Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британи нэг удаагийн электрон тамхийг хориглоно

Их Британийн засгийн газар электрон тамхи татах хүүхдүүдийн тоо ихсэх болсонтой холбогдуулан нэг удаагийн электрон тамхинд хориглож эхлэхээ мэдэгдлээ.

Мөн насанд хүрээгүй хүмүүст чиглэсэн электрон тамхины сурталчилгаанд арга хэмжээ авах болсон байна. Их Британийн “Action on Smoking and Health” нэртэй сайн дурын байгууллагын гаргасан тоо баримтаас харвал 2020 онд 11-ээс 17 насны хүүхдүүдийн 4.1 хувь нь электрон тамхи тогтмол эсвэл ихэнх өдөр татдаг байсан аж.

Тэгвэл энэ үзүүлэлт одоо 7.6 хувь болж нэмэгджээ. Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак тус хоригийн талаар мэдэгдэл хийхдээ “Одоо үеийн хамгийн санаа зовоосон чиг хандлага бол хүүхдүүд дунд тамхидалт ихсэж байгаа явдал гэдгийг ямар ч багш, эцэг эх мэднэ. Ийм учраас тамхидалт тахлын түвшинд хүрэхээс өмнө арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээсэн байна.

Тус улсад 18-аас доош насны хүнд ямар нэгэн тамхи худалдаалах нь хуулиар хориотой. Гэхдээ нэг удаагийн электрон тамхи нь залуусын дунд тамхи татах явдлыг нэмэгдүүлэхэд гол түлхэц үзүүлж байгаа гэж Их Британийн засгийн газар дүгнэжээ.

Энэхүү хоригийг хэрэгжүүлж эхлэхээ мэдэгдсэнээр Их Британи нэг удаагийн электрон тамхийг хориглох болсон цөөн улсын эгнээнд багтав. Одоогийн байдлаар Герман, Австрали, Франц болон Шинэ Зеланд хориглохоо мэдэгдсэн байгаа. Эдгээр улсуудаас зөвхөн Шинэ Зеланд л хоригоо хэрэгжүүлж эхэлсэн юм.

Нөгөөтэйгүүр Их Британийн удирдлагууд нэг удаагийн цахилгаан тамхины хууль бус худалдаа өргөжиж, контрабанд наймаа цэцэглэх вий хэмээн болгоомжлох ёстой хэмэн бүрэн хэмжээгээр хорих асуудалд санаа зовж буйгаа илэрхийлж байгаа юм.

Засгийн газрын зүгээс Насанд хүрсэн янжуур тамхи хэрэглэгчдийн тоог бууруулахын тулд хэрэгжүүлж буй “Swap to stop” хөтөлбөрөөр дамжуулан цахилгаан тамхины тусламжтайгаар тамхидалтын түвшинг бууруулна гэж үзсэн хэвээр байгаа юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button