ХЭҮК: "Үйлчлүүлэгчид дайрч доромжилж, гэмтээдэг тул эмч нар ширээн дээрээ иртэй зүйл тавихаа больсон"

2023 оны Хүний эрхийн үндэсний комиссын тайланд эмч, эмнэлгийн ажилтнуудад тулгардаг асуудлуудыг хөнджээ.
Эмч нарт өвчтөнүүдийн зүгээс ирдэг дарамт, шахалт, ёс бус харилцаа хүндээр тусдаг
Эмч, эрүүл мэндийн ажилтан 624 оролцогчийг хамруулсан эрүүл мэндийн салбар дахь хүний эрхийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайланд эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хүрээнд хамгийн тулгамдаж буй асуудал нь нэгдүгээрт, үйлчлүүлэгчийн зүгээс ирэх дарамт, шахалт, зүй бус харьцаа хэмээн нэрлэжээ.
Хоёрдугаарт, ажлын хэт их ачаалал, гуравдугаарт, цалин хөлсний асуудал гэж судалгаанд хамрагдсан эмч, эрүүл мэндийн ажилтнууд хариулсан байна. Ажлын хэт их ачаалал, цалингаас илүү тэдэнд хамгийн хэцүү нь үйлчлүүлэгчийн харьцаа байх нь. Сүүлийн жилүүдэд эмч нарт халдах нь түгээмэл болсон бөгөөд зарим эмч нар ширээн дээрээ иртэй, мэстэй зүйл тавихаас айдаг болсон гэдгээ ярилцлагын үеэр өгүүлжээ. Тодруулбал, судалгаанд оролцогчдын 61.7 хувь үйлчлүүлэгчийн зан харьцаа (хэл амаар доромжлох, гүтгэх, дарамт шахалт үзүүлэх, зарим тохиолдолд биед халдах гэх мэт) хүндрэл учруулдаг гэж, 22.2 хувь нь ажлын ачаалал (илүү цагаар ажиллах, олон ажил үүрэг давхар гүйцэтгэх гэх мэт) их, 8.6 хувь нь цалин хангамж бага гэж үзжээ.
Эмч эмнэлгийн ажилтнуудын 27.9 хувь нь хэл амаар доромжлох явдалд байнга өртдөг
Эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрлөх нөхцөл нь бусад салбарын ажилтнуудаас ихээхэн онцлог ялгаатай. Үйлчлүүлэгч нь эрүүл мэндийн хувьд ямар нэгэн байдлаар доголдсон, эмнэлгийн тусламж, үйлчилгээ зайлшгүй шаардагдсан, сэтгэл зүйн хувьд тогтворгүй, эмзэг болсон хүмүүс байдгаас эмч, эмнэлгийн мэргэжилтний харьцаанаас сөрөг үр дагавар гарах магадлалтай, мэргэжлийн алдаа нь хор хохирол өндөртэй байдаг.
НЭМГ-ын харьяа 26 эрүүл мэндийн байгууллагын 1879 эмч, эрүүл мэндийн ажилтныг хамруулсан хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн судалгааны дүнгээс харвал оролцогчдын 27.9 хувь нь үйлчлүүлэгчийн зүгээс хэл амаар доромжлох явдалд байнга өртдөг, 56,9 хувь нь өртдөг гэж хариулжээ.
Харин үйлчлүүлэгч биед халдаж зодох цохих явдалд 1.6 хувь нь байнга өртдөг, 27.5 хувь нь хааяа өртдөг, ажлын хэт ачаалалтай гэж 37.7 хувь, байнгын өндөр ачаалалтай гэж 48.7 хувь нь хариулжээ. Үүнээс 289 оролцогч буюу 15.3 хувь нь байнга, 972 оролцогч буюу 51.7 хувь нь хааяа сэтгэл зүйн дарамтад өртсөн байна.
Үүний нэг тод жишээ нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч М.Цэвэлмаа. Тэрээр ажлын байран дээрээ халдлагад өртсөн бөгөөд “Нэг өвчтөн маань хоёр цаг 30 минут хоцорч ирчихээд цагийн хүний урдуур дайрч орж, давшлан доромжилж, цээж нуруу мөр рүү цохиж зодож сүрдүүлж байгаад үзүүлэн гарлаа. Амбулаторийн тасгийн эрхлэгч хэцүү хүнээ өөрөө зохицуулга хий гэнэ. Өнөөдөр би зодуулж байхад өмөөрөх хүн байхгүй, хууль байхгүй. Өрөөндөө уйлаад суух тавилантай Монголын нийгэм. Эмчийн нэр хүнд. Эмчийг хамгаалах тогтолцоо. Дахиж өнөөдөр үзэх ёстой 50 хүн байна. Эмч байхын тулд дарамт, доромж, зодуур ч бас дийлдэг байх ёстой юм шиг байна”
Мөн ХЭҮК-т ирүүлсэн өөр нэг гомдол, “Иргэд цаг аваад цагтаа ирдэггүй. Хоцорч ирээд бусад цагаараа үйлчлүүлж байгаа иргэдийн урдуур дайрдаг, та цагтаа ирсэнгүй бусад хүмүүст хүндрэл учруулж байна гэхээр уурлаж зандарч, хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжилдог, цохих түлхэх үйлдэл үзүүлдэг. Эцэстээ захиргаанд өргөдөл гомдол гаргаж эмчийн буруу болж хариуцлага хүлээн цалин, нэмэгдлээс хасуулдаг” гэжээ.
/ХЭҮК-т ирүүлсэн гомдлоос/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.