Европын Холбооны хоёр нүүртэй байдал

Украины дайн эхэлснээс хойш Европын Холбоо ОХУ-ын дайны хэтэвчийг тэжээхгүйн тулд байгалийн хийн худалдан авалтаа огцом багасгасан билээ. Тус холбоо байгалийн хийг хоолойгоор авахаа багасгасан ч шингэн төлөвт шилжүүлсэн хийг (LNG) ОХУ-аас худалдаж авахаа нэмэгдүүлж, хоёр нүүр гаргав.
“Kpler” фирмийн цуглуулсан баримтаас харвал, Европын орнууд энэ жилийн эхний долоон сард зах зээлд худалдаалагдсан ОХУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн талаас их хувийг худалдан авсан байна. ЕХ-руу “LNG” оруулж ирдэг гол суваг бол Испани болон Бельги улс аж. Тус хоёр улс ОХУ-ын шингэн төлөвтэй хийн хоёр болон гуравдагч хамгийн том худалдан авагч болжээ.

“Global Witness” фирмийн шинжээч Жонатан Норонха Гант “Европын Холбооны орнууд ОХУ-ын экспортын дийлэнх хувийг худалдан авч байна. Ингэснээр Кремлийн орлогын хамгийн чухал эх үүсвэрүүдийн нэг тус холбоо болов” гэж хэлсэн юм. Европын орнууд 2023 оны нэгээс долоодугаар сарын хооронд ОХУ-аас 22 сая шоо метр “LNG” худалдаж авчээ. Харин 2021 оны мөн үед 15 сая шоо метр шингэн төлөвтэй хий худалдаж авсан аж.
Норонха Грант “Оросын байгалийн хийг худалдаж авах нь Оросын нефтийг худалдаж авахтай адилхан. Аль аль нь Украины дайныг санхүүжүүлдэг учир тэдэнд өгсөн евро бүр илүү их цус урсгана гэсэн үг. Дайн болон уур амьсгалын өөрчлөлтийг өдөөж буй Оросын LNG-ийн худалдааг хориглох замаар Европын улсууд үйл, үг хоёроо уялдуулах хэрэгтэй” гэж нэмж хэлжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.