Австрали хүлээн авах цагаачдын тоог хагасалж, оюутны визийг чангатгана

Австралийн засгийн газар олон улсын оюутан болон мэргэжлийн бус ажил эрхлэх хүсэлтэй хүмүүст олгодог визний шалгуурыг чангатгахаар болсон гэдгээ даваа гарагт /2023.12.11/ мэдэгдсэн байна.
Ингэснээр ирэх хоёр жилд тус улсын хүлээн авах цагаачдын тоо хоёр дахин буурч магадгүй юм. Шинэ журмын дагуу олон улсын оюутнууд англи хэлний шалгалт дээр илүү өндөр үнэлгээ авч, оюутны визийг сунгах тохиолдолд илүү сайн нягтлах болжээ.
Австралийн Дотоод хэргийн сайд Клэр О’Нил хэвлэлийн бага хурал хийхдээ “Энэ стратеги нь цагаачдын шилжилт хөдөлгөөний тоог хэвийн байдалд оруулна. Гэхдээ энэ нь дан ганц тоон тавих хяналт биш юм. Зөвхөн цаг үеийн асуудлын улмаас эсвэл цагаачид ихээр орж ирж байгаа одоогийн нөхцөл байдалд тохируулсан журам биш. Харин Австралийн ирээдүйн төлөө” гэж хэлсэн юм.

Тус улсын Ерөнхий сайд Энтони Албанес цагаачдын тоог тогтвортой түвшинд буцаах шаардлагатай гэж хэлээд, цагаачлалын системийг доголдсон хэмээсэн байна.
Австрали цар тахлын үед хилийн хатуу хориг тавьсны улмаас үүссэн ажиллах хүчний дутагдлыг арилгахын тулд өнгөрсөн онд жил бүр хүлээн авах цагаачдын тоогоо нэмэгдүүлсэн.
Гэвч гадаадын ажилчид болон оюутнуудын шилжилт хөдөлгөөн гэнэт нэмэгдсэн явдал нь хэцүүхэн байгаа орон сууц түрээслэлийн зах зээлд илүү шахалт үзүүлжээ. Орон сууц түрээслэх үнэ нэмэгдэж байгаа нь орон гэргүй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа асуудлыг нь улам дордуулсан байна.
“Syndey Morning Herald” сонины даваа гарагт /2023.12.11/ нийтэлсэн санал асуулгаар австраличуудын 62 хувь нь цагаачдын урсгал хэтэрхий их байна гэж хариулжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.