Метро амласан хотын дарга нар

Улаанбаатарт гурван шугам бүхий метроны төслийг хэрэгжүүлэх бодлогыг дэвшүүлж байгаа талаараа Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ.
Тэрбээр өчигдөр олон нийтэд өгсөн мэдээлэлдээ "БНХАУ-ын төрийн өмчит метро барьдаг компанитай нийслэл Улаанбаатар хот хамтран ажиллах боломж нөхцөлийг судалж, танилцуулах асуудлаар хоёр улсын төрийн тэргүүн хоорондын яриа хэлэлцээр амжилттай болсон. Уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, метро, тойрог хурдны зам байгуулах УИХ, Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулна. Метроны асуудлаар хэлэлцээ хийх ажлын хэсгийг ахална.
Метро болон тойрог хурдны замын чиглэлээр арваннэгдүгээр сарын 15-наас БНХАУ-ын компаниудтай хэлэлцээрийн ширээний ард сууна. Хэлэлцээртээ бэлдээд метроны шугамыг гурав байхаар тооцоолсон. Хэлэлцээр амжилттай болвол ирэх жилийн бүтээн байгуулалтыг уг том ажлаар эхлүүлнэ" хэмээсэн юм.
Метрог зөвхөн одоогийн Хотын дарга яриагүй. Түүнээс өмнөх үе үеийн дарга нар ч эл сэдвийг ярьж байв.
-Э.Бат-Үүлийн ТЭЗҮ-ээрээ метрогоо барьсан бол ашиглаад гурван жил өнгөрөх байв-
2013 онд Э.Бат-Үүл Хотын удирдагч байхдаа түгжрэлийг шийдэхийн тулд ЖАЙКА-гаар метротой болох судалгааны ажлыг хийлгэсэн байдаг. Тухайн үед нийт 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэх тооцоо гарсан билээ. Ингэхдээ Японы засгийн газраас 600 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг метрод зориулж олгоно гэж мэдэгдэж байв. Улмаар бид 2020 он гэхэд метрогоо өлгийдөн авч, тууз хайчлах байлаа.
Нэг үгээр бол бид бодол санаандаа метротой болоод 10 жил, төсөөлөлдөө ашигладаг болоод гурван жилийг өнгөрөөжээ.
Тухайн үед ч метрогоо Энхтайвны өргөн чөлөө дагуу, хотын зүүнээс баруун зүг рүү 17.7 км урттайгаар газар доогуур болон гүүрэн хэлбэрээр барихаар урьдчилж, төлөвлөсөн байдаг. Харамсалтай нь, Э.Бат-Үүлийн хөдөлгөсөн метро гацалтад орсон хэрэг. Харин түүний метроны судалгааны ажил нь тоосонд дарагдсан юм. Тэрбээр одоо ч түгжрэлийн асуудал сөхөгдөх үед LRT болон автобусны тоог нэмлээ гээд түгжрэлд өөрчлөлт гарахгүй гэдэг агуулгыг олон нийтэд илгээсээр байдаг. 10 жилийн өмнөх түүний метроны судалгаа, ТЭЗҮ бүхий материал одоо ч хэвээр гэх.
Эрх баригч нам солигдох үед томоохон төслүүд мартагдаж, гацдаг жишиг тогтоод удсан. Э.Бат-Үүлийн үед эхэлсэн ч Су.Батболдын үед мартагдсан метро ийнхүү Түгжрэлийн сайд, Хотын даргын хамтарсан "Их түгжрэлийг бууруулах" төслүүдийн нэгээр дахин нэрлэгдээд буй нь энэ юм.
-Экс Хотын дарга Д.Сумъяабазар Түгжрэлийн сайдын хамтаар метроны шинэ ТЭЗҮ-ийг гаргав -
Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар "Метро бол нийтийн тээврийн дараагийн үе шат. Энэ чиглэлд Хотын дарга бид хоёр ажиллаж байгаа" хэмээлээ. Түүнчлэн Э.Бат-Үүлийн үед хийлгэсэн ЖАЙКА-гийн судалгаа, ТЭЗҮ-ийг одоо шаардлага хангахгүй хэмээж буй. Тиймээс түүний хувьд БНСУ-ын буцалтгүй тусламжаар метро барих ТЭЗҮ хийлгэхээр судалж байгаа гэдгээ олон нийтэд мэдэгдээд байв.
Тэгвэл экс Хотын дарга Д.Сумъяабазар тухайн үед метротой болоход нэг алхам урагшилсан хэмээн мэдээлэл хийж байлаа. Тэрбээр "Метроны эхний лайныг 1.5 тэрбум ам.доллароор хийж хэрэгжүүлэхээр нэр заасан. Улаанбаатарт нийтийн тээврийн шинэ шийдлийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр тогтоолын төслийг хүргүүлсэн. Эхний ээлжинд шинэ нисэх онгоцны буудлын хурдны замаас хотын төвөөр дайрч, хойш долоон буудал руу чиглэнэ" гэв.
Харин өдгөө ТЭЗҮ-ийг хийж дууссан бөгөөд эхний байдлаар 950 орчим сая ам.доллар буюу 3.29 их наяд төгрөг шаардлагатай хэмээн үзжээ. Ингэхдээ эл зардлыг Улсын төсвөөс гаргахгүй хэмээсэн.
-Метрог баривал Д.Сумъябазар бус Х.Нямбаатарын нэр үлдэнэ-
Өмнөх Засгийн газрын ажлыг дараагийн үе нь үргэлжлүүлэхгүйн улмаас 10 жилийн турш метроны асуудлыг ярьж байгаа нь даанч харамсалтай, мөн өрөвдмөөр. Ямартай ч Х.Нямбаатар Хотын даргын албан тушаалд суугаад сар хүрээгүй хугацаандаа түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд метро барих явцыг урагшлуулна гэв.
Экс Хотын дарга Д.Сумъяабазарын ТЭЗҮ-ийг нь боловсруулж, метротой болохоор эхлүүлсэн төслийг нь дараагийн дарга нь үргэлжлүүлж буй нь нэг талаараа олзуурхууштай.
Харин нөгөө талд Х.Нямбаатарын хувьд багагүй дарамт. Учир нь 12 мянган айлын орон сууц болон метроны төслүүд хэрхэхээс шалтгаалж, шинэхэн Хотын даргын цаашдын улс төрийн карьер шийдэгдэнэ. Хэрэв эдгээр төслүүдэд ахиц гаргаж чадахгүй бол Х.Нямбаатарын улстөрчийн карьерт асуудал үүсэх билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Nyambaatar chadchikh bhaa..neree bodooroi...