БНХАУ-д амьсгалын замын халдвар нэмэгдэж байна

Сүүлийн үед БНХАУ-д амьсгалын замын халдварт өвчний тохиолдол, тэр тусмаа хүүдүүд хатгаа тусах нь нэмэгдэх болсон байна. ДЭМБ энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл илгээхийг лхагва гарагт /2023.11.22/ БНХАУ-аас хүссэн юм.
ДЭМБ тархвар судлал, клиник, лабораторийн шинжилгээний хариунуудыг авах хүсэлт илгээсэн.Тэгвэл журмын дагуу Хятад улс 24 цагийн дотор мэдээлэл илгээсэн байна. Энэ жилийн эхээр БНХАУ тэг ковидийн бодлогоо зогсоож, хөл хорионы дэглэмээ зогсоосон.
Тархвар судлаачид ковидийн дэглэмийг зогсоосноор хүмүүст амьсгалын замын халдвар үүсгэгчдийн эсрэг дархлаа буурсан байх магадлалтай гэдгийг анхааруулсан. АНУ, Их Британи гэх мэт орнуудад ковидийн дэглэмийг зогсоосны дараах өвөл амьсгалын замын халдварууд их бүртгэгдсэн билээ.
Энэ сарын 13-ны өдөр БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хороо амьсгалын замын халдвар нэмэгдэж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийсэн байна. Тус хороо мэдээлснээр тохиолдлууд инфлюэнза, микоплазма пневмонитой холбоотой аж. Эдгээр өвчин үүсгэгч нь ихэнхдээ бага насны хүүхдүүдэд халдвар үүсгэдэг.
Цар тахлын үед хөл хориогоор хүүхдүүд гэртээ урт хугацааны турш байснаар томуу, ханиадны улирлыг хэд хэдэн удаа алгассан тул одоо амьсгалын замын халдварын тохиолдол нэмэгдэж байж магадгүй юм.
Даваа гарагт /2023.11.20/ БНХАУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн дэд захирал Ван Цюаньи “Хэд хэдэн халдвар үүсгэгч зэрэг эргэлдэж байгаа учир нийт халдварын тоо нэмэгдэх хандлагатай. Эрүүл мэндийн байгууллагууд ачаалал нэмэгдэхэд бэлэн байх хэрэгтэй байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эртхэн хилээ хаах нь зөв өө