Top StoriesНИЙГЭМ

Сурвалжилга: Сэтгэлийн хөөрлөөр амьтан худалдаж авдаг ч, залхаад "үнэгүй" буцаадаг

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй амьтан үржүүлгийн томоохон газруудын нэг болох “Мянган найз”-ыг зорилоо. Энд муур болон нохойн үржүүлэг хийж, бойжсон амьтдыг дэлгүүрт хүргэдэг юм. Бид амьтан худалдаалах болон тэжээх асуудлыг хөндөж, дараах мэдээллийг бэлтгэлээ.

-Хүмүүс сэтгэл хөдлөлдөө автаад амьтан худалдаж авах нь элбэг-

“Мянган найз” амьтан үржүүлгийн газрын ажилтан Ц.Лхагважавтай ярилцлаа. 

-Танай үржүүлгийн газарт хэчнээн тооны амьтан байна. Хэдээс хэдэн төгрөгийн үнэтэй вэ? 

-Манайд 50 төрлийн 300 гаруй нохой, муур бий. Тус амьтад ОХУ, БНХАУ- аас гаралтай. Үнийн хувьд 350 мянгаас 1 сая 500 мянган төгрөгийн хооронд байдаг. Хүмүүс үржүүлгийн газар дээрээс аль эсвэл манай салбар дэлгүүрүүдээс худалдан авалт хийдэг. 

-Худалдан авагчид ихэвчлэн хэдэн насныхан эзэлж байна? 

-Манайхаас амьтан худалдаж авах хүмүүсийн ихэнх нь сургуулийн насныхан байдаг. Тэд ээж, аавтайгаа хамт ирж сонирхсон амьтнаа авна.  

-Жилийн аль үеэр худалдан авалт нэмэгддэг вэ. Яагаад? 

-Амьтдын эрэлт зуны улиралд нэмэгддэг. Учир нь энэ үеэр сургуулийн амралт эхэлдэг. Эсрэгээрээ өвлийн улиралд эрэлт буурна. Яагаад гэвэл хүйтний улиралд амьтан өвчлөмтгий болж мөн гадна салхилуулахад төвөгтэй болдог.  

-Хүмүүс ямар төрлийн нохой сонгодог вэ? 

-Өсөлт багатай жижиг үүлдвэрийн нохойг сонгодог. Тэд том нохойг бодвол арчилгаа багатай, гэрийн нөхцөлд тохиромжтой байдаг юм.  

-Амьтан тэжээхэд юуг анхаарах шаардлагатай вэ? 

-Амьтан тэжээж эхлэхэд хэд хэдэн зүйлс бий. Үүнд вакцин, туулга, хоол хүнс, дулаан хэвтэр багтана. Хүмүүс сэтгэл хөдлөлдөө автаад амьтан худалдаж авах нь элбэг. Тэдний зарим нь буцаадаг. Ингэхдээ худалдаж авсан өртгөө буцааж авдаггүй. Төвөгшөөж, залхсан байдалтай аваад ирдэг. Ингэж төлөвлөөгүй үйлдлийнхээ хариуд мөнгө санхүү, цаг хугацаагаараа битгий хохироосоо хэмээн боддог юм.  

-Амьтад буцаж ирдэг гэлээ. Хэчнээн хугацааны дараагаар, ямар шалтгаанаар буцаадаг вэ? 

-Нэг жил тэжээсэн амьтнаа буцааж өгөх нь бий. Тэр бүрд нь авахгүй байх хэцүү. Хэрэв бид авахгүй гэвэл гудамжны амьтан нэгээр нэмэгдэнэ шүү дээ. Буцаад ирж буй амьтад өрөвдмөөр санагддаг. Гэвч хэсэг хугацааны дараа шинэ орчинтойгоо дасан зохицож эхэлдэг юм. Шалтгааны хувьд янз бүр. Хаа нэг тийшээ нүүх аль эсвэл хэрэглээг нь дийлэхгүй, цаг зав зарцуулж чадахгүй зэрэг. 

-Гудамжны амьтдыг цөөрүүлэхийн тулд юуг хийх шаардлагатай гэж бодож байна? 

-Нохой муурыг паспорттой болгоод өгчихвөл золбин нохойн тоо багасна гэж бодож байна. 

-Амьтан тэжээх гэж буй хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна? 

