү зээл нь Боловсролын зээлийн сангийн Оюутны хөгжлийн зээл юм.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийт 43,677 суралцагчдад зээл олгосон байна. Үүнээс бакалаврын түвшний оюутнууд дийлэнх хувийг буюу 84 хувийг эзэлж байгаа юм.

Ямар ч нөхцөл шалтгаантай байлаа гэсэн хувь хүн өөрийн боловсролын төлөө зээлд хамрагдаж байгаа учраас үүнийг үгүйсгэх аргагүй.

Харин тухайн нөхцөл байдалд сургалтын төлбөртөө санаа зоволгүй суралцах боломж бүрдэж байгаа нь сайшаалтай. Гэвч суралцагчид зээлтэй иргэдийн тоонд нэгдэн орсон гэдэг нь үнэн.

Боловсролын зээлийн сангаас 2018 онд 9231 хүнд 13.1 тэрбум төгрөгийн зээл олгож байсан бол 2021 онд 11,063 хүнд 9.2 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Тэгэхээр нэг оюутан дөрвөн жилийн хугацаанд багадаа 121 кредит хичээл үзнэ хэмээн тооцвол 12-13 сая төгрөгийн зээлтэй болно гэсэн үг. Энэхүү зээлээ төгссөнийхөө дараа ажиллаж төлөх ёстой. Тухайн их сургуулиас нь зээлээ төлж дууссаны дараа дипломыг нь суралцагчдад өгдөг байна.

-Бүх төрлийн зээл тэдэнд зориулагддаг-

Их сургууль төгссөний дараах үе буюу ажилчин ангийн эгнээнд нэгдэхэд зээлгүй хүн байсан ч зээл авахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсдэг. Товчхондоо нийгэмд бүхий л төрлийн зээлийг зөвхөн энэ бүлгийн хүмүүст зориулан гаргадаг юм. Бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө гэх мэт хувийн хөрөнгөтэй болох бүхий л боломж нь ямарваа нэгэн зээл дээр тогтдог байна.

Зээлтэй учраас их ажиллаж байгаа хэмээн хэлэх хүмүүстэй нэг биш нэлээд таарсан биз. Магадгүй зээлээ төлөх хэрэгтэй гэх ухамсар ажилчин ангийнхныг хичээнгүйлэн ажиллахад нөлөөлдөг байхыг ч үгүйсгэхгүй.

Зээлийн бүтээгдэхүүн олон төрөлтэй. Тэр дундаа лизинг болон зээлийн карт, цалингийн, орон сууцын, хөрөнгө оруулалтын, эргэлтийн хөрөнгийн, төслийн зээлд хамрагдах нь түгээмэл.

2023 оны нэгдүгээр сарын эцэс гэхэд нийт олгосон зээлийн өрийн үлдэгдэл 19.3 их наяд төгрөг байгаа талаар Үндэсний статистикийн хорооны тайлан, судалгаанаас харах боломжтой. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед зээлийн хэмжээ нэмэгдэх нь баараггүй.

Дээрх өсөлт нь 2022 оны арванхоёрдугаар сараас 251.8 тэрбум буюу 1.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөг буюу найман хувиар өссөн байна. Харин ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны арванхоёрдугаар сарын эцэст 6.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 110.5 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 833.3 тэрбум төгрөгөөр өсжээ. Зөвхөн өсөлтийн талаар дурдаж буй шалтгаан нь ганцхан сарын дотор манай улсад хэдэн арван, зуун тэрбумаар тоологдох хэмжээгээр зээлийн үлдэгдэл өссөөр байгаатай холбоотой юм.

Энэ бүлгийн хүмүүст жижиг, дунд бизнес эрхлэгчид олон. Тэгвэл жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн үлдэгдэл 2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар 5.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнийг 2020 оны мөн үетэй харьцуулбал 57 хувиар өссөн үзүүлэлт юм. Цар тахлын хүнд нөхцөл байдалд жижиг, дунд бизнес эрхлэгчид бизнесээ авч үлдэхийн тулд их хэмжээний зээл авсан гэсэн үг.

