Осолдсон онгоцны зорчигч: Бүхээг дотор яг л там шиг байсан

Мягмар гарагт /2024.01.02/ “Japan Airlines” компанийн “Airbus A350” загварын онгоц эргийн хамгаалалтын онгоцтой мөргөлдсөн осол гарсан. “Airbus A350”-д байсан 379 хүн эсэн мэнд аврагдсан ч эргийн хамгаалалтын онгоцонд явсан зургаан хүний тав нь харамсалтайгаар амь үрэгдсэн юм.
“Japan Airlines” компанийн онгоц дээр явсан зарим зорчигчид нөхцөл байдал ямар байсан талаар ярьжээ. Онгоц дээр 2 настай охин болон эхнэртэйгээ явсан 33 настай эрэгтэй “Аюултай зүйл болох нь л гэж бодсон. Бид амьд гарч ирсэндээ баярласан” гэж хэлсэн байна.
Түүний эхнэр гал гарч байгааг хараад хүн бүр сандарсан гэж ярьжээ. Мөн “Онгоц маш өтгөн утаагаар дүүрсэн болохоор онгоцны үйлчлэгч гэрэл асаасан ч зөвхөн хөлөө л харж чадаж байсан. Зарим хүмүүст амьсгалахад хүндрэл учирсан” гэсэн юм.

Харин 40-өөд насны өөр нэг зорчигч “Онгоцны бүхээг дотор илүү халуун болсоор л байсан болохоор үхэх нь л гэж бодсон” гэсэн байна. Цонхон талд сууж явсан 35 настай эмэгтэй “Газардах үед онгоц нэг юмтай мөргөлдөж байгаа юм шиг доргисон. Цонхоор харсан чинь оч үсэрч, онгоцны бүхээг хий утаагаар дүүрч эхэлсэн. Онгоц шатаж эхэлсний дараа ч гэсэн хүмүүс хурдан гарч чадаагүй, гарах хүртэл 5 гаруй минут болсон юм шиг санагдаж байна” гэж онгоцноос буусан даруйдаа ярьжээ.
Онгоцонд явсан Швед улсын иргэн, 17 настай Антон Дейб “Бүхээг хэдхэн минутын дотор утаагаар дүүрсэн. Утаанаас болж түлэгдэж байгаа юм шиг мэдрэмж төрж, бүхээг дотор яг л там шиг байсан” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Japan Today, BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аврагдаж чадсан азтай төрөгсөд баяр хүргэе эрүүл энхийг хүсье