-Худалдаж авсан амьтнаа өрхийн нэг гишүүн шигээ үзэж, хүүхэд шигээ хайрлаасай хэмээн боддог. 

Худалдан авагчдын дийлэнх нь хүүхдүүд. Тэдний хүсэл мөрөөдлийн нэгээхэн хэсэгт амьтан байдаг тухайгаа ярьж байлаа. Хүүхдүүдээс гэрийн тэжээвэр амьтдын талаарх тэдний бодлыг асуусан юм.  

-Н.Батбилэг: Гэртээ тэжээвэр амьтантай болохыг мөрөөддөг-

Бид хамгийн түрүүн долоон настай Батбилэг хүүгийн сэтгэгдлийг сонслоо.

-Гэртээ тэжээвэр амьтантай болохыг мөрөөддөг. Тэр дундаа муур болон нохойтой болохыг хүсдэг юм. Гэхдээ ээж маань зөвшөөрдөггүй. Яагаад гэвэл нохой хуцаад шөнө унтуулдаггүй, төвөгтэй байдаг гэсэн. Гэхдээ өвлийн өвгөнөөс нохойтой болгож өгөхийг гуйна.  

-А.Буян-Өлзий, А.Баяржаргал: Муур, нохойтой болмоор байгаа ч аав, ээждээ хэлээгүй-

-Гэртээ амьтан тэжээхийг хүсдэг. Тэр дундаа муур болон нохойтой болмоор байгаа. Яагаад гэвэл тэд хөөрхөн, хамт байхад зугаатай байна байх. Амьтан гэртээ тэжээхийг хүсдэг ч ээж аавдаа авъя гэж хэлж байгаагүй.

-Анар: Нохой бол хүний хамгийн сайн найз, тэжээнэ гэж аваад орхиж хэрхэвч болохгүй-

-Гэрийн тэжээвэр амьтантай юу? 

-Би гэрийн тэжээвэр нохойтой. Тэжээгээд дөрвөн сар болж байна. Өмнө нь нэг нохойтой байсан, манайх. Харин яагаад тэжээхээ больсон шалтгааныг мэддэггүй. Би тэгэхэд дөрвөн настай байсан. 

-Яагаад амьтан тэжээх болсон бэ. Өдөрт хэчнээн хугацааг хамт өнгөрүүлж байна? 

-Би гэртээ ганцаараа байхдаа гунигладаг, тэр үед нохой минь надад хань болдог юм. Нохой хэрсүү амьтан л даа. Эзнийхээ сэтгэлийг ойлгодог юм шиг санагддаг. Өглөө, оройдоо нэг удаа салхинд гаргана. Бусад ажлынхаа хажуугаар аль болох их цагийг өнгөрүүлэхийг хүсдэг дээ. 

-Нохой тэжээхэд хамгийн түрүүнд юу шаардлагатай байсан бэ?  

-Хашаа, ор, хоол, памперс, тоглоом, хүзүүвч гэх мэт зүйлс хэрэг болсон. Тэдгээрийг өртгөөр тооцвол 1 сая орчим төгрөг болсон. 

-Амьтан тэжээж эхлэх гэж буй найзууддаа хандаж юу гэж хэлмээр байна? 

-Нохой бол хүний хамгийн сайн найз, тэжээнэ гэж аваад орхиж хэрхэвч болохгүй. Хэрэв амьтан тэжээхээр нэгэнт зорьсон бол насан туршид нь хайрлаж, хамгаалж явах хэрэгтэй шүү. Гудамжид хаягдсан муур, нохойг нь харж байсан. Хөөрхий амьтдыг ингэж орхиж яав ч болохгүй. Тэжээж, арчилж чадахгүй юм бол худалдаж авах ч хэрэггүй шүү. 

Тэжээвэр амьдралд дасчихсан амьтад гэрээсээ холдож явбал айна, яаж хоолоо олж идэхээ ч тэд мэдэхгүй. 

Амьтад балчир үедээ юугаа ч мэдэхгүй, ярьж, өөрийгөө илэрхийлж чадахгүй шүү дээ. Тийм болохоор хүүхэд шиг хандах ёстой. Байнгын халамж шаардлагатай гэж бодож байна. 

