Нийгэм мэдээ

Нэг дороос| Т.Бадамжунай нарыг шүүх урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх сарын 3-ныг хүртэл хойшлууллаа

Яллагдагч Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болж байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ:


НЭМЭЛТ: 11.05 цаг

Прокуроруудын зүгээс Т.Бадамжунай болон түүний өмгөөлөгч Н.Наранбаатар нарын хүсэлтийг үндэслэлтэй хэмээн үзэж, шүүх хуралдааныг хойшлуулах нь хууль эрх зүйн хүрээнд үндэлслэлтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв. Харин шүүх хуралдааныг түдгэлзүүлэх үндэслэлгүй хэмээлээ.

Шүүхээс хүсэлтийг шийдвэрлэхээр түр завсарлав. Улмаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлыг арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хүртэл хойшлууллаа.


НЭМЭЛТ: 10.58 цаг

Өмгөөлөгч н.Туул "н.Наранбаатар өмгөөлөгчийн хүсэлт үндэслэлтэй хэмээн үзэж байна. Мөн Т.Бадамжунайгийн гаргасан тайлбарыг сонслоо. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Яллагдагч хүнд өвчний улмаас ирэх боломжгүй тул дараагийн шүүх хуралдааны товыг тодорхойлоход хүндрэлтэй тул түдгэлзүүлэх хүсэлтэй байгаа юм байна. Тиймээс Т.Бадамжунайгийн хүсэлтийг хүндэтгэн үзэж, шүүх хуралдааныг хойшлуулж өгөх нь үндэслэлтэй гэж үзэж байна" гэв.

Яллагдагч Д.Бямба-Очирын өмгөөлөгч н.Мөнхбат "Нэг яллагдагч шүүхийн урьдчилсан хуралдаандаа биечлэн оролцох хүсэлтэй тул хойшлуулж өгөх хүсэлт өгсөн нь үндэслэлтэй байна. Түүний өмгөөлөгч н.Наранбаатарын хүсэлт ч үндэслэлтэй гэж бодож байна. Хэргийг буцаах уу, үгүй юү гэдэг чухал ач холбогдолтой шат юм. Тиймээс оролцогчдын оролцоог хангах нь зүй. Ирцийн асуудлыг эхний ээлжинд авч хэлэлцэх нь зөв гэж бодож байна. Тиймээс хойшлуулах үндэслэлтэй гэж харж байгаа" гэв.

Яллагдагч Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт санал байхгүй бөгөөд өмгөөлөгчидтэйгээ ижил саналтай байна гэлээ.


НЭМЭЛТ: 10.45 цаг

Өмгөөлөгч н.Цэцэгмаа "Миний үйлчлүүлэгч харамсалтайгаар есдүгээр сарын 25-ны өглөө харвасан, ухаангүй байдалтайгаар байсан. Т.Бадамжунайгийн зүүн талын гар хөл саажилттай, артерын даралт ихсэх өвчинтэй, хэл ярианы саажилттайгаар Улсын нэгдүгээр нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Оношийн хүрээнд шүүх хуралд оролцох боломжгүй байна. Цаашид биеэр шүүх хуралд оролцох хүсэлтэй байгаа. Эмнэлгийн байгууллагаас сэтгэл санааны хямралд оруулж болохгүй хэмээсэн. Хүнд өвчний улмаас шүүх хуралд ирэх боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт байхгүй хэдий ч Улсын нэгдүгээр эмнэлгээс тодорхойлолт гаргаж өгсөн. Тиймээс хэргийг түдгэлзүүлж өгөх хүсэлтийг гаргасан" гэв.

Өмгөөлөгчдийн зүгээс дараах хоёр үндэслэлд тулгуурлаж, шүүх хуралдааныг түдгэлзүүлэх үндэслэлтэй гэжээ.

Нэгт. Яллагдагч шүүх хуралд биечлэн оролцох эрхтэй гэж хуульд заасан байгаа. Тиймээс эрхийнхээ хүрээнд яллагдагч Т.Бадамжунайд биечлэн оролцох эрхийг нь эдлүүлж өгөх нь энэ удаагийн шүүх хурлыг түдгэлзүүлэх үндэслэл болно. Хоёрт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан нь үндэслэлтэй.

