Ярилцлага

Т.Номин-Эрдэнэ: Ээждээ Азийн АШТ-ий алтан медальтай ирсэн нь хамгийн том бэлэг юм даа

Боксын спортын хорхойтнууд Төгсжаргалын Номин-Эрдэнийг ер андахгүй. 16 настай тэрбээр өөрийн насныхаа ангилалд Монголдоо босоо яваа аварга, аль хэдийнэ олонд танигдсан боксчин. Өсвөр үеийн УАШТ, “Олимпийн гараа” тэмцээний хошой аварга, шилдэг тамирчнаар хоёр удаа шалгарсан Т.Номин-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт АНЭУ-д болсон өсвөр үеийн Азийн АШТ-д түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн. Тэгэхдээ тус тэмцээнд түрүүлсэн Монголын анхны эмэгтэй боксчин болж, түүхийн шинэ хуудас нээсэн юм.

Ж.ЕРКИН: ШАВЬ МИНЬ БУРХНААС НАДАД ИЛГЭЭСЭН БЭЛЭГ

 “Хилчин” спорт хорооны дасгалжуулагч, ОУХМ Ж.Еркин шавийнхаа талаар “Шавь минь боксын спортод үнэхээр дуртай, хайртай. Бэлтгэлийг чин сэтгэлээсээ хийдэг, хөдөлмөрч. Их сэргэлэн, цовоо. Тийм ч нээлттэй биш, ялимгүй дотогшоо. Нэг хий гэвэл хоёр юм уу гурав хийж л санаа нь амардаг. Тоглолтын арга барил, техникт нь ямар нэг алдаа байна гэвэл заавал засахыг хичээдэг. ОУХМ Б.Түвшинбат, Номин-Эрдэнэ хоёр төрсөн ах, дүүсийн хүүхдүүд. Хэдэн жилийн өмнө Төгсжаргал ах “Надад нэг охин бий. Чиний шавь болгомоор байна” гэв. Тухайн үед би дасгалжуулагч болоогүй байсан юм л даа. Тэгж яваад 2016 онд боксын дугуйлан нээгээд Төгсжаргал ахад хэлэв. Тэр жилийн Цагаан сарын дараа Номин-Эрдэнэ миний шавь болж, бокс заалгасан юм. Тэр үеэс хойш шавьтайгаа хамт зүтгэж явна. Шавь маань хичээллэж эхлэхдээ л бокст дуртай, хөдөлмөрчөөрөө бусад тамирчнаас ялгарсан.

Монголын боксын холбооныхон, спортын хүрээнийхэн надад “Ёстой авьяастай охин байна. Ээ, дээ спортоор тууштай хичээллүүлээрэй” гэж захьдаг. Би шавиараа их барахдаг. Бурхнаас надад илгээсэн бэлэг л гэж боддог. Т.Номин-Эрдэнэ үеийнхнээсээ тасархай. Олимп, ДАШТ-ий медальтан болох, түрүүлэх боломж бүрэн бий. Худлаа магтаж байгаа юм биш шүү. Би өмнө нь шавийнхаа талаар ингэж хэлж байгаагүй. Миний талаар багш ингэж хэлж гээд урамшиг. Номин-Эрдэнийг би төрсөн охин шигээ хайрладаг. Сая Азийн аварга болж, төрийн дууллаа эгшиглүүлэхэд нь өөрийн эрхгүй уйлсан.

Би ер нь ямар ч үед шавьдаа түшиг тулгуур болохыг хичээдэг. Өнгөрсөн жил Дорноговьд болсон өсвөр үеийн УАШТ-ий үеэр боксчин Б.Түвшинбат надтай утсаар яриад Номин-Эрдэнийн аав бурхан болсныг хэлсэн юм. Би их сандрав. Яг тэр өдөр Номин-Эрдэнэ аваргын төлөө өрсөлдөх гэж байсан юм. Ямар ч байсан хэлэлгүй байж байгаад тоглуулав. Тэгэхэд шавь минь УАШТ-д түрүүлж, шилдэг тамирчин болсон. Дорноговиос Улаанбаатарт ирээд, гэрт нь орохын өмнө түүнд үнэнийг хэлсэн. Тэгэхэд надад үнэхээр хэцүү, харамсалтай мэдээг яаж хэлэх учраа олохгүй байсан л даа.

