Газын зурвас: Хамас 41, Израил 78 хүнийг суллав

Израил болон Хамасын албан тушаалтнууд лхагва гарагт /2023.11.22/ байлдааныг дөрвөн өдөр зогсоож, барьцаанд буй хүмүүсийг хоригдож байгаа Палестин иргэдээр солилцох тохиролцоонд хүрсэн.
Байлдааныг баасан /2023.11.24/ гарагаас эхлэн зогсоож Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж орж эхэлсэн юм. Байлдаан зогсоогоод хоёр хоног өнгөрсний дараа Хамас 41, Израил 78 хүнийг суллаад байна.
Гал зогсоосны эхний өдөр Хамас 24 хүн сулласны 13 нь Израил, 10 нь Тайланд үлдсэн нэг нь Филиппин улсын иргэн байсан юм. Бямба гарагт /2023.11.25/ 13 Израил, 4 Тайланд иргэн, нийтдээ 17 хүн суллагджээ.

Харин Израил эхний өдөр 39 хүн, дараагийн өдөр 39 хүн буюу нийтдээ 78 Палестин иргэнийг сулласан байна. Хүмүүс солилцох явц бямба гарагт түр зогсонги байдалд орсон юм.
“NBC News”-ийн мэдээлснээр Хамас Израилыг хангалттай хэмжээний хүмүүнлэгийн тусламж оруулаагүй, мөн хоригдол суллах тохиролцоогоо зөрчсөн хэмээн барьцаанд буй хүмүүсийг суллах явцыг түр зогсоосон.

Хамасын мэдээлснээр бол хүмүүнлэгийн тусламж тээвэрлэсэн 200 ачааны машины зарим нь Газын зурвас руу орж ирээгүй аж. Мөн Израилын тал шоронд нь хамгийн удаан хоригдож байгаа хүмүүсийг эхэлж суллана гэх тохиролцоогоо биелүүлээгүй байна.
Эдгээр шалтгааны улмаас солилцоо түр зур зогссон ч гэсэн Катар, Египет болон АНУ-ын дипломатчид ажиллаж барьцааны хүмүүсийг солилцох ажиллагааг үргэлжлүүлжээ. Үүний дараа Хамас 17 хүн, Израил 39 хүн нэмж сулласан юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.