Н.Учрал: Төсвийн байгууллагууд программ хөгжүүлэхгүй, лицензийг худалдан авах тогтоолыг баталлаа

Засгийн газрын өнөөдөр /2023.08.23/-ийн ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.
Энэ үеэр ICT экспогийн үеэр гурван чиглэлийн санал дүгнэлт гаргасан талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Программ хангамжийн салбарт хувийн хэвшлээрээ ажлууд гүйцэтгүүлэх чиглэлийг санал болгосоор байгаа. Ерөнхий сайд төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх чиглэлээр тогтоол санаачилж батлуулах үүрэг өглөө. Энэ хүрээнд Мэдээлэл технологийн ажил үйлчилгээг хувийн хэвшил, ТББ-уудаар гүйцэтгүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг холбогдох яамдаас санал авч, Засгийн газраас баталлаа. Нийт нэр бүхий 32 үйлчилгээний чиглэлд хамаарах програм хангамжийг төсвийн байгууллагууд огт хөгжүүлэхгүй байх шийдвэр гарсан юм" хэмээлээ.
Уг тогтоолын төсөл гарснаар төсвийн байгууллага өөрсдийн цалинг өгч ажиллуулж байгаа хүмүүсээр шинэ программ хангамжийг хөгжүүлэхгүй гэсэн үг юм. Харин төсвийн байгууллагууд худалдан авалтаа зарласнаар шаардлагатай лицензүүдээ төсөвтөө суулгаж, хувийн хэвшлүүдээр гүйцэтгүүлэх боломжтой ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.