Юм гэдэг их учиртай. Тус тэмцээнд оролцохоор Улаанбаатараас хөдлөхөд Д.Номин-Эрдэнийн аав биднийг гаргаж өгсөн юм. Өмнө нь биднийг суулгаж өгчихөөд буцдаг байсан мөртлөө тэгэхэд тэгээгүй. Явахгүй зогссоор байв. Би гайхаад бууж очлоо. Тэгэхэд Төгсжаргал ах “Миний охиныг сайн харж, хандаж байгаарай. Сайн тамирчин болгоорой. Ах нь чамд баярлаж явдаг шүү” гэж захиад үлдсэн. Төгсөө ахын хэлсэн үг, бүртийтэл зогссоор охиноо үдсэн нь санаанаас ер гардаггүй юм. Хөөрхий минь эргээд ирэх нь ээ бурхан болчихсон байсан. Би түүний захиасыг үргэлж санаж явдаг. Төгсөө ахад өгсөн амлалтаа биелүүлж, охиныг нь сайн тамирчин болгохын төлөө улам хичээнэ” гэв.

“Сэтгэмж” цогцолбор сургуулийн 11г ангийн сурагч, боксын спортоор гурав дахь жилдээ хичээллэж буй Т.Номин-Эрдэнэтэй ярилцлаа. Хан-Уул дүүргийн спорт хороонд болж буй “Олимпийн гараа” тэмцээний үеэр бид ийн ярилцсан юм.

ЗӨВХӨН АЗИЙН АВАРГА БОЛОХЫН ТӨЛӨӨ Л ӨРСӨЛДСӨН

-Юуны өмнө өсвөр үеийн Азийн АШТ-д түрүүлсэн Монголын анхны эмэгтэй боксчин болсонд тань баяр хүргэе. АНЭУ-аас өчигдөр (уржигдар) ирсэн гэж дуулсан. Гэртээ сайхан амарч байгаа болов уу гэж бодож байлаа.

-Баярлалаа. Азийн өсвөр үеийн АШТ-д түрүүлсэн улсынхаа анхны эмэгтэй боксчин болсондоо баяртай байна. Энд (Хан-Уул дүүргийн спорт хороо) болж буй Ардын багш Д.Банди агсны нэрэмжит “Олимпийн гараа” тэмцээнд Ж.Еркин багшийн шавь нар оролцож байгаа. Багшдаа туслан, шавь нарынх нь бэлтгэлийг хангалцаад сууж байна.

-Та Азийн АШТ-д анх удаа өрсөлдсөн болохоор түрүүлнэ гэдэгтээ хэр их итгэлтэй байв?

-Мөнгө, хүрэл медаль авна гэж бус зөвхөн түрүүлнэ гээд л өрсөлдсөн. Миний зорилго ерөөсөө анхдагч болох, Азийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэх л байсан. Азийн АШТ-ий өмнө Казахстан, БНХАУ-д болсон олон улсын тэмцээнд хүч сорьсон нь амжилтад их нөлөөллөө. Хоёулангаас нь мөнгөн медаль авахдаа их урамшсан, туршлага хуримтлуулсан юм. Би ер нь байнгын бэлтгэлтэй байдаг. Бэлтгэлээ яг Азийн АШТ-д зориулаад сар гаруй хугацаанд хийсэн.

-Азийн аварга болж, төрийн дууллаа эгшиглүүлэх мөчид хэр догдлов. Ер нь тийм сайхан мөчид юуны тухай бодсон бэ?