-Эрмүүнзаяа: Нохойгоо зарсандаа харамсдаг- 

-Би нохойнд хайртай. Өнөөдөр нохой авахаар амьтны дэлгүүрт ирээд байна. Би өмнө нь нэг нохойтой байсан ч нэг жил болоод зарсан юм. Яагаад гэвэл хичээл ихтэй, харах хүнгүй болчихсон. Нохойгоо зарсандаа харамсадаг болохоор энэ удаад зайлшгүй шаардлага гарсан ч зарахгүй гэж бодож байна.  

Нохойтой сайн найз байж чаддаг. Хүүхдүүд сэтгэлийн хөдөлгөөнөөрөө амьтан худалдаж аваад орхиж болохгүй. Тухайн амьтныг хайрлаж, насан туршид нь хамт байгаасай гэж хүсмээр байна. 

Хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг нь биелүүлж сонирхсон амьтанг нь авч өгдөг хүмүүс бол эцэг эхчүүд. Хэдийгээр эцэг эхчүүдэд амьтан тэжээх төвөгтэй санагддаг ч, гэр бүлд авч ирэх эерэг уур амьсгал авч ирдэг тул тэжээж эхэлдэг байна. 

-Б.Сэлэнгэ гурван хүүхдийн ээж: Амьтны өмнө хүлээх ёстой хариуцлагаа ойлгосон үедээ тэжээж болно-

-Өмнө нь нохойтой байсан юм. Тэр нохойгоо гурван жил тэжээсэн боловч алга болгочихсон. Хүүхдүүд маань дахиж нохойтой болохыг хүсдэг учраас нохой сонирхохоор явж байна. Тэжээнэ гээд авчхаад гаргаад хаях муухай. Тэжээвэр амьтан гэдэг хүүхдээс ялгаагүй арчилгаа шаарддаг. Гэхдээ томроод ирэхээрээ хүний туслалцаагүйгээр зарим зүйлсийг хийж сурдаг. Хүүхдүүд ч томчууд ч амьтны өмнө хүлээх ёстой үүрэг, хариуцлагаа ойлгосон үедээ тэжээх хэрэгтэй.

-Н.Цолмон хоёр хүүхдийн ээж: Амьтан тэжээхэд хариуцлага шаардлагатай-

Манайх хүүхдүүд 4, 3 настай. Одоогоор амьтан тэжээхийг мэдэхгүй. Амьтан тэжээхэд хариуцлага шаардлагатай. Үүнийг ойлгосон үедээ тэжээхийг хүсвэл татгалзахгүйгээр авч өгнө. Миний хувьд гурван ч удаа амьтан тэжээж байсан. Хамгийн ихдээ нэг жил тэжээж байсан юм. Тухайн үед дүүтэй болсон тул өөр айл руу явуулж байсан.  

Ихэнх хүмүүс нохойгоо гудамжинд орхичихдог. Энэ байдал надад муухай санагддаг. Яагаад гэвэл амьд амьтан шүү дээ. Гудамжны нохойг багасгая гэвэл спейг хэрэглэх нь зөв гэж боддог. Хэрэв эмэгтэй нохойг худалдаж авсан тохиолдолд эхний ээлжид спей хийлгэх нь зөв гэж боддог.  

-Б.Мөнхбат: Нохой, муурын эмнэлгийн бүтэн жилийн үйлчилгээ 100 мянган төгрөгт багтдаг-

Тэжээвэр амьтдын эмнэлэг. Энд шаардлагатай вакцин тариа, угаалга, эмчилгээнд бүрэн хамрагддаг. “Жаргал мал эмнэлэг”-ийн ерөнхий эмч Б.Мөнхбаттай ярилцлаа.  

-Амьтад ямар тохиолдолд танай эмнэлгийг зорьдог вэ. Одоогоор хэчнээн амьтныг эмчлээд байна? 

-Манай эмнэлэг жижиг амьтан буюу нохой, муур, гэрийн тэжээвэр амьтдын эмчилгээ үйлчилгээ, асаргаа сувилгаа гэх мэт үйлчилгээг үзүүлдэг. Ойролцоогоор 15000 орчим амьтанд эмчилгээ хийлгэсэн байх. 

Улаанбаатар хотод муураас муурандаа халддаг мөөгөнцрийн халдвар түгээмэл байдаг. Янз бүрийн гадна, дотно шимэгч халдварууд ч байдаг. Мөн вирусийн гаралтай, ходоод гэдсийг үрэвсүүлж, амьсгалын замыг цочроодог өвчин бий. Эдгээр өвчлөл сүүлийн жилүүдэд ихээр оношлогдож, эмчилгээ хийлгэж байна.  

