УРЛАГЭнтертайнмент

Т.Солонго-Уянга: Зохиолтойгоо танилцахад “Би чадахгүй” гэдэг сөрөг мэдрэмж төрөөгүй

Жүжигчин, кино зохиолч, найруулагч Б.Амарсайхан дэлгэцийн ээлжит бүтээлээ “Монгол” нэртэйгээр өнгөрсөн баасан гарагаас үзэгчдэд хүргэж буй. Тус киноны “шигтгээ” дүрд загвар өмсөгч Т.Солонго-Уянга тоглосон юм. Түүнтэй ярилцлаа.

-“Монгол” таны тоглосон хэд дэх кино вэ. Өмнө нь киноны санал ирж байсан уу?

-“Монгол” уран сайхны кино миний тоглосон анхны кино. Өмнө нь киноны санал авч байгаагүй. Энэ удаа киноны санал авах үед баярласан, эсвэл айсан ч юм уу, ямар нэг мэдрэмж ерөөсөө төрөөгүй. Харин натурт гарах өглөө нь гэнэт ухаан орсон юм шиг л “Би нээрэн кинонд явах гэж байгаа юм байна” гэж бодоод олон мэдрэмжүүд зэрэгцэж төрсөн. Тэр дундаас айдас нь илүү ч гэх юм уу. “Одоо би явах гэж байгаа юм байна шүү дээ. Юу хийчхэв ээ” гэж бодох шиг. Тийм мэдрэмж илүү зонхилж байлаа.

-Эл кинонд тоглохоор шийдсэн, зөвшөөрсөн шалтгаан тань юу бол?

-Киноны зураг авалт эхлэхээс өмнө найруулагч Б.Амарсайхан ах “Ийм тийм учиртай. Ингэж тэгж явна. Тэднээс тэдний хооронд зураг авалтаа хийнэ” гээд бүх зүйлийг надад эхнээс нь дуустал маш дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн. Яагаад ч юм бэ кино зохиолтойгоо танилцахад надад ерөөсөө “Би чадахгүй” гэдэг ч юм уу, ямар нэг сөрөг мэдрэмж төрөөгүй. Анх л оффис дээр нь очиж уулзахад л бүх зүйл нь маш мэргэжлийн, бүгд жин тан бэлэн болчихсон байсан. Тийм ч болохоор тэр үү, би яг л явах ёстой юм шиг мэдрэмж төрж байлаа. Тэр мэдрэмжиндээ итгээд “Монгол” уран сайхны кинондоо ажилласан даа.

-Зургийн талбайд анх очиход ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Зураг авалт маань наймдугаар сарын сүүлчээс эхэлсэн. Натурт очиход байгалийн өнгө аягүй гоё болчихсон байсан. Модод шарлаад, ер нь л харахад аягүй үзэсгэлэнтэй, маш тайван. Байгалийн сайхныг ажаад л явж байлаа. Харин мотор дуугарч, киноны зураг авалт эхлэхэд кино группийнхнээ хараад аймаар бахархсан. “Өө одоо яг эхэлчихлээ. Би энэ том зүйлийн нэг хэсэг нь болж байгаа юм байна” гэдгийг тухайн натурын хамгийн эхний өдрөөс тэгж мэдэрсэн.

-Кино зохиолоо анх уншаад ямар хэсгийн зураг авалтаас хамгийн их халширч байсан бэ. Тэр зургаа хэрхэн авахуулсан бол?

-Халширсан гэхээс илүүтэй жаахан итгэлгүй байсан сцен байгаа. Тэр нь хүрхрээний доорх сцен. Жаахан айдастай, “Би чадах болов уу, чадахгүй юм болов уу” гээд л эргэлзэж байсан, тухайн мөчид. Гэхдээ найруулагч маань надад маш зөвөөр ойлгуулж, “Энэ чиний бодож байгаа шиг тийм хэцүү биш. Бид чамайг уран сайхны аргаар маш гоёоор гаргах гэж байгаа” гэдгээ тайлбарлаж, ойлгуулж өгсөн. Энэ нь надад тэр хэсгийн зургийг зориглож авхуулахад эрч хүч өгч нөлөөлсөн. Тэгээд л “Окэй, за” гээд орсон доо.

-Тэгвэл хамгийн хөгжилтэйгөөр авахуулсан хэсэг нь?

-Хамгийн хөгжилтэй гэхээр... Нэг сцен байдаг. Би нэг үгийг хэлж чадахгүй, аягүй олон удаа давтсан. Сүүлдээ бүр би юу хэлээд байгаагаа өөрөө ч ойлгохгүй болоод, инээх гээд инээдээ барьж ядаад. Яг аль хэсэг гэдгийг нь хэлэх гэхээр үзэгчдэд киногоо спойлдчих гээд байна л даа. Киноны маань эхэнд гардаг хэсэг. Та бүхэн өөрсдөө үзвэл бараг ил харагдах байх.