-Үнэхээр их баярласан бас огшсон. Төрийн дуулал эгшиглэн, алтан медалиа энгэртээ гялалзуулан зогсох мөч үнэхээр гайхалтай. Яг тэр үед төрсөн сэтгэгдлийг үгээр илэрхийлэх аргагүй. Тийм сайхан мөчид төрүүлж өсгөсөн аав, ээжээрээ, Ж.Еркин багшаараа их бахархлаа. Тэмцээнд оролцсон зардлаа хувиасаа гаргасан болохоор заавал амжилт гарган, ээжийгээ, багшаа баярлуулахыг хүссэн. Тэр хэрээр өөрийгөө дайчилж, мэрийлээ. Азийн аварга болчихоод ээжтэйгээ холбоо барихад “Охиноороо бахархаж байна. Мундаг шүү” гэсэн.

-Эх орондоо хурдан ирж, баярт мөчөө ээжтэйгээ, ойр дотныхонтойгоо хуваалцах сан гэж хэр их яарав?

-Нэг их яараагүй ээ.

-Ээждээ зориулж бэлэг авч амжсан уу?

-Амжаагүй ээ, чихэр, жимс л авсан. Санхүүгийн бэрхшээлийн улмаас ээждээ тэр бүр гоё юм авч өгч чаддаггүй. Ээждээ Азийн АШТ-ий алтан медальтай ирсэн нь хамгийн том бэлэг юм даа.  

-Азийн АШТ-ий мөнгө, гурван хүрэл медальт, улсын 10 гаруй удаагийн аварга Б.Түвшинбат таны ойрын хамаатан. Т.Номин-Эрдэнийг боксын спортоор хичээллэхэд юу нөлөөлсөн бэ?

-Агаагаа (Б.Түвшинбат) Лондоны олимпод оролцохыг нь зурагтаар үзээд боксын спортод татагдсан. Би багын эрэгтэйлэг байсан нь боксчин болоход, эл спортыг сонирхоход нөлөөлсөн байх. Эмэгтэй хүүхэд хичээллэх боломжтой спортын олон төрөл бий. Гэхдээ тэдгээрийн аль нь ч миний сонирхлыг бокс шиг татаагүй. Боксоор хичээллэхэд нөлөөлсөн ямар нэгэн шалтгаан байхгүй ээ. Анхандаа зүгээр л биеэ хамгаалж сурахын тулд боксын дугуйланд явсан юм. Аавтайгаа зөвлөж байгаад Ж.Еркин багшийн шавь болж, боксоор 2016 онд хичээллэж эхэлсэн. Түүнээс хойш өнөөг хүртэл бэлтгэлээ багшийнхаа удирдлагад хийн, амжилтын төлөө хамт зүтгэж явна. Анхандаа ээж нэлээд эсэргүүцсэн. Цус асгаруулан тоглох, нүүр, нүдээ хавттал өрсөлдөх надад ч бас аймар санагддаг байсан. Тэгээд яваандаа дасчихдаг юм билээ.

-Хамгийн анх ямар тэмцээнд оролцож байв?

-За, байз юу билээ. Боксоор хичээллээд зургаан сар болсныхоо дараа Чойрт зохион байгуулсан олон хотын өсвөр үеийн тэмцээнд оролцоод хүрэл медаль авсан юм байна.

-Одоогоор ямар, ямар амжилт гаргаад байгаа бол?

-УАШТ-ий өсвөр үеийн ангилалд сүүлийн хоёр (2017, 2018) жил түрүүлж, хоёулангийнх нь шилдэг тамирчнаар шалгарсан. Залуучуудын УАШТ-ий хошой хүрэл медальтай, “Олимпийн гараа” тэмцээний хошой аварга. Медаль авсан, шилдгээр шалгарсан өөр олон тэмцээн бий.

ӨӨРӨӨСӨӨ ДӨРВӨН НАСААР ЭГЧ ТАМИРЧИДТАЙ ӨРСӨЛДӨӨД ШИЛДЭГ БОЛСНОО ДУРСАХ ДУРТАЙ

-Санаанаас тань гардаггүй, хамгийн дурсамжтай тэмцээн аль нь вэ?

-2017 онд болсон “Дархан кап” тэмцээнд 14 настай өрсөлдөхдөө Мөнгөнсаран эгчид ялагдаад хүрэл медаль авсан юм. Залуучуудын ангилалд, өөрөөсөө дөрвөн насаар эгч боксчидтой тоглоод шилдэг тамирчнаар шалгарсан тэр тэмцээн хамгийн дурсамжтай нь. Санаанаас гардаггүй бас нэг тэмцээн бий. Ер нь тэмцээнд оролцоод ирэх бүрт аав намайг тосдог байлаа. Духан дээр минь үнсээд, урам хайрладаг байсан юм.

