УИХ-ын эмэгтэй гишүүдийн "нүүр тахлагч"

УИХ дахь эмэгтэй гишүүд сүүлийн үеийн нийгэмд болсон асуудлуудад хамраа цухуйлгасангүй. Энэ байдал нь ч олны хэл амны бай болоход хүргэв.
Тэд үер, утаа, сайжруулсан шахмал түлшний асуудал дээр байр сууриа илэрхийлэх завгүйгээр торгон дээл өмсөж, наадам дамжиж явлаа. Цахим орчиндоо ч энэ талаар цухуйлгасангүй, олон нийт ч тэднээс сураг ажиг сонссонгүй.
Харин УИХ-ын гишүүн Ч.Ундрам үерт өртсөн айлуудад гэр хандивлаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа үерийн асуудлаар комиссын хуралд оролцсон. Бусдаар бол эмэгтэй гишүүд хаана, юу хийж яваа сураг ажиг үгүй.
Тэгвэл УИХ-д суудалтай эмэгтэй гишүүд дотроос С.Одонтуяа цахим орчинд хамгийн их байр сууриа илэрхийлж, тэр дундаа утаа, агаарын бохирдлын асуудлыг хөндөж явдаг нэгэн. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн шахмал түлшийн түүхий эд болох хагас коксыг урд хөршөөс 177 тэрбум төгрөгөөр авахаар болсонд ч эмэгтэй гишүүд дундаасаа анхлан дуугарлаа.
Тэрбээр "Утаагүй зуух,түлш гэх зүйлд хэдэн их наядыг зарцууллаа.Хайран зардал.Хотын захуудруу орчин үеийн супер гоё хорооллуудын төлөвлөлт,дэд бүтцийг хийх,төвөөс хурдан гарах хурдны зам, тунель, ипотекийн хөнгөлөлттэй нөхцөл бий болгох,ахмадын болон залуусын хороолол,үйлдвэрийн хорооллуудаа сайхан төлөвлөхөд хөрөнгөө зараач ээ.Бусдыг хувийн хэвшил хийчихнэ.Ард түмэн та нарын туршилтын харх уу" хэмээн жиргэжээ.
Чуулганы үеэр ч МАН-ын бүлгийн даргыг хатуухан загнаж, УИХ-ын дэд даргын албан тушаалтан гэдгээ тодотгож, тавдугаар сарын 31-нд угаартаж нас барсан иргэдийн асуудлыг хөндөж байсан юм. Тэгвэл тэр энэ удаад ч 2023-2024 онд иргэд дээр турших шахмал түлшин дээр байр сууриа илэрхийлсэн хэрэг.
Ямартай ч сонгууль болоход нэг жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ үеэр хамгийн идэвхтэй эмэгтэй гишүүнийг нэрлэхээр бол түүний нэр гарцаагүй дурдагдана. Гэсэн хэдий ч намрын чуулганаар хэр ажиллахыг нь харах үлдлээ. 177 тэрбум төгрөгийг эсэргүүцсэн шигээ агаарын бохирдол, утаа, шаардлагагүй зардлууд дээр ч дуугарах эсэхийг хүлээхээс өөр сонголтгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.