Ярилцлага

"Намаг"-ийн гол дүрийг бүтээсэн Б.Бямбасүрэн: Мэргэжлийн жүжигчин л баймаар байна

“Хамба” фильм студийн захирал, найруулагч Б.Ганболд ээлжит уран бүтээлээ “Намаг” нэртэйгээр энэ сарын 14-нөөс үзэгчдэд хүргэхээр товоо зарлаж, үзэгчдийг “толинд харуулах”-аа онцолсон. Түүний эл уран бүтээлийн киноны гол дүрд залуу жүжигчин Б.Бямбасүрэн тоглосон юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Яагаад жүжигчний мэргэжил сонгож эзэмшив?

-Багаасаа л урлагт дуртай хүүхэд байлаа. Тийм хүүхдүүд байдаг даа, сургуулийнхаа бүх л уралдаан тэмцээн, урлагийн үзлэгт оролцчихсон явж байдаг. Тийм л хүүхэд байсан. Уг нь багадаа дуучин болъё гэж боддог байв. Харин ахлах ангиасаа жүжигчний мэргэжилд илүү дурлаж, боломж нь гарвал энэ хоёр мэргэжлийг хослуулаад явах боломжтой юм шиг санагдсан. Төгсөөд СУИС-д шалгуулсан л даа. Хүүхдүүдийг шалгалтын оноогоор нь жагсаагаад эхний 40 хүүхдийг элсүүлж авсан. Харамсалтай нь, би 41-д жагсчихсан. Харин КУДС-д тэнцсэн юм.

-Хэн багшийн шавь бэ. Багшийнхаа ямар арга барил, ур чадвараас суралцаж, өөртөө шингээхсэн гэж хүсдэг бол?

-Би жүжигчин Б.Даваасүрэн багшийн шавь. Миний багш маш хүнлэг. Үргэлж л “Хүн байгаарай, миний хүүхдүүд. Ер нь хүн шиг байж байж л амьдарна шүү, цаашдаа” гэж захидаг. Харин уран бүтээлчийнхээ хувьд үргэлж шинэ, сонин байх ёстойг сануулдаг. Багшийнхаа захисан болгоныг уран бүтээлд ажиллах бүртээ марталгүй санаж байхыг хичээж яваа.

-Залуу уран бүтээлчдэд тэр болгон найруулагч нарын хараанд өртөж, дараалан уран бүтээлд тоглох боломж хомс. Нөгөө талаас, санал тавьсан болгонд тоглоод байвал үзэгчид уйдчих хандлагатай. Харин та цаашид хэрхэн ажиллах вэ?

-Сургуулиа төгсөөд удаагүй залуу жүжигчний хувьд яг л энэ асуудалд санаа зовж байна. Мэдээж сургуулийг нь төгссөн, мэргэжлийг нь эзэмшсэн хүн учраас мэргэжлээрээ ажилламаар байна. Гэхдээ таны хэлсэн шиг хүмүүс хараад уйдчихсан хэн нэгэн болмооргүй байна. Нөгөө талаас бас хүн л юм хойно санхүүгийн хэрэгцээ бий. Тэглээ гээд мөнгөний төлөө ажиллахыг бас хүсэхгүй байна. Ер нь бол мэргэжлийн жүжигчин л баймаар байна. Тэгэхийн тулд уран бүтээл бүрт өөрийгөө аль болох өөрөөр харуулж, нэгэн хэвийн, байдаг л нэгэн болж харагдмааргүй байна гэсэн үг. Тука (“Хамба” студийн захирал, найруулагч Б.Ганболд) найруулагч ч “Чамд цаашдаа зөндөө боломж гарч ирнэ. Киноны саналууд ч ирнэ. Гэхдээ чи тэр болгонд савсганаад байх л шаардлагагүй. Ямар зохиол вэ, ямар дүр вэ, чиний өмнөх дүрээс өөр байна уу гэдгийг маш сайн бодож байж шийдэж байгаарай” гэж захиж байгаа.

-Ингэхэд хамгийн анх ямар уран бүтээлийн санал ирж байсан бэ. Тэрэндээ тоглосон уу?

-Гуравдугаар дамжаанд байхад киноны санал ирсэн. Гэхдээ тоглоогүй. Эротик кино байсан болохоор зүрхлээгүй юм.

-“Намаг” кинонд та эротик үзэгдлүүдэд тоглосон л байна лээ шүү дээ. Энэ удаа яагаад зүрхэлчихэв?

-Сургуулиа төгсчихсөн, тэгээд ч зоригтой шийдвэр гаргаж үзье гэж бодсон юм.

-Өмнө нь “Guys хамтлагийн дуучин, жүжигчин, “LVA энтертайнментийн найруулагч Д.Лхагвын “Running олон ангит кинонд тоглосон байх аа?

-Дөнгөж л гараагаа эхэлж буй болохоор ажилласан уран бүтээл бүрээсээ чадахынхаа хэрээр туршлага хуримтлуулахыг хичээж байна. Ялангуяа “Running” миний тоглосон анхны олон ангит кино. Тийм болохоор найруулагчийн зааврыг хэрхэн сонсох, хүлээж авахаас авхуулаад сурах зүйл их байсан. Эл кинонд яг өөрийнхөө нэрээр, Бямбаа гэж дүрд тоглосон. Гэхдээ зан чанарын хувьд надаас эсрэг. Би уг нь их зөөлөн, гэр бүлсэг хүн. Гэтэл гадаад төрх, харагдах байдлаас болдог уу, мэдэхгүй юм, надаас тэс өөр дүрүүдийг найруулагч нар оноогоод байгаа.

