Нийгэм мэдээ

Сурвалжилга: Хайлаастын эхний автобусаар эхлэх ТҮК-ийн ажилтан Н.Сүхбаатарын нэг өдөр

"Ажил хийхгүй амьдрал гэж юу байхав их хэцүү шүү дээ, би өөрөө энэ амьдралаас амсаж үзсэн хүн” гэж хэлэх энэ эрхмийг Норзонгийн Сүхбаатар гэдэг.
Тэр биднийг унтаж байхад ч ажилласаар байдаг. Гадаа идэр есийн хүйтэн эхэлж, жавар тачигнасан ч, гангын халуун нар шарсан ч ажилласаар байдаг хот тохижилтын албаны 1900 гаруй ажилтны төлөөлөл юм.

Ийнхүү бид ТҮК-ийн ажилтны өглөө хэрхэн эхэлдгийг сурвалжиллаа.

Өглөөний 6 цаг 20 минут Хайлааст

Гадаа харанхуй автобусны буудал дээр биднээс гадна 2-3 хүн зогсож байлаа. Гэрэл муутай учир үзэгдэх орчин бага, автомашины хөдөлгөөн дөнгөж эхэлж байгаа харагдана . Бид  5-7 минут анир чимээгүйд автобус хүлээсний эцэст Ч:38 дугаартай ХМК-Хайлааст чиглэлийн эхний автобус ирлээ. “Хайлааст засвар 1” буудлаас бид хотын төвд орохоор суулаа. Автобусанд суусан эхний хүмүүс бид байв. Анх удаа эхний автобусанд сууж үзэж байгаа минь энэ байлаа.

Саяхан л хүнгүй байсан эл автобус хоёрхон буудлын дараагаас хүний хөдөлгөөнд дарагдаж эхлэх нь тэр, хэдхэн минутын өмнө байсан анир чимээгүйг ажил руугаа, сургууль руугаа, амьдрал руугаа яарах хүмүүсийн хөлийн чимээ эвдэв.

Хайлааст 1 засвар автобусны буудалд

7:00 цаг 32-ын тойрог

Н.Сүхбаатар ах автобуснаас буухаар хойд хаалган дээр очлоо. Автобус зогсоход бид ч үг дуугүй дагаад буулаа. Хаашаа явж байгааг нь лавлан асуухад “Ажлынхаа багаж хэрэгслийг авна аа, ойрхон энүүхэнд багажаа үлдээсэн байгаа” гэв. Гэтэл 32-ын тойргоос Арваннэгдүгээр хороолол хүртэл алхсан юм.

Тэрбээр “Өглөө болгон ингэж алхаад дасал болчхож, хүнтэй хамт яваагаа мартчихаж, зуны цагт өглөө дөрвөн цаг өнгөрөөгөөд гэрээс гараад хотын төв рүү 50-60 минут алхдаг” гэлээ. 

- Ажил гарт орно гэдгийг нүдээр үзэв-

Ингээд бид ажлын хэрэгсэл болох чирдэг хогийн сав, төмөр болон хуванцар хүрз, шүүр зэргийг авлаа. Өнөөдрийн ажил хоёрдугаар сургуулиас эхэллээ.

Биднийг ажлын талбайд очиход урьд өдөр нь замын цасаа ховхлоод бөөгнүүлчихсэн байв. Ажил эхлэхийн өмнө цэвэрлэх талбай болон цэвэрлэсний дараах талбайн зургийг дарж авлаа. Тэрбээр ажилдаа ирсэн цагаа ийн бүртгүүллээ.

Ажил гарт орно гэдгийг нүдээр үзэв. Овоолсон цасыг хүрздэж байгаа нь хурдан шаламгай гэж жигтэйхэн. Хийж байгаа ажилдаа огт түүртэхгүй байхыг нь хараад бахархах сэтгэл төрж байлаа. Гэрлийн хурдаар ажлаа маналзуулж дуусахтай зэрэгцэн их хотын хөдөлгөөн ихсэж, хүмүүс бужигналдав. Тэд цэвэрхэн зам харгуйгаар алхаж байна.  

Сая л нэг амсхийж бидэнтэй хуучиллаа. 2018 оноос хойш хувийн болон улсын хэвшлийн хот тохижилтын байгууллагат ажиллаж, өнгөрсөн жилээс "Сүхбаатар Дэвшил" ОНӨААТҮГ-ын хот тохижилтын албанд оржээ. Өвлийн улиралд долоон цагаас ажил эхэлж, оройн 17 цагт ажлаа дуусгадаг байна.

-Би дүү нартайгаа амьдардаг. Бид эрвийх, дэрвийхээрээ хэдэн талаасаа зүтгээд болгоод л байдаг юм-

-Хэд хоногийн өмнө ихээр хүйтэрч -40 градус хүрэхэд та ажилласан уу?