Эдийн засаг өсөлтгүй байгаа учраас одоо ч тэд бүсээ чангалсаар байгаа. Зах зээлийн зарчмаар арчигдах эсэхтэйгээ тэмцэн хутганы ир дээр зогсож буй гэхэд хилсдэхгүй. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 566 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Мөн манай улсын ажиллах хүчний 20 гаруй хувийг эзэлж буй малчдад зориулсан зээл ч бий. Тэдний хувьд өөрсдийн мал маллах бус банкны мал малладаг хэмээн хэлэхэд хилсдэхгүй болов уу. Эдгээр бүлгийн хүмүүс өөрсдийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээлд хамрагддаг нийтлэг талтай.

-Тэтгэврийн насныхны талаас их хувь нь зээлтэй-

Мирим Консолтант компанийн судалгааны баг Дулаан шийдэл төлийн хүрээнд судалгаа хийсэн байдаг. Энэхүү судалгааг 2018-2019 оны хооронд хийсэн ба судалгааны тайланд нэгэн сонирхолтой баримт байсан юм. Манай улсад 2019 оны байдлаар гурван өрх тутмын нэг нь зээлтэй байжээ. Нийт зээлтэй өрхүүдийн дундаж зээлийн хэмжээ 5.8 сая төгрөг бол цалингийн зээлтэй өрхүүдийн дундаж цалингийн хэмжээ 6.2 сая төгрөг байсан аж. Мөн тэтгэврийн зээлтэй өрхүүдийн дундаж зээлийн хэмжээ 4.2 сая төгрөгтэй дүйцэхүйц ажээ. Тухайн цаг үед түүврийн судалгаа хийн энэхүү тоон мэдээллийг гаргаж байсан аж. 2020 оны байдлаар манай улсад тэтгэврийн зээлдээ дарлагдаж буй 233 мянган ахмадын өрийг тэглэж байсан.

Харин 2021 оны аравдугаар сарын байдлаар 350,778 хүн өндөр настны тэтгэвэр авдаг хэмээн Үндэсний статистикийн мэдээллийн нэгдсэн санд мэдээлсэн байна. Гэвч нийгэм дэх үнийн өсөлт тэтгэврийн насныхныг зөрж өнгөрөөгүй юм. Тэтгэвэр авагчдаас 120 гаруй мянган иргэн гурав хүртэлх сая төгрөгийн, 150 орчим мянган ахмад дөрвөн сая хүртэлх тэтгэврийн зээлтэй ажээ. Мөн тэтгэврийн насны ахмадуудын 10 орчим хувь нь зургаан саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй гэсэг судалгаа бий. Товчхондоо хоёр жилийн хугацаанд тэтгэврийн зээлийн хэмжээ нэмэгдсэн гэсэн үг. Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр тогтоосон ч үнийн өсөлтөөс улбаалж тэдний тэтгэвэр үнэгүйдээд байна.

Өөр нэгэн асуудал байгаа нь Монгол Улсын төр иргэдээс нийгмийн даатгалын шимтгэл суутгаж үүсгэсэн хуримтлалаас амьдралын наад захын хэрэгцээг нь хангахаар тэтгэвэр олгож чадахгүй байгаа юм. Улс нийгмийнхээ төлөө залуу насаа зориулсан ч хөлс, хүч, хөдөлмөрийг нь үнэлээгүй тэтгэвэр тогтоож өгдөг нь харамсалтай. Үүнээс болж тэтгэврээ ч авч чадалгүй эсвэл тэтгэврийн зээлээ төлж чадалгүй нас барах тохиолдол бий. Тэтгэврийн зээлээ төлж чадалгүй нас барсан тохиолдолд ар гэрт нь өрийн дарамт ирдэг тохиолдол байсаар. Тиймээс тэтгэврийн зээлтэй иргэн нас барсан тохиолдолд нийгмийн даатгалын хуримтлалаас нь төлөх нь зүй ёсных биз ээ. Ядаж л тэдгээр хүмүүс өөрсдийн хөдөлмөрөөсөө зээлээ төлж байна гэсэн үг. Хүн зээлтэй атлаа оршихоо больсон ч өр нь оршсоор.