Хоёрт. Т.Бадамжунайгийн биеийн байдалтай холбоотойгоор гурван баримт гаргаж өгсөн эмнэлгийн магадлагаа бий. Эрүүгийн хуульд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу 45 хоногийн дотор хийх ёстой байдаг. Өнөөдрийн шүүх хурал 37 дахь өдөртөө хийж байгаа юм. Бидний хувьд дахин долоо хоног хойшлуулах нь хугацаандаа багтсан хэмээн үзэж, хэргийг түдгэлзүүлэх үндэслэлтэй гэж үзжээ.


НЭМЭЛТ: 10.35 цаг

Прокурорууд "Өмгөөлөгч н.Наранбаатарын хувьд хүрэлцэн ирэх боломжгүй гэх хүсэлт гаргаж, шүүх хуралдаанд оролцох боломжгүй хэмээж буй нь үндэслэлтэй хэмээн үзэж, шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Т.Бадамжунай өөрийн биеэр оролцох хүсэлтэй гэдий ч биечлэн оролцох боломжгүй байгааг эмнэлгийн баримтын ххамт ирүүлжээ. Өмгөөлөгч э.Цэцэгмаагаас хэд хэдэн үндэслэлээр хүсэлт гаргажээ. Ингэхдээ хойшлуулах уу, түдгэлзүүлэх үү гэдгээ тодорхойлоогүй байна" гэв.

Тиймээ өмгөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг гаргасан байна.

Нэгт. Яллагдагч Т.Бадамжунай хүнд өвчний улмаас ирэх боломжгүй

Хоёрт. Тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа хуулийг хэрэглэхэд үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэж, хянан шийдвэрлэж байгаа тул хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

Т.Бадамжунайг хүндэвтэр зэргийн өвчтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх баримт байгаа бөгөөд ямарваа нэгэн байдлаар зайлшгүй удаан хугацааны туршид хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэх агуулга байгаагүй ажээ. Ингэхдээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гурван баримтыг өгсөн байна. Тодруулбал, аравдугаар сарын 24-ны өдрөөс Улсын нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх баримтыг өгчээ. Энэ нь хэргийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй гэж прокуророос мэдээллээ.


НЭМЭЛТ: 10.30 цаг

Өмгөөлөгч н.Наранбаатар Хуульчдын холбооны мэргэших шалгалтын зохион байгуулах комиссын гишүүнд багтаж ажиллаж байгаа тул хуралдаанд оролцох боломжгүй гэх хүсэлтийг Хуульчдын холбооны Тамгын газрын даргаас ирүүлсэн байна.


НЭМЭЛТ: 10.20 ЦАГ

-Т.Бадамжунай тархиндаа цус харвасны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй гэх хүсэлт өгчээ-

Т.Бадамжунай нарыг шүүх урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ. Урьдчилсан хэлэлцүүлгийн эхэнд ирцтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Яллагдагч Т.Бадамжунайгаас хүсэлт гаргасан байна. Холбогдох баримтуудыг 2-3 хоногийн өмнө ирүүлжээ.

Тэрбээр хүсэлтдээ "Есдүгээр сарын 24-ний өдөр тархиндаа цус харвасны улмаас зүүн хөл, гар, мөн хэл ярианы саажилттай болсны улмаас тухайн өдрөөс хойш эмнэлэгт байнгын хэвтэж, эмчилгээ хийлгэж байгаа. Биечлэн оролцох боломжгүй ч дараагийн шүүх хуралдаанд биечлэн оролцоно" хэмээжээ.


ЭХЛЭЛ:

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1941000320129 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2023 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт товлон зарлаад буй.

Урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай болох ч үүдний дэлгэцээс шууд дамжуулах боломж хэвлэл мэдээллийн байгууллагуудад олгожээ. Т.Бадамжунайн ар гэрийнхний өгсөн мэдээллээр, түүний бие тааруу хэвээр байгаа. Иймд хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргах магадлалтай.

Түүнчлэн Т.Бадамжунайн Гаваа манай сайтад өгсөн ярилцлагадаа "Аавын янх яллагдагчаар татагдсан хэргүүд одоо хэрэгсэхгүй болсон. Харин өөр хэргүүдэд хамжигч, хатгагчаар холбосон. Мөртлөө, тэр хэргүүдийнх нь гүйцэтгэгч нар шүүхэд шилжээгүй байгаа" гэж дурдсан нь анхаарал татсан юм.

Бид шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үйл явцыг мэдээлэн хүргэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 25, 2023 10:38

ТА АНР ИХ Л ЖҮЖИЙ ШИЙ ТОГОЛЖИЙНАА

Зочин
Зочин
10 сар 25, 2023 18:01

Ой санамжаа �##�дчихсан гээч

Холбоотой мэдээ

Back to top button