Өнгөрсөн жил Дорноговьд болсон өсвөр үеийн УАШТ-д өрсөлдөж байх үед аав бурхан болсон юм билээ. Тэмцээнд оролцож байхдаа би ер мэдээгүй. Түрүүлчихээд галт тэргээр буцаж явахдаа багшдаа “Өө, аавд хэлэхээ мартчихаж. Намайг тосохоо мартчих вий дээ” гэхэд “Аав нь тосохгүй ээ” гэсэн. Тухайн үед би “Өө, ямар муухай юм бэ. Алтан медаль аваад ирж байхад охиноо тосохгүй” гэж бодоод л өнгөрсөн. Ж.Еркин багш надад хэлж зүрхлэхгүй, яаж хэлэх учраа олохгүй л яваад байсан юм билээ. Багштай хамт гэртээ харихад хашааны хаалга онгорхой байв. Гэрт орохын өмнө багш “Амьдралд юу ч тохиолдож болно. Миний охин сэтгэлийн тэнхээтэй байгаарай” гэсэн.

-Үеийнхнээсээ цойлж яваа гэж багш нь түрүүн тодотгосон. Хамгийн сүүлд хэнд ялагдав?

-Энэ жил Дорнодод болсон тэмцээний аваргын төлөөх тоглолтод ялагдсан. Өөрийнхөө хүч сорьдог бус үнэмлэхүй жинд өрсөлдсөн, багшгүй оролцсон нь тоглолтод их нөлөөлсөн. Яалт ч үгүй жингийн зөрүү гарсан л даа.

-Үлгэрлэж, түүн шиг болохыг хүсдэг тамирчин бий юү?

-Байлгүй яах вэ. Би Оки ах (Гавьяат тамирчин Д.Отгондалай)-ыг их хүндэлдэг, шүтдэг.

ЭЭЖ АЙСАНДАА МИНИЙ ТОГЛОЛТЫГ ЕР ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ

-Ээж тань сэтгэлийн хөдөлгөөн хэр ихтэй вэ. Тоглолтыг тань үздэг үү?

-Айгаад ерөөсөө үзэж чаддаггүй. Тэр ч бүү хэл миний тоглолтыг зурагтаар ч үздэггүй. Миний тоглолт гарангуут сандарсандаа гялс өөр суваг дээр тавьчихдаг гэнэ лээ. Сая Азийн АШТ-ий аваргын төлөө тоглохын өмнөх шөнө ээж ер унтаагүй гэсэн. Шөнөжингөө залбирч хоносон гэнэ лээ.

-Рингэнд гарахдаа хэр их сандардаг вэ. Өөрийгөө хэрхэн тайвшруулж, хурцалдаг вэ?

-Ээж, багш хоёр маань миний төлөө бүхнээ зориулдаг, үргэлж санаа тавьдаг. Рингэнд гарахдаа ээж, багшийгаа боддог. Надад ялагдах эрх байхгүй, заавал ялна гэж өөрийгөө хурцлаад л өрсөлддөг.

-Бокс тулааны спорт тул эмэгтэй байтугай эрэгтэй хүн ч хичээллэхэд амаргүй. Шантрах үе гардаг уу?

-Надад ер хэцүү санагддаггүй. Зүгээр л би боксоор хичээллэх ёстой юм шиг санагддаг, хувь заяа гэж боддог. Би боксын спортод үнэхээр дуртай. Нөгөө талаар дуртай зүйлээ хийж яваа болохоор хэр баргийн зүйлд шантардаггүй байх. Ядарч, больё гэмээр санагдсан ч шүд зуугаад зүтгэдэг.

ГАР ХУГАРААД ДОЛООН ХОНОСНЫХ НЬ ДАРАА БЭЛТГЭЛДЭЭ ЭРГЭЖ ОРСОН

-Ер нь хүнд бэртэж байсан уу?

