Энэ зун Украин-ОХУ-ын дайны хүрээнд болсон томоохон үйл явдлууд

Зургаадугаар сарын 8-ны өдөр Украин сөрөг довтолгоогоо эхлүүлсэн. Энэ довтолгооны хүрээнд тус улс зургаадугаар сарын 11-ний өдөр анхны тосгоноо чөлөөлсөн нь Благодатне байв. Тэгвэл үүнээс хойш Украин-ОХУ-ын дайны хүрээнд энэ зун ямар ямар томоохон үйл явдал болсныг харцгаая.
Сөрөг довтолгооны эхний долоо хоног эрчимтэй явагдав.
Сөрөг довтолгооны хүрээнд эхний долоо хоногт Лобков, Левадне, Велика Новосилка, Сторожев, Макаривка, Нескучне нэртэй долоон тосгоноос Украины арми ОХУ-ын цэргүүдийг хөөж гарган, буцааж авч чадсан юм.
Хоёрдугаар долоо хоногт эрчим сулрав
Хоёр дахь долоо хоног өнгөрөхөд Азовын тэнгис рүү чиглэсэн хамгийн шулуун замын ойролцоо, фронтын шугамын бэхлэлт сайтай хэсэгт оршдог тосгоныг Украины зэвсэгт хүчин чөлөөлсөн. Тэр тосгон нь Пятихатки нэртэй Запоржье мужийн өмнөд хэсэгт оршдог суурин газар юм.
Тухайн үед Украины Батлан хамгаалахын дэд сайд Анна Маляр цэргүүд дан ганц Пятихаткиг эргүүлж аваад зогсохгүй хоёр долоо хоногийн дотор долоон километр урагшилж нийтдээ 113 км2 талбайг буцааж авсан гэж мэдэгдэл хийсэн байдаг.
Долоодугаар сарын эхээр
Эхний хоёр долоо хоногийн дараа Украины сөрөг довтолгооны эрч буурч ирсэн юм. Учир нь гэвэл фронтуудад ОХУ их хэмжээний газрын тэсрэх бөмбөг суурилуулсан нь Украины цэргүүдийг урагшлахад хүндрэлтэй болгосон.
Өнгөрсөн жилийн долоодугаар сард Турк болон НҮБ-ын брокерлосон тохиролцоогоор ОХУ Украиныг Хар тэнгисээр дамжуулан буудай экспортлохыг зөвшөөрсөн байдаг. Тус тохиролцооны хугацаа долоодугаар сард дуусах байсан юм.
Тэгвэл Хар Тэнгисийн тохиролцоог дуусахаас хэдэн цагийн өмнө Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков буудай экспортлох гэрээг сунгахгүй гэж мэдэгдсэн. Үүний улмаас дэлхий даяар буудайны үнэ нэмэгдсэн билээ.
Долоодугаар сарын дундуур
Украины арми хор хөнөөл ихтэй тэсрэх бөмбөг багцалсан сум АНУ-аас хүлээн авав. Багцалсан сум нь дотроо олон тооны жижиг тэсрэх бөмбөг агуулдаг, 100 гаруй оронд хэрэглэхийг хориглосон аюултай зэвсэг юм. Энэ зэвсгийг илгээх шийдвэрийг танилцуулахдаа Жо Байден “Миний хувьд энэ шийдвэрийг гаргахад их хэцүү байсан. Холбоотон улс болон Конгресстой үүний талаар ярилцсан. Украины сумны нөөц дуусаж байгаа учир энэ шийдвэрийг гаргасан юм” гэж хэлсэн байна.
Наймдугаар сарын эхээр
Сөрөг довтолгоо эхлээд хоёр гаруй сар өнгөрсний дараа Украин Старомайорское нэртэй тосгоныг чөлөөлсөн. Тус тосгоны төлөө байлдахдаа Украины арми цэрэг, зэвсгийн хэрэгслийн хохирол ихээхэн амссан юм.
Наймдугаар сарын сүүлээр
Нидерланд, Дани улсууд 61 ширхэг F-16 сөнөөгч онгоц Украинд хандивлах болсон. Дайн эхэлсэн цагаас хойш Украин барууны орнуудаас байлдагч онгоц илгээхийг хүссээр ирсэн.
Гэвч F-16 гэх мэт байлдааны онгоц илгээх нь ОХУ-ын дургүйцлийг хүргэн, дайны нөхцөл байдлыг хүндрүүлнэ гэж АНУ айж байсан. Гэхдээ наймдугаар сард АНУ бодлоо өөрчилж F-16 онгоцыг Украинд нийлүүлэхийг Дани, Нидерланд улсад зөвшөөрсөн байдаг.
Энэ мэдээдэл гарснаас хэд хоногийн дараа стратегийн хувьд ач холбогдолтой Роботине хотыг чөлөөлсөн байна. Роботине суурин нь Запорожье мужийн Орихив хотоос урагш 10 км зайд оршдог. Орихив хот нь ОХУ-ын эзэмшилд буй төмөр замын чухал дэд бүтэц агуулдаг Токмак хот руу шууд явдаг замтай. Ийм учир стратегийн хувьд ач холбогдол өндөр тосгон юм.
Есдүгээр сарын эхээр
АНУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, генерал Марк Милли Украины сөрөг довтолгоонд 30-аас 45 хоног үлдсэн байж магадгүй гэв. Учир нь хүйтний улирал довтолгоонд хүндрэл учруулна гэж тэрбээр нэмж хэлсэн юм.
Мөн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун есдүгээр сард багтаан ОХУ-д айлчлан Владимир Путинтэй уулзах болсон. Дайнд их хэмжээний пуужин, их бууны сум ашигласан тул ОХУ Умард Солонгосоос зэвсгийн хэрэгсэл авах хүсэлтэй байгаа. Харин үүний хариуд Хойд Солонгос Москвагийн зэвсгийн орчин үеийн технологиос авах аж.
Эх сурвалж: Reuters, CNN, BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.