-Өө, ажиллалгүй яах вэ. Бид нар өвлийн хүйтэн, зуны халууныг ажралгүй ажилладаг шүү дээ. Зарим үед залуучууд хажуугаар гарахдаа "Зам талбайг цэвэрлэж биднийг цэвэрхэн орчинд байлгаж байгаад баярлалаа" гэх зэрэг сайхан үгс хэлдэг. Хүн тэгээд сэтгэлийн амьтан болсон хойно урамшаад л явчихна. Ер нь шинэ залуу үеийн хүүхдүүд их ухаалаг, соёлтой. Цэвэрлэж байгаа замын нөгөө талаар нь тойроод гарах, хогоо хогийн саванд хийх зэргээс эхлээд мундаг төлөвшиж байгаа харагддаг.

-Цас их хэмжээгээр орох, бороо орж үерт автах үед илүү цагаар ажилладаг уу, илүү цагийн цалин хөлс авч байсан уу?

-Өнгөрсөн зуны их үерээр ТҮК-ийн бүх ажилчид, Онцгой байдал, Цагдаа, Цэргийнхэнтэй хамт ажилласан. Үерийн дараах цэвэрлэгээг хийнэ цаг наргүй ажиллана, үерийн даланг хаана, ачаалалтай үе зөндөө гарна. Тэр болгонд нэмэгдэл цалин авч байсан.

-Ер нь таны үндсэн цалин хэд вэ, амьдралд нь хэр хүрэлцээтэй байдаг вэ?

-Газар газраасаа шалтгаалаад цалин өөр байх. Миний үндсэн цалин 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг. Үүнээсээ нийгмийн даатгалаа хасуулна. Одоо хүнсний үнэ тэнгэрт хадчихсан хажуугаар нь түлээ нүүрсээ авна гээд авсан цалин маань хаанаа ч хүрэхгүй. Би дүү нартайгаа амьдардаг учраас эрвийх, дэрвийхээрээ хэдэн талаасаа зүтгээд болгоод л байдаг юм.

Хортой орчин нөхцөлд ажилладаг гээд тэтгэвэрт гарах насыг багасгадаггүй л юм бол, одоо надад цааш ажиллах долоо, найман жилийн хугацаа байна. Нийгмийн даатгалаа сайн төлөөд тэтгэвэртээ гарах бодолтой байгаа.

-Хангалт, хангамж нь хэр байдаг вэ?

-Миний өмсөж байгаа бүх хувцас хангалтынх. Өвөл болон зуны хувцсыг байгууллагаас өгдөг. Өнгөрсөн жилийнхээ өмсөж байсан хувцсыг ээлжлээд өмсчихдөг. Ер нь хангалт, хангамж их сайн. Гэхдээ гар ажиллагаа ихтэй байдаг учраас, заримдаа ажил хөнгөвчлөх тоног төхөөрөмж хэрэгтэй л байдаг. Зарим газрын ажилчдад цас арилгадаг тоног төхөөрөмж ирсэн сураг байдаг. Гэхдээ нэгдсэн шугамаар бидэнд өгөхийг хүлээж сууна даа.

-Зарим залуучууд их соёлтой болсон, хүний хөдөлмөрийг хүндэлдэг, үнэлдэг-

-Таван жил ажиллахдаа, хүмүүсээс хэр их талархлын үг сонсож байсан бэ?

-Одоо үеийн залуучууд их ухаалаг бас их соёлтой болсон, сайхан талархлын үг хэлээд хажуугаар зөрдөг. Бид чинь урмаар л тэтгэгдэж, сэтгэл санаа сайхан болчихож байгаа юм чинь. 

Бас сайны хажуугаар саар юмс их үзэгдэнэ ээ, машиндаа тамхиа татчихаад ишийг нь цонхоор чулууддаг хүмүүс байна. Энэ хог цэвэрлэдэгээс хойш яасан ч яахав гэсэн бодолтой л юм шиг санагддаг. Хэдий миний хийх ажил ч гэсэн хүнлэг байх хэрэгтэй дээ. Заримдаа буруу зүйл хийгээгүй байж хэн нэгэнд загнуулчихдаг, гайхаад л өнгөрдөг.

-Их хотын сайн муу, сайхан муухай гээд бүгдийг нь та тольдож байдаг. Таны нүдэнд өртсөн сайн, муу зүйлээс хуваалцвал?

-Их хотын гудамд сайхан залуучууд зөндөө л байдаг. Даан ч сүр сүлд нь унаад, шуудай үүрчихсэн харагддаг. Ажил хийхгүй амьдрал гэж юу байхав их хэцүү шүү дээ. Хүн чинь хамт олонтой байх хэрэгтэй. Зовлонтой, жаргалтай, баяртай, гунигтай цаг мөч бүрт хамт олон чинь хажууд байх шиг сайхан юм үгүй.

-Та хамт олныхоо тухай ярьвал?

