Улирлаа олоогүй утааны форум

Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн Дээд түвшний чуулга уулзалт болох "Цэвэр агаар"-ын ерөнхий зохион байгуулагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам ажилласан байдаг. Улмаар манай улсад анх удаа эл уулзалтыг гуравдугаар сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ. Чуулганд 53 орны 200 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Тус чуулга уулзалт дээд хэмжээнийх хэдий ч агаарын бохирдол буурдаг хаврын улиралд зохион байгуулсан нь хачирхалтай. Товчхондоо улирлаа олоогүй үйл ажиллагааг зохион байгуулсан хэрэг.
Дэлхийн бусад улс орон уг уулзалтыг ихэвчлэн намрын улиралд зохион байгуулдаг байна.
Тодруулбал, 2022 оны есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын Сүвон хотод, 2021 оны арваннэгдүгээр сард Испанийн Мадрид, 2022 оны арваннэгдүгээр сард АНУ-ын Вашингтон Д.С хотуудад уг үйл ажиллагааг зохион байгуулж байв.
Харин манай улсын хувьд ниргэсэн хойно хашхирав гэдэг шиг утааны гол асуудал мартагдсан үед дээд хэмжээний уулзалт хийх нь хэр оновчтой байв, бодох л асуудал.
Улсын хэмжээнд өнгөрсөн жилүүдэд шахмал түлшний ачаар агаарын бохирдол буурсан хэмээж байсан бол энэ өвөл гэхэд л шахмал түлшийг тойрсон асуудлууд ар араасаа хөвөрсөн. Агаарын бохирдол ч урьд өмнөх жилүүдээс илүү байв.
Түүгээр ч зогсохгүй одоо ч агаарын бохирдол аюулын түвшинд буй. Тэр дундаа яг одоо Баянхошууд агаарын чанар “эрүүл мэндэд маш муу” гэх ангилалд буюу аюулын түвшнээс арай доогуур байх жишээтэй.
Утааны асуудлыг ярих цаг өнгөрсөн үед агаарын бохирдлын талаар хэлэлцэж, ирэх өвөлдөө одооноос бэлдэж байгаа нь юу л бол. Хэдийгээр дээд хэмжээний уулзалт байсан ч цаг үеэ хэр олов. Одоо хуралдаж, уулзалт хийх нь дараагийн олон улсын хэмжээний дээд түвшний уулзалт хийхийн тулд аргацаасан зүйл байв уу, бодох л хэрэгтэй.
Ингэж таамаглаж буй нь шалтгаан нь уг уулзалтыг 2026 онд манай улсад зохион байгуулах “СОР-17” буюу НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг угтан хийж буйгаараа онцлог гэх.
Тэгэхээр олон улсад нүүрээ тахлахын тулд утааг мартаж эхэлж буй үед дээрх уулзалтыг хийв үү, эсвэл өвөлд одооноос бэлдэхийн тулд тохиромжгүй гэгдэх улиралд зохион байгуулав уу. Юутай ч одоогийн дүр төрхөөс харахад агаарын бохирдлын талаарх сэдвийг ойрын сарын хугацаанд мартахааргүй байна. Хагас жилийн турш ярьдаг уг сэдэв улиг болох нь юу л бол.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ирэх намрын 11-12 сард дахиад л утаа гарна. түүний дараа жил ч гарна тиймээс энэ бол хэзээ ч хийсэн болох л асууд�##�. үүнийг бичсэн та өөрөө л мэдрэмжтэй ажиллах хэрэгтэй