Гадаад харилцааны сайд Д.Батцэцэг өнөөдөр Чехэд айлчилна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөдөр Бүгд Найрамдах Чех Улсад айлчлал хийнэ. Уг айлчлал хоёр хоног үргэлжлэх юм.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Чехийн Гадаад хэргийн сайд Ян Липавскийтай хэлэлцээ хийж, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэх ажээ.
Мөн геологи, уул уурхайн салбар дахь харилцааг сэргээх, эрчимжүүлэхийг зорьж, хамтран ажиллах баримт бичгийг байгуулах аж.
Мөн Чех Улсын Сенатын танхимын дарга, Шадар сайд, Үйлдвэр, худалдааны сайдтай тус тус уулзалт хийж, хоёр орны уламжлалт, найрсаг харилцааг бэхжүүлэх талаар ярилцах юм байна.
Түүнчлэн энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийн хэрэгжилт, Чех Улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, тэтгэврийн асуудлаар санал солилцоно.
Бүгд Найрамдах Чех Улсад манай орны 12 гаруй мянган иргэн албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, оршин суудаг ажээ. Энэ үзүүлэлтээрээ Европтоо тэргүүлж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.