Х.Нямбаатар: X, XI сард нүүрсний сонсгол явуулахаар төлөвлөж байна

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Өнөөдрийн /2023.09.06/ хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Засгийн газрын хуралдаанаас шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд өгөх санал, дүгнэлтийг гаргалаа. 2021 онд Шүүхийн тухай хууль батлагдаж, хоёр жил гаруй болж байна. ШЕЗ-ийг Үндсэн хуулийн байгууллага хэмээн хуульчилж, олон нийтийн нээлттэй сонгон шалгаруулалтаар УИХ томилдог. ШЕЗ-өөс шүүгч нар сонгогддог. Шүүхийн сахилгын хороогоор ёс зүйн зөрчил гаргасан шүүгч нарт хариуцлага тооцдог болсон.
Өнөөдөр Шүүхийн бодлогын баримт бичгийн төсөл бэлэн боллоо. Энэ намрын чуулганаар оруулна. Шүүхийн тухай хуультай уяж боловсруулагдсан. Цаашид шүүх эрх мэдлийг хэрхэн боловсронгуй болгох, дэлхийтэй хөл нийцүүлэх вэ зэргийг тусгасан. Шүүн таслах үйл ажиллагааг цахим хөгжлийн ололтыг хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэг ололт. Хэрэг маргааны төрлөөр нарийвчлан дагнан мэргэшүүлэх вэ. Шүүгч нарыг хэрхэн хөгжүүлж сургах вэ. Шүүхийн захиргааны ажилтнуудыг хэрхэн сургаж авах вэ. Энэ мэтчлэн олон асуудлыг тусгасан. ШШГЕГ-т бүтцийн өөрчлөлт хийх тухай Шүүх байгуулах тухай хуульд тусгана. Ийм том бодлогын баримт бичигт Засгийн газар санал дүгнэлтээ өглөө.
Энэ намрын чуулган шүүх эрх мэдлийг илүү боловсронгуй болгох, шинэчлэх, тогтолцооны хувьд өөрчлөхөд чиглэсэн байх болно.
-Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Өнгөрсөн долоо хоногт хуралдаад хянан шалгагч, шинжээч томилохоор ярилцсан. Маргааш түр хорооны ажлын албаныхантайгаа ярилцана. Ирц ямар байх вэ гэдэгт анхаарна. Маргааш ирц бүрдвэл бид түр хорооныхоо гишүүдийг бүрдүүлнэ. Ирц бүрдэхгүй бол нүүрсний хэргийн сонсголд хянан шалгагч, шинжээч томилно. Уул уурхай салбарын мэргэшсэн инженерүүд, маркшэйдэрүүдийг судалж байна. Арав юм уу арваннэгдүгээр сард нүүрсний сонсгол явуулахаар төлөвлөж байна. Цаашид нүүрсний секторт, нүүрсний хулгай гэдэг эмгэнэлтэй зүйл гаргахгүй байхыг л зорьж байна.
-"Эрдэнэс Тавантолгой" ХК-д томилогдсон БЭТ-ийн хугацаа аравдугаар сард дуусна. Хугацааг нь сунгах уу?
-“ЭТТ”-н бүрэн эрх төлөөлөгчийн ажиллах хугацаа хэзээ дуусахыг би мэдэхгүй байна. Хариуцсан сайд нь би биш учир хариуцсан сайдаас нь асуусан нь дээр. Ер нь бүрэн эрхт төлөөлөгч томилох нь зөв шийдэл биш. Бусад хөрөнгө оруулагчдын эрхийг зөрчих эрсдэлтэй.
-Шувуу ажиллагааны үйл явж ямар шатанд явж байна вэ?
-Анх 127 хүн гэж байсан одоо 140 гаруй хүн болж байна. Бид өөрсдөө гадаад улсад очоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болдоггүй. Бид хүсэлтээ гаргах журмаар хамтран ажиллана. БНХАУ-д ял эдэлж байгаа тодорхой тооны иргэдийг энэ есдүгээр сарын дундуур манайд хүлээлгэж өгөх таатай мэдээлэл байна. Ялтан шилжүүлэх хүрээнд гэсэн үг. Нэлээн олон тооны асуудал яригдана.
-Булган аймгийн Цагдаагийн газар ажиллахаар очсон О.Цэлмэгийн асуудалд тодорхой хариулт өгөөч?
-"Өөрөө шилжиж ажиллая гэдэг хүсэлт тавьсны дагуу шилжүүлэхээр болсон" гэдэг зүйлийг ЦЕГ-ын өмнөх дарга Ж.Болд надад танилцуулсан. Шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа. Ажлын байрны дарамт учруулсан, албан тушаал бууруулсан зүйл байхгүй гэдгийг надад мэдэгдсэн.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөгжлийн банк шиг л шоу болоод өнгөрнө
Ямар удаан унхиагүй.ажилладын бэ