Нохойн хувьд нохойн гудран өвчин, вирусийн гаралтай өвчнүүд байдаг. Сүүлийн жилүүдэд харьцангуй багасаж байна.  

-Амьтан тэжээх гэж зэхэж буй хүмүүс юуг анхаарах шаардлагатай вэ? 

-Сүүлийн нэг хоёр жил гудамжны нохой муур багассан юм шиг харагддаг. Ер нь амьд амьтанд хариуцлагатай хандах шаардлагатай байдаг юм.  

Тухайн амьтанд хоол тэжээл, мал эмнэлгийн үйлчилгээ, бусад тоног хэрэгсэл гээд өчнөөн зүйлс шаардлагатай. Түүнээс гадна тухайн эзнээс хайр халамж, цаг зав шаардагддаг юм. Жишээлбэл, өдөрт гурваас дөрвөн удаа гадна салхилуулах, үс ноосыг нь арчилж байх, хоол ундыг нь тохируулж өгөх гээд олон төрлийн асаргаа сувилгаа хэрэгтэй. Эдгээрийг урьдчилан тооцсоныхоо дараагаар л тухайн амьтныг тэжээх хэрэгтэй. 

Амьтан бүрд өөр өөрийн гэсэн онцлог, ааш араншин бий. Тэдгээрийг сайн судалж мэдснийхээ дараагаар тэжээж эхэлбэл зохино.  

Нохой гэдэг амьтны бие махбод, бодисын солилцоо нь хүмүүсийнхээс тэс өөр. Илүү идэвхтэй хурдан явагддаг юм. Хүн есөн сар тээгээд хүүхэд төрүүлдэг бол нохой 60 хоног тээгээд гөлөглөдөг.  

Нэг настай гөлөг 18 настай хүнтэй тэнцэх хэмжээний чадамжтай байдаг. Маш хурдацтай өсөж бойжиж байдаг амьтан. Тэр утгаараа 14, 15 жил амьдрахад 80,90 настай хүний биеийн онцлог, чадамжтай тэнцэнэ. Энэ бүхий л хугацаанд нь хайрлаж халамжилж чадна гэсэн сэтгэлийн бэлтгэлтэй болсон үедээ л амьтныг авах хэрэгтэй. 

Нохой ч бай, муур ч бай хүнд амархан дасдаг амьтан. Тухайн амьтны бүх зүйл нь түүний эзэн байдаг. 

-Ямар тохиолдолд хүмүүс тэжээж буй амьтдаа орхидог гэж бодож байна? 

-Зан араншингийн өөрчлөлт, өвчлөл, тухайн амьтнаасаа залхах, тэвчихийн аргагүй болох мөн бусад хүндэтгэх шалтгаанууд бас бий. Үүнд, амьтны үс ноосноос харшил өгөх гэх мэт. Ер нь амьтанг худалдаж авахдаа өөрийгөө болон тухайн амьтнаа судлах хэрэгтэй. Бие махбод, физиологи, амьдрах орчин нөхцөл, бусад зүйлс үүнд хамаарна. 

-Мал эмнэлгийн үйлчилгээ ямар шаардлагатай вэ? 

-Ямар ч амьтанд мал эмнэлгийн үйлчилгээ эхний байдлаар чухал байдаг. Энэ эмчилгээг хийлгэснээр та өөрийгөө болон гэр бүлээ, нохойгоо хамгаалж байна гэсэн үг юм. Цаашилбал нийгмийн эрүүл мэнд, эрүүл байдалтай салшгүй холбоотой юм. Энэ нь төлж буй мөнгөн төлбөртэйгээ харьцуулшгүй ач холбогдолтой.  

-Та гэртээ амьтан тэжээдэг үү. Хоол хүнс бусад зардлын тухайд?  

