Нэг дороос: Ливан Израиль руу, Израиль Хамас бүлэглэл рүү тасралтгүй сөнөөгч онгоц, пуужин илгээж байна

Өчигдөр буюу аравдугаар сарын 7-ны өдөр Хамас бүлэглэл Израиль руу гал нээж, улмаар тус улс одоо дайны нөхцөл байдалтай байна. Мөргөлдөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа юм.
НЭМЭЛТ: 14.35 цаг
-256 палестин амиа алдсаны 20 нь хүүхэд байна-

Өнгөрсөн 24 цагийн дотор 256 палестин хүн амиа алджээ. Үүний 20 нь хүүхэд байна гэж Палестины Эрүүл мэндийн яам мэдэгдлээ. Мөн 1788 палестин хүн, түүний дотор 121 хүүхэд шархадсан байна.
Түүнчлэн Израилийн Батлан хамгаалах хүчний сөнөөгч онгоцууд Газын зурвас дахь Хамас бүлэглэлийн тагнуулын хэлтсийн даргын байр руу цохилт өглөө. Газын зурвас дахь террористуудын объектуудад цохилтоо үргэлжлүүлсээр байх болно гэдгээ мэдэгдэв.
НЭМЭЛТ: 14.20 цаг
-Ливанаас Израиль руу обвектын пуужин, их буугаар онилсноо мэдээллээ-
Ливаны Хезболла бүлэглэл ням гарагт гаргасан мэдэгдэлдээ Шебаа ферм гэгддэг бүс нутагт Израилийн гурван объектыг пуужин, их буугаар онилсон гэдгээ мэдэгдэв.
Шебаа фермийг Ливан Израилийн эзлэгдсэн хэсэг гэж үздэг билээ. Тус гурван объектод Радар, Забдин болон Рувайсат Аль-Алам зэрэг газрууд багтаж байгааг дурджээ.
НЭМЭЛТ: 14.00 цаг
-Хятад тусгаар тогтносон Палестин улсыг байгуулах нь асуудлыг шийднэ гэв-
Хятадын ГХЯ өнөөдөр Израилийн нөхцөл байдал хурцадмал шинж чанартай болсонд гүнээ санаа зовниж буйгаа мэдэгдэв.
Тэдний зүгээс "Бид холбогдох талуудад тайван байж, тэвчээртэй байж, энгийн иргэдийг хамгаалж, нөхцөл байдлыг улам дордуулахгүйн тулд дайсагналаа нэн даруй зогсоохыг уриалж байна. Мөргөлдөөнөөс гарах үндсэн арга зам бол хоёр улсын шийдлийг хэрэгжүүлэх, тусгаар тогтносон Палестин улсыг байгуулах явдал юм" гэлээ.
Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэгт "Яаралтай арга хэмжээ авч, Палестины асуудалд санал бодлоо нэмэгдүүлж, Палестин, Израилийн энхийн хэлэлцээг эрт сэргээхэд тус дөхөм үзүүлж, тогтвортой энх тайван тогтоох арга замыг олохыг" уриалав. Мөн Хятад улс "энэ зорилгод хүрэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэгтэй цуцалтгүй хамтран ажиллах болно" хэмээв.
НЭМЭЛТ: 13.30 цаг
-Халдлагад 26 цэрэг амь үрэгдлээ-
Батлан хамгаалах яамны мэдээлснээр Хамас бүлэглэийн эхлүүлсэн халдлагад нийт 26 цэрэг амиа алджээ. Газын зурваст цэргүүд гэлтгүй иргэд ч олноор амиа алдаж байгаа ажээ. Эрх баргчдын хэлж буйгаар хүүхэд болон эмээ нарыг ихээр хулгайлсан гэжээ. Ор сураггүй алга болж, бэртэж, гэмтсэн хүмүүст зориужл тусгай утас ажиллуулах юм байна.
НЭМЭЛТ: 13.00 цаг
-Газын зурвасы хяналтдаа авсан гэж Израилиас мэдэгдлээ-

Израилийн Батлан хамгаалахын яам Газын зурвасыг хяналтдаа авснаа мэдэгдлээ. Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ричард Хэхт "Бидний санааг зовоож байгаа чухал асуудал бол Газын зурвас дахь хяналтыг тогтворжуулах явдал юм. Бидэнд ойрын 12 цагийн зорилт бий. Газын бүс нутгийг устгах. Анклавыг бүхэлд нь няхаж, нутаг дэвсгэрийнхээ бүх террористуудыг устгана. Газын бүс нутаг дахь иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Бид Хамасын эсрэг хатуу арга хэмжээ авна" гэв.
ЭХЛЭЛ:
-Израиль улс дайны нөхцөл байдалд шилжлээ-
Газын босогчид бямба гарагийн өглөө гэнэтийн дайралт хийж, олон мянган пуужин харваж, Изриалийн нутаг дэвсгэрт параплан ашиглан, газар, далай, агаараар нэвтэрчээ.
Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху "Израиль дайтаж байна" гэж ард түмэндээ мэдэгдэв. Одоогоор 300 хүн нас барж, 1800 гаруй хүн шархдаад байна. Тэдний 19 иргэний биеийн байдал ноцтой гэмтэлтэй, 326 иргэнийх хүнд байгаа ажээ. Тэмцэл бүтэн өдрийн турш үргэлжлэхдээ бямба гарагийн орой Тель-Авив болон бусад бүс нутаг руу пуужин хөөргөв.
Газад 232 палестин хүн нас барж, 1600 гаруй хүн шархадсан хэмээн Палестины эрүүл мэндийн яам мэдээллээ. Израиль тус газар нутагт агаараас цохилт өгч, цэргүүд нь Хамасын дайчидтай газраар тулалдаж байна.
Хамасын талаас олон арван израильчуудыг, тэр дундаа цэргүүдийг баривчилсан гэдгээ мэдэгдсэн. Изриалийн талаас цэргүүд барьцаалагдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн билээ.
АНУ-аас өнөөдөр Израильд тусламж үзүүлж магадгүй гэх мэдээлэл байна. Одоогоор албан ёсоор баталгаажаагүй билээ. Цагаан ордонд АНУ болон Израилийн дээд албан тушаалнууд Вашингтон хаана тусламж үзүүлж болох талаар хэлэлцэж байгаа ажээ.
Ням гарагийн өглөө Израилийн Батлан хамгаалах хүчин Газын зурвас орчмын Израилийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх үеэр Израилийн байлдааны онгоцууд Газын зурвас руу довтолсоор байна. Израилийн арми Газын зурвас дахь 426 объект, түүний дотор Хамас бүлэглэлийн ашиглаж байсан 10 цамхагт цохилт өгсөн гэж Израйлийн цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари ням гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Түүнчлэн Изриалын Батлан хамгаалах хүчний артиллерийн зэвсэглэл Ливанаас Израиль руу "буудсаны" хариуд Ливаны нутаг дэвсгэрт хариу цохилт өгч байна. Ливанаас Израиль руу юу буудсан нь одоогийн байдлаар тодорхойгүй байна гэж эрх баригчид мэдээллээ.
Ташрамд дурдахад, Ливан, Израйль хоёрыг дайсан гэж үздэг ч 2006 онд мөргөлдөөн гарснаас хойш тэдний хоорондын эвлэрэл үндсэндээ тогтсон. Сүүлийн жилүүдэд Ливанаас хэд хэдэн жижиг хэмжээний пуужингийн довтолгоонууд Израилийн зүгээс хариу цохилт өгөхөд хүргэсэн.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
яааа манайд ийм юм болвол үнэхээр хэцүүднээ