Чуулган: Б.Пүрэвдорж гишүүн хоёр жагсаалд уриалав

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүд горимын санал хэлэв.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн ҮХЦ-ийн 02 дугаар тогтоолын талаар шүүмжилж, ам нээв.
Тэрбээр "Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг үндэслэж, Шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг түдгэлзүүлсэн нь хардлага төрүүлээд байна. Үндсэн хууль зөрчөөгүй гэчхээд Шүүхийн тухай холбогдох заалтуудыг түдгэлзүүлсэн. Ямар маргааныг УДШ-ээр хэлэлцүүлэх гээд ингээд байна байна вэ. Ямар лобби явагдах гээд байна. Үүнийг хардаж байна. Энэ хуулиудын заалтыг түдгэлзүүлэхдээ 2023 оны арванхоёрдугаар сарын 23-наас түдгэлзүүлнэ гэсэн. Гэтэл яагаад УИХ энэ асуудлыг хэлэлцдэг юм" хэмээлээ.
Түүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар: ҮХЦ-ийн тогтоолуудыг өнгөрөгч долоо хоногт хэлэлцсэн. Хүлээн аваад шийдвэрлэчихсэн. Тухайн үед энэ асуудлаар маргааш мэтгэлцээн, асуулт хариулт явагдсан.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Маргаашнаас эхлээд хоёр жагсаал хийнэ. Нэг нь хуурамч шатахуун, нөгөөх нь тэтгэврийн асуудал. ирээрэй" хэмээн олон нийтийг уриалав.
Тэрбээр, "Ойрын өдрүүдэд хоёр жагсаал хийнэ. Эхнийх нь ҮХЦ-ийн гадаа. Өнгөрсөн 2021 оны долдугаар сард хоёр жилийн турш тэмцэж байж хуурамч шатахууны эсрэг хуулийг УИХ-аар батлуулсан. Гэтэл энэ хуулийг Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэж, хүлээж авсан байна. Энэ хуурамч шатахуунаар нийт зах зээлийн 20 хувийг хольж, 200 мянган тонн шатахуун хуурамчаар хольж ард иргэдэд зардаг байсан. Иргэдийн машиныг эвдэлдэг байсан. Үр хүүхэд амьсгалж хорддог.
Нөгөөх нь тэтгэврийн асуудал. Таван жилийн хугацааг долоо болгох асуудлаар ахмадууд надтай нэгдэж тэмцээрэй. Тэтгэврийн асуудлаар дуугардаг Н.Учрал гишүүн чимээгүй байна. Очоод үг хэлээрэй. Г.Тэмүүлэн гишүүн ч бас. Та бүхнийг урьж байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.