-Өмнө нь загварын тайзнаа алхаж, төрөл бүрийн брэндүүдийн зураг авалтад оролцож байсан. Тийм төрлийн зураг авалт, киноны зураг авалт мэдээж ялгаатай. Тэр ялгаа танд яаж, хэрхэн мэдрэгдэв?

-Энэ ялгаа киноны зураг авалтын талбайд очсон эхний өдөр л бүр яг толгойд орж ирсэн. Ялгаа нь юу вэ гэхээр кинон дээр чиний нүдний харц, хэлэх нэг үг, гарын хөдөлгөөн, биеийн хэлэмж чинь үзэгчдэд шууд хүрнэ. Нэг л зүйлийг өөрчлөхөд үзэгч өөр мессежийг хүлээж авах боломжтой. Зар сурталчилгаа, рекламны зураг авалт дээр тухайн бичлэгийг яаж л бол яаж таслаад, эвлүүлж болдог. Харин кинон дээр бол чи нэг л явсан бол тэр чигээрээ зогсоохгүйгээр, авч байгаа мэдрэмжээ гаргаад, маш үнэнээр түүнийгээ илэрхийлэх ёстой санагдсан. Энэ утгаараа надад маш үнэ цэнтэй, асар том зүйл л юм шиг мэдрэгдсэн.

-Киноны нээлтийн өдөр танд юу бодогдсон бэ?

-Нээлтийн өдрийн өглөө сэрээд “За мэйк ап хийлгэнэ. Үсээ янзлуулна. Тэдэн цагт тийшээ очих юм байна” гээд л бодсон. Нээлт эхлэхээс өмнө түүндээ бэлдээд завгүй байлаа. Киногоо үзэж гарч ирээд кино группийнхэнтэйгээ уулзахад үнэхээр гоё байсан. Удаан, олон хоног, хэдэн сар уулзаагүй хүмүүстэйгээ дахин уулзахад яг л зураг авалтын үе шигээ хайр дүүрэн мэдрэмжийг авсан. “Би нээрэн ямар том зүйлийн нэгээхэн хэсэг болоо вэ. Ямар мундаг хүмүүстэй хамтран ажиллаа вэ. Өнөөдөр ингээд бид киногоо нээчихлээ” гэсэн бахархах мэдрэмж төрсөн.

-Олон сарын өмнө зураг авалтаа хийлгэсэн киногоо нээлтийн өдөр үзэгчидтэй хамт суугаад анхны үзэгч болон үзэхэд ямар мэдрэмж төрсөн бол?

-Төрсөн мэдрэмж нь гэх юм бол... Би зохиолоо уншчихсан, дотор нь өөрөө байсан, юу болдог талаар нь мэдэж байсан хэрнээ л яг театрт үзээд суухад өөр мэдрэмж төрсөн. Яг үзэгчийн нүдээр үзсэн болохоор ч тэр юм уу, кинон дээр гарч байгаа дүрүүдээ дахин хайрласан. “Бидний хийсэн кино ингээд гарч байна шүү дээ” гэж их бодогдсон. Ер нь л аягүй гоё байсан л гэж хэлмээр байна.

-“Монгол” киноны Сэрчмаагийн дүр, загвар өмсөгч Т.Солонго-Уянга нарт төстэй зүйл бий юү?

-“Монгол” киноны Сэрчмаа... Төстэй зүйл байсан гэж хэлнэ. Киноноос харвал Сэрчмаагийн охин нас, залуу үе аягүй гэгээлэг, гэнэн, хайрынхаа төлөө үнэнч, хайр ундарсан тийм дүр. Тэр талаараа жаахан ижилхэн байж магадгүй гэж бодож байна. Яагаад вэ гэхээр тухайн сценүүд дээр ажиллахад, тэр хэсгүүдийг гаргаж тоглоход надад дөхөм, ойр санагдсан. Тийм болохоор тэр талаараа ижилхэн байж магадгүй.

-Тэгвэл танаас тэс өөр байсан зүйл нь юу вэ?

-Кинотойгоо холбоод ярихаар спойл хийх гээд байна аа. Ерөнхийд нь хэлбэл, ноёны гэргий болоод Сэрчмаа яаж өөрчлөгдсөн, Сэрчмаагийн зан чанар хэрхэн хувирсан, тэр нь өмнө байсан Сэрчмаагаас юугаараа ялгаатай вэ гэдэг дээр л хамгийн том ялгаа гарсан.

