БНСУ-ын “YTN” телевиз Монголд шинэ жил хэрхэн тэмдэглэснийг мэдээлжээ
Өмнөд Солонгосын “YTN” телевиз Улаанбаатар хотын иргэд төв талбайдаа шинэ жилийг хэрхэн гаргасан мөн Монгол дахь БНСУ-ын иргэд баяраа хэрхэн тэмдэглэсэн талаар мэдээлжээ.
Тус телевизийн сэтгүүлч Хван Сон Мин төв талбайгаас шинэ оны галын наадмыг сурвалжилж, баяр тэмдэглэж явсан хүмүүсээс сэтгэгдлийг нь сонссон байна. Мөн Монголд амьдарч буй Өмнөд Солонгосын иргэд анхны удаа олноороо цуглан шинэ жил тэмдэглэсэн талаар мэдээлсэн юм.
Монгол Улсад 2 мянга гаруй Солонгос хүн амьдардаг байна. Энэ нь 2021 он буюу цар тахлын үетэй харьцуулахад 15 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. “YTN” телевиз “Хэдийгээр Монголд амьдрах Солонгос иргэдийн тоо нэмэгдсэн байгаа. Гэхдээ дэлхийн эдийн засгийн доройтол, Украины дайны улмаас Монголд буй солонгосчуудын хувьд хүндхэн жилийг өнгөрөөв. Тухайлбал ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүний импортын 90 гаруй хувийг авдаг тул түлшний үнэ Монголд нэмэгджээ” гэсэн байна.
Монголд амьдардаг Во Хён Мин “Дэлхийн эдийн засгийн асуудал болон дайны улмаас өнгөрсөн жил хүнд өнгөрсөн. Энэ жил ч гэсэн тийм ч сайн өнгөрөхгүй шинжтэй” гэж хэлжээ.
“YTN” телевиз өнгөрсөн жилийн сүүлээр хоёр орны эхлүүлсэн БНСУ-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээний хэлэлцээнд Монгол дахь солонгосчууд их ач холбогдол өгч байгаа талаар мөн мэдээлсэн юм. Учир нь энэхүү гэрээнд гарын үсэг зурвал хоёр орны худалдаа нэмэгдэнэ.
Энэ гэрээний талаар Монгол сууж буй БНСУ-ын Элчин сайд Ким Жон Гу “Хоёр улсын хэлэлцэж буй Эдийн асгийн хамтын ажиллагааны гэрээг (EPA) эцэслэн батлагдаж, Монгол болон БНСУ-ын худалдааг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: YTN












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.