ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Бодлогын хүү: Англи 0.5, Турк 8.5 хувиар нэмлээ. АНУ, Монгол хэвээр хадгалав

Энэ оны эхний хагас жил өнгөрснөөс хойш улс орнуудын хувьд бодлогын хүүгээ хэрхэн шийдвэрлэх нь анхаарал татсаар. Экспортын харилцаанд тулгуурлах глобалчлалын үед улсуудын бодлогын хүү хэрхэх нь цар тахлаас хойш хамгийн их анхаарал хандуулах сэдвүүдийн нэг болоод буй.

Томоохон улс орнуудын хувьд бодлогын хүүгээ бууруулах гэж яарахгүй байна. Учир нь цар тахал хийгээд Орос-Украины мөргөлдөөний дараагаар бараа бүтээгдэхүүн болон газрын тосны бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа нь инфляцыг өсгөж, улмаар бодлогын хүүг нэмэхэд чиглэхээс бус буруулахад анхаарахгүй байгаа юм.

Сүүлийн долоо хоногийн хугацаанд дэлхийн хэд хэдэн улс бодлогын хүүгээ нэмсэн бол зарим нь хэвээр хадгалав.

-Монгол: Бодлогын хүүг 13 хувьд хадгалахад төсвийн тодотгол нөлөөлөхүй-

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Хэдийгээр инфляцын түвшин буурч 11.3 хувьд хүрсэн хэдий ч төсвийн зардал 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нийлүүлэлтээс үүдэлтэй инфляцыг өсгөх эрсдэл дагуулж буй. Түүнчлэн урт хугацаанд мах, махан бүтээгдэхүүний үнэ өссөн хийгээд импортын бараа бүтээгдэхүүний үнэ буурах эрч хүлээлтэд хүрэхгүй байгаа юм.

Өнгөрсөн он гарснаас хойш нийтдээ таван удаа бодлогын хүүг нэмсний эцэст 2022 оны арванхоёрдугаар сарын 16-наас хойш өнөөдрийг хүртэл бодлогын хүү 13 хувьтай байна. 2022 оны нэгдүгээр сарын 1-тэй харьцуулахад өнөөдрийн байдлаар бодлогын хүү 2.2 дахин өссөн юм.

-АНУ: Бодлогын хүүгээ хэвээр үлдээсэн ч цаашид 0.25-0.5 нэгж өсгөнө-

2022 оны гуравдугаар сараас хойш 15 дараалан өсөөд байсан бодлогын хүүг 5-5.25 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг АНУ-ын Төв банкнаас гаргасан билээ. Тус улсад инфляцын дарамт одоо ч байсаар. Хэдийгээр инфляцын түвшин нь буурч, дөрвөн хувьтай гарсан ч хоёр хувьд хүргэх зорилт тавьж байгаа тул цаашид шаардлагатай хэмээн үзвэл бодлогын хүүгээ нэмэх билээ.

Хэрэв таамагласан хэмжээгээр инфляцын түвшин буурахгүй бол энэ он дуусахаас урьтаж хоёр удаа 0.25-аар эсвэл 0.5 нэгжээр бодлогын хүүгээ өсгөх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

-Англи болон Норвеги: 0.5 нэгжээр нэмлээ-

Англи болон Норвегийн Төв банкууд бодлогын хүүгээ нэмж, мөнгөний хатуу бодлого баримтлахаар шийдвэрлэлээ.

Дээрх хоёр улсын Төв банкууд бодлогын хүүгээ тус бүр 0.5 нэгжээр нэмж, таван хувьд хүргэжээ. Дээрх улсуудын хувьд инфляцын түвшин өндөр байгаагаас гадна АНУ-ын Төв банкнаас цаашид мөнгөний бодлогоо нэмнэ гэх шийдвэр гарсан нь эдгээр улсууд бодлогын хүүгээ нэмэхэд нөлөө үзүүлсэн байна.

Их Британид инфляцын түвшин найман хувиас дээш байгаа бөгөөд эрчим хүчний үнийн өсөлт 31 жилийн дээд түвшинд хүрээд буй.

Норвегийн хувьд Төв банкнаас нь бодлогын хүүгээ хагас суурь буюу 0.5 нэгжээр нэмэх гэнэтийн шийдвэр гаргасан нь тус улсын валютын огцом өсөлттэй холбоотой ажээ.

-Турк: Хамгийн их буюу 6.5 хувиар нэмэгдэв-

Туркийн Төв банкны Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаас гарсан шийдвэр эдийн засаг судлаачдыг гайхшируулав. Учир нь тэд дэлхийн бусад улсуудтай харьцуулахад бодлогын хүүгээ огцом нэмлээ.

Тодруулбал, тэдний хувьд бодлогын хүүг 8.5 хувиас 15 хувьд хүргэсэн юм. Учир нь тус улсад инфляцын түвшин маш өндөр буюу 40 хувь хэвээр байгаа.

Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар улиран сонгогдсон Режеп Тайип Эрдоган сонгуулийн амлалтдаа инфляцын түвшинг буулгана хэмээж байв. Тэгвэл Ерөнхийлөгч болсноос нь хойш гарсан хамгийн том шийдвэрүүдийн нэг бодлогын хүүг өсгөсөн явдал байсан нь түүний сонгуулийн амлалттай холбоотой байх магадлалтай хэмээн Турк судлаачид таамаглаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэ
Эрдэнэ
6 сар 24, 2023 17:57

Хөшөөчих юмаа

Холбоотой мэдээ

Back to top button