Дата: Ялалтын баяраар хандив цуглуулсан сүм Оросын хувьцаа эзэмшигчтэй, Беларусь иргэн дээр бүртгэлтэй

Амралтын өдөр болсон Ялалтын баярыг тэмдэглэх үеэр манай улсаас ЗХУ-д төгсөгчид оюутны холбооны төлөөлөл үг хэлсэн юм. Тэрбээр "2014 онд Украинд гарсан төрийн эргэлтийн улмаас орос хэлтэй иргэдийг шахан хавчиж байна. Мөн зарим хотуудыг нь улс хэмээн хүлээн зөвшөөрсөн Оросын эсрэг босож буй. Монгол Улс өмнө жил Донецк, Луганскийн зарим иргэдэд тусламж үзүүлсэн. Энэ жил ч бид тусламж үзүүлэхээр хандив цуглуулж байна" хэмээн дансаа хэлж, хандив авч байгаа гэв.
Тэгвэл тус дансыг шалгаж үзэхэд "Үнэн алдартны шашны тройцкийн сүм" нэртэй ашгийн төлөө бус байгууллага хэмээн улсын бүртгэлд бүртгүүлжээ. Тус байгууллагыг анх 2013 оны зургаадугаар сарын 18-нд бүртгүүлсэн байна.
Улсын бүртгэлд хувьцаа эзэмшигч гишүүний тоо нэг хэмээн заасан бөгөөд ОХУ-ын харьяа бүхий байв. Хувьцаа эзэмшигч нь "Оросын үнэн алдартны сүм" юм.
Харин манай улсад итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эрх барих этгээдийн мэдээлэлд Бүгд найрамдах Беларусь улсийн иргэн Антон Сергеевич Гусев бүртгэлтэй байлаа. Тэрбээр 2019 оны тавдугаар сарын 28-нд албан ёсны итгэмжлэлгүйгээр төлөөлөх тэргүүн болжээ. Харин эцсийн өмчлөгчөөр 2020 оны нэгдүгээр сарын 23-нд бүтгүүлсэн аж.
"Үнэн алдартны шашны тройцкийн сүм" анх байгуулагдахдаа Есүс христийн сайн мэдээг түгээн дэлгэрүүлэх чиглэлтэй ажээ.
Үнэн алдартны шашин нь Ариун гурвалд итгэдэг бөгөөд католикчуудын адил итгэл бишрэлээ загалмайлж илэрхийлдэг аж. Ромын эзэнт гүрэн задарч хоёр хуваагдаж Зүүн Ром буюу Византийн эзэнт гүрний үед Католик сүмээс 1054 онд тусгаарлагдаж Үнэн алдартны шашин бий болсон байна. Өдгөө 250 орчим сая хүн даган шүтдэг ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.