-Финтек зээлийн салбар өнгөрсөн онд 461 тэрбум төгрөгийн зээл олгожээ-

Сүүлийн таван жилд жил бүр 32.6 хувиар өссөн тус салбарын ашиг өнгөрсөн онд 312.9 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ нь 2021 онтой харьцуулахад 49 хувь өссөн үзүүлэлт юм.

Технологийн дэвшлийг эрчимэтэй нэвтрүүлж буй энэ салбарт 2021 онд 28 ББСБ дижитал зээл олгодог байсан бол өнгөрсөн онд 37 болж нэмэгджээ. Тэдний хувьд өнгөрсөн онд нийт 461 тэрбум төгрөгийн зээлийг нийт зээлдэгчдийнхээ 79 хувьд олгосон байна.

Ингээд тооцоод үзвэл нэг зээлдэгчид дунджаар 492.6 мянган төгрөгийг зээлдүүлжээ. Гэсэн хэдий ч эл өсөлт энэ жил саарч магадгүй гэх салбарын мэргэжилтнүүдийн тооцоолол байгаа боловч бодит байдал иргэдийн амьжиргаа дээшлэхгүй бол уг салбарын орлого өссөөр байх болно.

Дээрх мэдээллүүдийн эцэст монголчууд төрөхөөс үхэх хүртлээ өрнөөс өр, зээлээс зээл хооронд амьдарч буй. Ингэхдээ хадгаламжийнхаа хүүг, дипломоо, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөө эцэст нь өөрийн үлдсэн цаг хугацаагаа зээлийн барьцаанд өгч байгаа юм. Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг улс орон бүр хүлээж буй энэ үед манай улс ч иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, жижиг дунд бизнес, үйлдвэрлээ хөгжүүлэх, уул уурхайн бус хоёрдогч зах зээлээ дэмжиж, экспортоо нэмэх гэх мэт ажил их бий. Эдийн засгийн орчноо хөгжүүлээгүй цагт нийгмийн жижиг гэлтгүй асуудал бүрийг шийдэх нь юу л бол.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 6, 2023 09:40

Зээл аваад төлөхгүй өршөөл хүлээж амьдардаг арга бол хулгай дээрмийн нэг арга билээ. Монголд гурван сая хулгайчийг төрүүлж цэцэглүүлж байна. Монгол улс хулгайч авилгач луйварчдын үүр уурхай диваажин болж байна.

Зочин
Зочин
3 сар 6, 2023 10:17

Иргэд нь өрөнд баригдчихсан. Улс нь тэр чигээрээ өтөнд баригдчихсан яаж ч хөгжих вээ дээ

Зочин
Зочин
3 сар 6, 2023 10:23

Ц�##�ингийн зээлтэй машины зээлтэй ипотектэй хүмүүс өвдөх эрхгүй чөлөө авах эрхгүй унтах эрхгүй ажиллаж байхад. Энэ дээд хэд нь унтаж амрангаа нийтээр нь өрөнд оруулж байдаг. ШОДРОГО ЁС хаана байна аа

Зочин
Зочин
3 сар 6, 2023 10:29

Боль боль бөөн өр шир бодсоор байт�##� үнэхээр ядарч байна

Зочин
Зочин
3 сар 6, 2023 10:42

сүртэй юм бичих юм

Сураг
Сураг
3 сар 6, 2023 11:47

Батаа болдод өртэй болд батаагийн ээжид өртэй ээж нь долгорын найзын нөхрийнх дүүгийн хүүхдэд өртэй тэр хүүхэд нь Батаа

Холбоотой мэдээ

Back to top button