Э.Батшугар: 1072 хувьцааг амилуулмаар байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар 1072 хувьцааг амилуулах асуудлыг хөндсөн юм.
Тэрээр “Эрдэнэс Тавантолгой” компанийг олон улсын жишгээр мэргэжлийн, зөв менежмент хийж, ард түмэн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Тухайлбал “Иргэдийн авсан 1072 хувьцаа өнөөдрийн байдлаар үхмэл байна. Үүнийг амилуулах хэрэгтэй. Эхний ээлжид өөр ангиллын хувьцаа болгоод, татварын дараах ашгийн тодорхой хувийг ногдол ашиг болгож олгодог болгомоор байна. Үүнийг олон улсын хөрөнгийн зах зээлийн хэллэгээр “A-Share”, “B-Share” гэж нэрлэдэг. Энэ аргыг хэрэгжүүлэх боломжтой” гэв.
Мөн тэрбээр “2022 онд Монгол Улс 32 сая тонн нүүрс экспортод гаргасан. Тавантолгой ойролцоогоор 6 тэрбум тонн нөөцтэй гэж ярьдаг. Тэгэхээр 50 хувийг нь олборлоход бидэнд 100 жил хэрэгтэй гэсэн үг. Тэрнээс наана нүүрс хэрэгцээнээс гарна гэсэн судалгаа бий. Тэгэхээр ирээдүйд олох орлогыг одоо авчрах хамгийн зөв арга бол гадаадын бирж дээр IPO хийх. Янз бүрийн аргачлал байдаг. Намайг 2011 онд “JP Morgan”-д ажиллаж байхад Тавантолгойг 6-9 тэрбум ам.доллароор үнэлж байсан. Үүний 25 хувийг бирж дээр зарахаар тооцвол 1.5-2 тэрбум ам.доллар босгох боломжтой байна. Энэ мөнгөөр Тавантолгойн цахилгаан станц, Нүүрс угаах үйлдвэр гэх мэт томоохон төслүүдээ санхүүжүүлж болно” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.