Б.Жавхлан: Төсвийн хөрөнгөөр санхүүждэг, 8-аас жил гацсан 25 төсөл байна

Засгийн газрын өнөөдөр /2023.09.20/-ийн ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрээс танилцуулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан нийт төсвийн хөрөнгөд дурдагддаг төсөл, барилгын ажлууд дээрх мэдээлэл, судалгаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярьсан юм.
Тэрбээр "Нийт 736 төсөл арга хэмжээг төсвийн хөрөнгөөр үргэлжлүүлж байна. Онцгой анхаарал татсан буюу наймаас дээш жил, мөн хэд хэдэн удаагийн үнийн өсөлтөөр төсөв дээр суугдсан, өнөөдрийг хүртэл дуусаагүй 25 төсөл арга хэмжээ байна. Үүнийг яаралтайгаар дуусгах, дахин нягтлах үүрэг бүхий Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг долоо хоногийн хугацаанд ажиллахаар боллоо.
Хугацаа алдсан хийгээд олон жил болсон төслүүдийн 60-70 хувь нь төр болон төсвийн ерөнхийлөн захирагч талаас мөн ТЭЗҮ бэлэн биш, бэлэн байдал дутуу хангагдсан асуудал гарч байна. Цаашид, Төрийн хэмнэлтийн хууль болон ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Төрийн худалдан авах ажиллагааны хуулийн дагуу төсөл хөтөлбөр нь бүрэн хангагдсан төслүүдийг авдаг болно. Мөн УИХ-д өргөн барихдаа 100 хувь бэлтгэл хангагдсан ажлыг хүлээн авах юм.
Мөн гүйцэтгэгч талаас нэгэнт гэрээлж авсан бол гэрээний дагуу зөрчил гаргахгүйгээр төслийг заасан хугацаанд дуусгах шаардлагыг өндөржүүлэх, энэ хугацаанд төрөөс олгож болгох дэмжлэг, хөнгөлөлтүүдийг цаг тухай бүрд нь хүнд сурталгүйгээр төрөөс үзүүлж байх чиглэл өглөө.
Мөн тендерт оролцогчдыг хар жагсаалтад оруулах асуудлыг нээлттэй болгоно. Тендерт оролцох эрхээ хасуулсан 46 компани байгаа гэдгийг сайтаас нь харж болно. Мөн захиалагчаас ирсэн 117 аж ахуйн нэгжүүдийг цаашид хар жагсаалтад оруулах санал ирж, хяналт шалгалт хийж байна. Аравдугаар сарын сүүлээр шалгаж дууссанаар хар жагсаалтад оруулах эсэхийг шийднэ" гэв.
Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариулав.
-25 төсөл нь ямар салбарынх вэ?
-Энэ 25 төслийн дийлэнх нь спорт, цогцолборын барилга байна. Үүнд захиалагч талын буруу их байна. Шалтгаан нь анхны гаргасан зураг хэд хэдэн удаа өөрчлөгдсөн явдалтай холбоотой. Мөн 13, 14 дэх жилдээ үргэлжилж байгаа төсөл хөтөлбөрүүд байна. Эдгээр барилга дунд сургуулийн барилга цөөн байгаа.
-Уг 736 төслийг хэзээ ашиглалтад оруулж дуусгана хэмээн тооцоолж байгаа бол?
-Энэ жил хөрөнгө оруулалт татсаны үр дүнд 2025 онд 95 хувьтайгаар төслүүдийг дуусгана. 2023 оны улсын төсвийг батлахдаа шинээр төслүүдэд санхүүжилт татаагүй нь давуу тал болсон хэрэг.
-2024 оны төсөвт орж ирэх төслүүдэд ямар шаардлага тавих вэ?
-Сүүлийн жилүүдэд төсвийн реформ хэмээн их ярьдаг. Төвсийн нэг төгрөг бүрийг үр дүнтэй байлгахын тулд бэлтгэл ажил бүрэн хангагдсан төслүүдийг УИХ хүлээж авна. Энэ шаардлагаа барьж ажиллана. Зураг төсөл бэлэн бус, ТЭЗҮ-гүй төслийг огтоос хүлээж авахгүй.
Төслийн ерөнхийлөн захирагчдаас наймдугаар сарын 1 хүртэл цахимаар хөрөнгө оруулалтын саналуудыг авдаг. Аравдугаар сарын 15-наас төсөв батлагдаж, маргаашнаас нь дараагийн төсвийн бэлтгэл ажил эхэлдэг юм. Ингэхдээ бүхий л зүйлийг нэгд нэгэнгүй шалгадаг. Тиймээс шаардлага хангасан төслүүдийг л авах юм.
-Томоохон төслүүдийн санхүүжилттэй холбоотой мэдээлэл өгөөч?
-Хоёр жилийн өмнө УИХ-аар ойрын хугацаанд хийгдэх бүхий л төсөл хөтөлбөрүүдийг зарласан. Үүний 10 гаруй хувь нь болох төрийн өмчит үйлдвэрүүдийн нэмэлт хөрөнгө оруулалтыг улс хариуцаж явна. Харин үлдсэнийг нь төр хувийн хэвшлийн түншлэлээр эсвэл гадаадын хөрөнгө оруулагчдаар санхүүжүүлэх юм.
Дэд бүтэц буюу тээвэр ложистик, зам тээвэр, эрчим хүч гэх мэтийг стратегийн дагуу төр хариуцна. Засгийн газрын зээлжих зэрэглэл сайжирсан. Өрийн орон зай нэмэгдэж байна. Наадамтай давхцаж, бид Эдийн засгийн форум хийлээ. Улмаар манай улсыг сонирхож, санхүүжүүлэх сонирхол гадаад зах зээлд нэмэгдсэн байна.
-Сангийн яам 2024 оны Улсын төсвийн төслийн урьдчилсан хувилбарыг гаргасан уу?
-Бид хуулийн хүрээнд аравдугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн барих үүрэгтэй. Одоо бол төсвийн төсөл дээр ажиллаж байна. Есдүгээр сарын 15 гэхэд Засгийн газарт хүргэдэг. Одоо зургаан аймаг үлдлээ. Эдгээр аймгуудаар орон нутагт ажиллаж байгаа бөгөөд удахгүй тус аймгуудад ажиллаж дуусах юм. Ингэснээр төсвийн төслийн урьдчилсан хувилбар эцэслэгдэж дуусна.
-Гашуунсухайт-Ганцмодын төмөр замыг хэзээ холбох вэ?
-Энэ их чухал ажил. Ерөнхий сайдыг Хятадад айлчлах үеэр бодлогын хүрээнд хоёр талаасаа шийдвэр гарсан. Манай талаас хил дээр төмөр замаа аваачсан. Холбох бүтээн байгуулалтын ажил удахгүй эхэлнэ. Гашуунсухайт болон Замын-Үүд боомтуудад Хятадын талын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр боомтын ажлуудыг хийж байна. Мөн Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд Бичигт боомтод өргөтгөл хийж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.