-Өнгөрсөн жил Чойрт болсон тэмцээний аваргын төлөө өрсөлдөж байхад гар хугарсан. Уйгагүй эмчилж, гам хийж байгаад таван сарын дараа эдгээсэн юм. Бэртэх хамгийн хэцүү. Тэглээ гээд би бууж өгөөгүй, зорилгоосоо ухраагүй. Ээж, багш хоёр бүх талаар дэмжсэний хүчинд богино хугацаанд спортдоо эргэж ирсэн.

-Хэр хугацааны дараа бэлтгэлдээ эргэж орсон бэ?

-Долоон хоногийн дараа.

-Тэгэхээр хугархай гартай бэлтгэл хийсэн гэсэн үг үү?

-Тийм ээ. Гараа гипсдэн, сойж байгаад л бэлтгэлээ хийсэн. Аль болох хөндөхгүйг хичээсэн, эрүүл гараараа түлхүү бэлтгэл базаасан.

-Боксын спортоор хичээллэхийн, дэвжээнд тулалдахын хамгийн сайхан нь юу вэ?

-Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн, ялах хамгийн сайхан.

ОЛИМПООС ЗӨВХӨН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭХ ЗОРИЛГОТОЙ

-Ивээн тэтгэж, цалинжуулдаг спорт хороо, байгууллага бий юү?

-"Си Даблью Эм Жи Эл" компанийн захирал Дастан ах надад туслаж, дэмждэг.

-Таны хамгийн том зорилго юу вэ?

-Тамирчин бүхэн олимп, дэлхийн аварга болохыг мөрөөддөг. Би ч бас. Гэхдээ олимпоос мөнгө, хүрэл бус зөвхөн алтан медаль хүртэх зорилготой.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Одоохондоо энэ талаар бодсон юм алга. Бага байхдаа зураач, жүжигчин болохыг мөрөөддөг байсан. Бэлтгэл сургуулилалт, тэмцээн гэсээр чөлөөт цаг хомс. Англи хэл, Орос хэлний хичээлдээ дуртай.

-Энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-д оролцох уу?

-Өрсөлдөнө, 57 кг-д хүч сорих бодолтой. 57 кг-д Азийн аварга Т.Болортуул эгч тэргүүтэй олон шилдэг бий. Аваргыг ялж аварга болдог гэдэг. Тиймээс амжилт гаргахын төлөө бүхнээ дайчилна. Би өнгөрсөн жил насанд хүрэгчдийн УАШТ-д анх өрсөлдөхдөө шилдэг наймд шалгараад өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт М.Энхжаргал эгчид ялагдсан. Тэгэхэд ер нь надад нөөц, боломж байгааг мэдэрсэн юм. Одоо айдгаа ардаа хийчихсэн болохоор өмнөхөөсөө хавьгүй туршлагатай өрсөлдөх байх. Намайг үргэлж дэмждэг Монголын боксын холбооны хамт олон, Ж.Еркин багшдаа, "Си Даблью Эм Жи Эл" компанийн захирал Дастан ахдаа, ээждээ маш их баярлалаа.

Б.БУЯНДАЛАЙ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 23, 2019 14:07

Мундаг багштай байна шүү. Ажил амьдр�##�д нь амжилт хүсэе

LesOrdiff
LesOrdiff
1 сар 18, 2020 18:34

Cialis 10mg Filmtabletten 4 Stuck Propecia Epilobio Precio Buy Fluconazole [url=http://cialibuy.com]Cialis[/url] Propecia Sperm Volume Kama

MatFuse
MatFuse
1 сар 27, 2020 04:52

Vimax [url=http://buyciallisonline.com]cialis 5mg best price[/url] Amoxicillin 500mg Cheap Cialis Achat Viagra Pfizer Ligne

LesOrdiff
LesOrdiff
2 сар 3, 2020 18:00

Buy Plavix Us http://buyciaonlinex.com/# - Buy Cialis Commande Viagra Cialis Cialis Viagra Kaufen Mit Paypal

Холбоотой мэдээ

Back to top button