-Дахин киноны санал ирвэл яаж хүлээж авах бол?

-Киноны санал дахин ирвэл хамгийн түрүүнд зохиолтойгоо маш сайн танилцана гэж бодож байна. Найруулагчийн зүгээс тухайн дүр дээр харсан хүн нь би яг мөн үү, Солонго-Уянга тухайн дүрийг илэрхийлж гаргаж чадах уу гэдгээ бас сайн харна. Тэгэхээр зохиолтойгоо  л сайн танилцаад, тэгээд шийдэх байх.

-Та Монголоосоо илүүтэй гадаадад загвар өмсдөг юм билээ. Тэндэх, эндэхийн ялгаа юу бол?

-2018 оноос эхлээд би үүнийг ажил гэдэг үүднээс хүлээж аваад, ажиллаж эхэлсэн. Гэхдээ 2014 оны сүүлч, бараг 2015 онд моделийн сургалтад анх суралцаж, түүнээс хойш загвар өмсөж байна. Одоо түлхүү ажиллаж байгаа нь Лондон хот. Тэнд ажиллаж байгаад түр ирчихээд байна. Өмнө нь Орос, Хятадад ажиллаж байсан.

-Ер нь өөрийн карьерыг Монголд биш, гадаадад гэж хардаг юм уу?

-Хүн ямар нэг зүйлийг хийхдээ хайрцаглагдсан, “Тийм ийм байх ёстой” гэсэн бодлоос гарч сэтгэх, илүү том мөрөөдөл бий болгож, түүнийхээ төлөө явах нь хувь хүн талаас талаасаа ч, карьер талаасаа ч ахиц дэвшилтэй гэж хардаг. Гадагшаагаа гарах нь зөв юм уу, эсвэл Монголдоо эхлээд карьераа өсгөж, бий болгоод, түүний дараа цаашлах нь зөв юм уу гэхчилэн энэ миний яг одоогийн байдлаар их бодож байгаа асуулт байна. Үзэгчид маань харах байх аа, ирээдүйд хаана байх нь вэ.

-Санхүүгийн мэргэжилтэй гэсэн. Мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?

-Миний мэргэжил санхүүгийн менежмент. Одоогоор мэргэжлээрээ ажиллаагүй. Загвар өмсөгчөөрөө л ажилладаг. Миний бодлоор хүн хайртай, дуртай зүйлээ хийвэл түүнээсээ маш их аз жаргал, эрч хүч авч, илүү хайрлаж, дурлаж хийдэг. Ямар ч тохиолдолд, ядарсан ч бай, эсвэл хэцүү зүйл тохиолдсон ч гэлээ түүнийг аз жаргалтайгаар өөртөө тусгаж, хүлээж авдаг юм шиг санагддаг. Одоогийн байдлаар мэргэжлээрээ ажиллахаас илүүтэйгээр моделиор ажиллах нь надад сайхан байна.

-Таны хамгийн ойрын зорилт болон хэтийн төлөвлөгөөг сонирхвол?

-Би хувь хүн талаасаа ойрын зорилго болон хэтийн төлөвлөгөөг “Яг ингэнэ, тэгнэ” гэж нэг их ярих дургүй. Яагаад вэ гэхээр ярихаасаа илүүтэйгээр хийх дуртай. Тийм болохоор ойрын хугацаанд ч байна уу, ирээдүйд ч байна уу, ярьж биш, хийж үзүүлэхийг хүсэж байна.

-“Монгол” киноноос хүмүүс юуг ойлгоосой, олж хараасай гэж та хүсэж байна вэ?

-“Монгол” уран сайхны кино маань бидний өнгөрсөн үе, одоо үе цаг хугацааны хувьд өөр ч гэлээ амьдарч байгаа нийгэм маань ижилхэн үү, эх орныхоо эзэн нь хэн юм бэ, жинхэнэ үнэнч хайр гэж юу юм бэ гэдгийг, бүхий л үнэн зүйлсийг ил тод гаргаж ирсэн кино. Тийм болохоор үзэгчид сая хэлсэн асуултуудад хариултыг авч чадахаар, бас бидний яг л одоогийн байгаа байдлыг маш үнэнээр нь, ил тодоор гаргаж ирсэн байгаа гэж хэлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүүхэн
хүүхэн
5 сар 2, 2023 15:58

худлаа спойл гээд маяглаад байх юм

эх хэлээрээ зөв яримаар юм

Зочин
Зочин
5 сар 2, 2023 17:04
Reply to  хүүхэн

spoil gediig ni oigohgui bgamuu whahha

Батбаяр
Батбаяр
5 сар 6, 2023 22:32

Монгол киног үзлээ маш сайхан кино болжээ...

Холбоотой мэдээ

Back to top button