"Бэлтгэлээ сайн хийсэн ч 4 оноо алдчихлаа. Энэ жил байр эзлэхгүй байх"

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадам тохиож буй.
Урианхай сурын харваагаар эхэлсэн баяр наадам буриад сураар үргэлжилсэн юм. Өнөөдөр үндэсний сурын харвааны нээлтээ хийсэн билээ. Буриад сур харваанд 218 харваач цэц мэргэнээ сорьсон юм. Харин урианхай сурын харваанд 400 харваач бүртгүүлсэн билээ.
Үндэсний сурын харваанд нийт 540 харваач хурц мэргэнээ сорьж байна. Үүнээс 360 нь эрэгтэй, үлдсэн нь буюу 180 эмэгтэй байгаа юм. Өнөөдрийн харваачид нь 1300 хүнээс шигшигдсэн тамирчид ажээ.
Тэгвэл энэ үеэр зарим харваачдын сэтгэгдлийг сонссон юм.
Дэд мастер Ц.Будгэрэл "Би хоёр дахь жилдээ харваж байна. Өмнөговь аймгаас ирсэн. Энэ жил спортын мастер цол хүртсэн. Улсын наадамд анх удаа оролцож байгаа. Аймгийн баяр наадам давхацсан тул энэ жилдээ улсад л оролцож, харвах төлөвлөгөөтэй байна. Хасааны эхэн өргийн адаг болж өндөрлөлөө. Энэ жилийн хувьд байр эзэлж чадахгүй болов уу. Ханан дээр дөрөв алдсан. Одоогийн байдлаар нийт 16 сум дутуу байгаа. 24 сумнаас 20 оносон.

Бусад тамирчид сайн байна. Эрэгтэйчүүдийн ангилалд 360 орчим хүн бүртгүүлжээ. Бүгд Улсын аварга шалгаруулах тэмцээнээс шигшигдэж гарч ирсэн хүмүүс юм. Тиймээс бүгд чансаатай, сайн тамирчид өрсөлдөж байгаа юм. Миний хувьд бэлтгэлээ эртнээс хангасан бөгөөд зорилгынхоо 50 хувьд нь хүрлээ" гэв.
Монгол Улсын мэргэн Э.Цогбаяр "Би 2008 оноос хойш энэ спортоор хичээллэж байна. 2019 онд Улсын баяр наадамд түрүүлж, Улсын мэргэн цол хүртэж байсан. 2009 онд спортын мастер, 2012 онд Аймгийн мэргэн цолыг хүртэж байсан юм. Одоогоор 32 сум харвалаа. Энэ жил ажил ихтэй байсан тул бэлтгэлээ тааруухан хангасан. Наадмын бэлтгэлээ муу хийсэн тул энэ жилийн хувьд сайн харваж оролцъё гэх бодолтой байна.

Би Төв аймгаас Улсын наадамд оролцохоор ирсэн. Удахгүй аймгийн маань 100 жилийн ой тохионо. Тэр үеэр бэлтгэлээ сайн базааж байгаад баяр наадамдаа оролцоно доо. Монголын ард түмэндээ Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын мэндийг хүргэе. Мөн Төв аймгийн 100 жилийн ойн мэндийг нутгийнхандаа хүрэе" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.