- Манайх муур болон нохойтой. Өмнөх муураа 16 жил тэжээсэн бөгөөд хөгшрөөд өнгөрсөн юм. Шинэ мууртай болоод нэг жил болж байна. Харин нохой маань 12 жил болж байна. Нохой, муурын мал эмнэлгийн бүтэн жилийн үйлчилгээ 100 мянган төгрөгт багтана. Сардаа 100-150 мянган төгрөгийн хоол хүнс хэрэглэдэг. Тэдэнд зарцуулж буй мөнгөнөөс илүүтэйгээр гэр бүлд авч ирж буй эерэг уур амьсгал, эзнийгээ хараад баярлаж, хүүхдүүдийнхээ амьтнаа хайрлаж буй байдал, цаг хугацаа зарцуулж байгааг харахад сайхан байдаг. 

-О.Мичидмаа: Манай нохой нэг сард 300 мянга орчим төгрөгийн хэрэглээтэй-

Намайг Одгэрэлийн Мичидмаа гэдэг, би 16 настай. Манай нохой 2 сартай.  Өмнө нь нохойтой болохыг хүсдэг байсан. Багаасаа амьтанд хайртай байсан болохоор ээж, ааваасаа авч өгөхийг хүсдэг байсан юм. Гэтэл гэр бүлийнхэн маань амьтан тэжээхдээ бэлэн болсон үедээ аваарай гэж хэлж байсан. Би тэр үед жаахан гомдож байсан л даа. Гэхдээ ээж, аав маань амьтан гэдэг тоглоом биш гэдгийг ойлгодог болохоороо авч өгдөггүй байсныг ойлгосон юм. Амьтад хүмүүсийг бодвол өвөрмөц ертөнцтэй. Тэд өөрийн гэсэн дотоод сэтгэлтэй бөгөөд, үнэнч.  

Хүмүүс амьтныг маш амархан зүйл гэж бодож хуймгаа ханддаг. Тэднийг хөөрхөн харагдахаар нь сэтгэлийн хөдөлгөөнөөрөө худалдаад авчихдаг. Хэчнээн хайр татдаг ч гэсэн бид нарын бодож байгаагаас илүү арчилгаа шаарддаг юм байна лээ.  

Байнга хөөрхөн байдаггүй. Хэсэг хугацааны дараа нохой сэтгэлийг татахаа болиод уйтгартай санагдах үед гардаг. Эхэн үедээ хэцүү байдаг л даа. Маажиж, хазах тохиолдол бий. Гэхдээ энэ бүхнийг тэвчихийг хичээдэг дээ. 

Мөн өртгийг нь тооцох хэрэгтэй. Жишээлбэл, манай нохой нэг сард 300 мянга орчим төгрөгийн хэрэглээтэй. Анхнаасаа тооцоолохгүйгээр аваад хэрэглээ ихтэй болохоор нь гудамжинд хог шиг гаргаад хаядаг нь таалагддаггүй. 

Миний хувьд бүхий л өдрийг нохойтойгоо өнгөрүүлэхийг хичээдэг. Мөн нохойндоо шаардлагатай эмнэлгийн үйлчилгээг хийлгэхийг хичээдэг. Тус эмчилгээ амьтанд дархлаа суулгаж, өвчин эмгэг авахаас урьдчилан сэргийлж байдаг гэж боддог.

Улаанбаатар хотод орхигдсон амьтдыг аврах, бэртэж, гэмтсэнийг нь эмчлэх, эзэнтэй болгох ажлуудыг сайн дураараа хийдэг “Азтай савар амьтанд хайртай залуус”, “ Сайн санаа амьтдад” төрийн бус байгууллага, “UB shelter Mongolia” амьтан асрах төвүүд үйл ажиллагаа явуулж байна.  

Удахгүй амьтдын тухай хуульд өөрчлөлт орох гэж буй. Одоогийн байдлаар хэрэгжиж буй хуультай танилцахыг хүсвэл Энд дарна уу. 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 12, 2023 10:10

ene humuus bvtkvve

Зочин
Зочин
6 сар 13, 2023 08:59

Байр орон сууцны айлууд нохой, муур тэжээх зохимжгүй. Ш�##� дэмий. Нохой, муурны татварыг нэмэх хэрэгтэй.

Зочин
Зочин
6 сар 15, 2023 05:03

Хариуцлагатай эзэн болж чадахгүй байж битгий амьд амьтнаар тоглоод, хаяад байгаач эээ.энд эмчээс өөр яриа өгсөн бүх хүмүүс ч бас л итгэхийн аргагүй хүмүүс байна

Холбоотой мэдээ

Back to top button