-Манайх чинь дотооддоо 30 гаруйлаа. Нэг нэгнийгээ дэмжиж, тэтгэж ажилладаг. Юу нь болохгүй байна, юу нь болж байна гээд бүх зүйлийг хуваалцаж хамт ажилладаг. Хэцүү үед түшээд авна, өргөөд өгнө. Манай дарга Д.Алтанцэцэг гэж мундаг эмэгтэй бий. Ажилчдынхаа жаргал зовлонг бүгдийг нь хуваалцана. Манайд гэр нь Хужирбуланд, Хонхорт байдаг хоёр эмэгтэй бий. Амрах өдрүүддээ л гэрлүгээ харьдаг. Ажлын өдрүүдээр дарга гэртээ байлгадаг. Яг л нэг гэр бүл шиг байдаг даа бид.

-Та өөрийнхөө тухай бидэнд хуваалцвал?

-Би зургаан хүүхэдтэй айлын отгон нь. 1988 онд Зүүнбаянд хоёр жилийн хугацаат цэргийн алба хааж байлаа. Би хэд хэдэн ажил хольж сольж, сүүлдээ ажилгүй хэсэг явсан. Айлын бага болоод ч тэр үү ихэд эрх хүүхэд байж билээ. Буруу эрхэлснээсээ болж зөндөө л зүйл туулсан даа.

Түүний гэр бүлийг нь асуухад, тэрээр дуу муутайхан бидэнд багахан ярьж өгсөн юм.

Эхнэр нь тэнгэрт дэвшснээс хойш хүндхэн цаг мөчүүдийг даван туулж гарсан тухайгаа гуниглангуй ярилаа. Ганц охиноосоо хол байдаг, охиноо сайн сайхан явааг харах дуртай талаараа ярихдаа нүдэнд нь багахан нулимс цийлэгнэж байлаа.

Энэхүү ярилцлагын дараагаар, Өдрийн 13 цаг 10 минутад хоолоо идэхээр Арваннэгдүгээр хороололд байрлах "Бүрд" цайны газарт ирсэн юм. Хоёр хуушуур, нэг халуун аарц, гэх захиалгийг өгсөөр тэр ажлынхантайгаа хамт хооллов. Ажил эхэлснээс зургаан цагийн дараа тэд тухтай амарч буй нь энэ юм.Тэдний ширээнд дараагийн ажлын төлөвлөгөө болон, ойр зуурын наргиан наадам өрнөж байлаа.

Энэхүү дүр зураг нь Н.Сүхбаатар ахын хэлээд байсан ажлын хамт олонтой байх хэчнээн сайхан гэдгийн баталгаа болж байв.

-Цагаан сар, наадам, цэргийн баяр шинэ жилээр гараа таарч ажиллах үе байлгүй яахав-

-Одоо удахгүй шинэ он гарах гэж байна, дан ганц шинэ жил гэлтгүй өөр бусад баяруудаар ажиллаж байсан уу, ямар байдаг вэ?

-Цагаан сар, наадам, цэргийн баяр шинэ жилээр гараа таарч ажиллах үе байлгүй яахав. Хийх ёстой ажил, үүрэх ёстой хариуцлага минь шүү дээ. Хүмүүс баярласны дараад нь л нөхөөд баярлачихдаг. Заримдаа сэтгэл дүүрдэг, айл өрх бүр гэртээ халуун дулаан байх үед бид хотоо цэвэр цэмцгэр байлгахаар ажиллаж байна шүү дээ.

-Залуус дүү нартаа захиж хэлэх үг байгаа юу?

-Байлгүй яахав. Ажил хийж, олонтойгоо хүн болоорой. Бусдын хөдөлмөрийг үнэлж чаддаг, хүндэлж мэддэг зөв хүн байгаарай. Бидний амьдардаг нийслэлд хар бараан зүйл байдаг ч гэсэн гэрэлтэй гэгээтэй талууд бий шүү, хотоо хайрлаж яваарай. Хогоо хогийн саванд хийх нь хотоо хайрлаж байгаагийн нэг илрэл шүү дээ. Цэвэр цэмцгэр байя гэж бодож байвал халаасан дахь хогоо газарт биш хогийн саванд хаяхаас эхлэлтэй шүү гэж хэлснийхээ дараа тэрээр инээмсэглэв.

Ийнхүү бидний яриа өндөрлөв. Н.Сүхбаатар ах маань өдрийн 14 цагт Арваннэгдүгээр хорооллын аравдугаар байрны урд байх хунгарласан их цасыг арилгахаар тэргээ түрэн цааш явлаа.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
12 сар 28, 2023 15:49

Энэ л иим л хүмүүс жинхэнэ хүнээрээ байна даа амьдр�##� нь үг яриа санаа бодол хүн чанар нь жинхэпнэ хүн шүү сайхан хүмүүс

zochin
zochin
12 сар 28, 2023 18:16

Zundaa USANBAATAR uvulduu UTAANBAATAR xotiig tseverxen baigax gej xicheen ajilladag edgeer xumuus manai ueiin baatruud baina daa

Зочид
Зочид
12 сар 28, 2023 19:53

хҮРЭЛСҮХ ЭЭ ЧИ ИЙМ Л ХҮМҮҮСТ БААТАР, ГАВЪЯАТ ЦОЛ ОЛГОХ СЭТГЭЛ АЛГА УУ.

Холбоотой мэдээ

Back to top button