Ховд аймгийн Жаргалант сумаас гарах хөдөлгөөнийг тарваган тахлын улмаас хязгаарлалаа

Ховд аймгийн Жаргалант сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарласан талаар тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Тодруулбал, энэ сарын 8-ны 14.15 цагт Ховд аймаг дахь БОЭТ-өөс ЗӨСТ-д тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй нэг тохиолдлын дуудлага иржээ. Дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагууд түргэвчилсэн тестээр шалгахад сөрөг гарсан байна. Анхны хариуг баталгаажуулах үүднээс өчигдөр 23.30 цагт PCR шинжилгээ өгөхөд эерэг гарчээ.
Тухайн иргэн О нь Манхан сумын харьяат бөгөөд одоо БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлан шаардлагатай эмчилгээ хийж байгаа ажээ. Мөн нэгдүгээр хавьтлын долоон хүнийг олж тогтоосон байна.
Тэгвэл үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс 8-9-нд шилжих шөнө 01.00-03.00 цагийн хооронд хуралджээ. Хурлаар нэгдүгээр хавьтлын долоон иргэний PCR шинжилгээний хариу гарах хүртэл Жаргалант сумын төвөөс гарах хөдөлгөөнийг түр хязгаарласан байна.
Нэгдүгээр хавьтлын иргэдийн шинжилгээний хариу өнөөдөр буюу энэ сарын 9-ний өдрийн орон нутгийн цагаар 18.00 цагт гарах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.