-Хамтарч ажиллахыг хүсдэг, кинонд нь тоглохыг хүсдэг найруулагч байдаг уу?

-Ж.Сэнгэдорж найруулагчийн кинонд тоглох сон гэж хүсдэг.

-Тэгвэл кинонд хамтарч тоглохыг хүсдэг жүжигчин байдаг уу?

-Тэгж бодож, хүсэж явсан жүжигчинтэйгээ сая “Намаг”-т хамт тоглочихсон. Азтай байгаа биз. Дооёо (Гавьяат жүжигчин, “DOZ” энтертайнментийн захирал, жүжигчин, найруулагч Ш.Доржсүрэн) ах. Дооёо ахын тоглосон уран бүтээл бүрийг үзэх дуртай. Уран бүтээлд хэрхэн ажилладаг, зохиолоо хэрхэн задалж, дүрээ судалж, зураг авалтад өөрийгөө яаж бэлдэж, зургаа хэрхэн авхуулж байгааг нь хажуунаас нь харах надад том завшаан байлаа.

-“Намаг” киноны гол дүрд хэрхэн сонгогдов?

-Манай дээд дамжааны ах одоо “Хамба” фильм студид зураглаачаар ажилладаг. Тэр ахаар дамжуулан Тука найруулагч намайг дуудуулсан юм. Найруулагчийн тухай өмнө нь олон хүнээс сонсож байсан ч нүүр тулан уулзаж байгаагүй учраас их тэвдсэн. Уулзсан өдрөө л надад “Намаг” киноныхоо тухай болон дүрийн талаар ярьсан. Түүнээс хоёр хоногийн дараа дүрийн сонгон шалгаруулалт ч болж, би ч очсон. Олон ч жүжигчин ирсэн байлаа. Бүх хүмүүсээс хамгийн сүүлд надтай уулзаж, тэгэхдээ намайг сонгосон тухайгаа хэлсэн. Намайг чадна гэж итгээд сонгоход байхад би хамаг сайнаараа хичээх ёстой гэж бодсон доо. Тука найруулагч олон жил бодож, төлөвлөж байж уран бүтээлээ хийдэг онцлогтой найруулагч шүү дээ. Тийм учраас сонгосон жүжигчид нь ч маш чадварлаг. Маш сайн баг бүрддэг. Жүжигчдийн хувьд гэхэд л Төмөрөө (Төрийн шагналт, жүжигчин Ц.Төмөрбаатар) ах, Дооёо ах зэрэг “акул”-ууд. Тэдэн дунд ганц “жараахай” нь л би байлаа. Эл кинонд ажиллахдаа цагийн юм цагтаа гэдэг үгийг ой тойндоо шингэтэл сурлаа. Ер нь уран бүтээлч хүнд ур чадвараас гадна хувийн зохион байгуулалт маш чухал гэдгийг ойлголоо.

-Эротик үзэгдлүүд хэр “чанга” байсан бэ?

-Эхэндээ их айсан. Нэг ч биш, бүр хоёрын хоёр эротик үзэгдэлтэй. “Намаг” миний тоглосон бүрэн хэмжээний уран сайхны анхны кино. Сандрах нь ойлгомжтой шүү дээ. Гэтэл бүр бүтэн нүцгэлнэ гэхээр бүр ч аймаар санагдсан. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн хүмүүс надад итгээд сонгосон байхад би урмыг нь хугалж болохгүй учраас их хичээсэн.

-Зураг авалтын явцад найруулагчдаа хэр загнуулав. Нэг үзэгдлийг дээд тал нь хэр олон удаа давтаж авхуулсан бол?

-Миний гудамжинд тамхи татаад алхаж буй хэсэг кинонд бий. Тэр хэсгийг 13 удаа давтаж авхуулсан. Үггүй хэсэг болохоор харц, үйлдэлдээ илүү анхаарах ёстой учраас хэцүү. Ядаж байхад би тамхи татдаггүй. 13 ширхэг тамхи угсруулж татах ч амаргүй байсан шүү. Бас кино багийнхнаасаа санаа их зовсон. Надаас болж тэр хүмүүсийн ажил уягдаж, цалгардаж байсан болохоор. Найруулагчдаа загнуулах үе байлгүй яах вэ. Гэхдээ тэр хүний үг бүр нь уран бүтээлээ чанартай, сайн болгох гэсэн үүднээс, маш миний төлөө хэлж буй үг учраас эмзэглэх шаардлагагүй. Харин ч тусгаж авах ёстой. Би ер нь жүжигчин хүн үг даадаг л байх ёстой гэж боддог юм.

-“Намаг”-аас хүмүүс юу ойлгоосой гэж хүсэж байна?

-“Намаг” нийгмийн хар бараан зүйлсийг гоёчлохгүй, бас харлуулахгүй харуулна. Бид дуугарах ёстой дутагдлын хажуугаар дуугүй л өнгөрчихдөг. Хувиа бодож довоо шарлуулахаас биш, нийгмийн сайн сайхны төлөө дуугардаггүй шүү дээ. Би л болж байвал бусад нь хамаагүй гэж боддог. Тэр хэрээр оюун санааны доройтолд орчихсон. Энэ бүхнийг л өөрсдөд нь харуулна. Ухаантай хүн ойлгоно, урагшгүй хүн уурлана байх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 17, 2023 13:51

Амжилт

Холбоотой мэдээ

Back to top button