Францын Ерөнхийлөгч асан Николас Саркози зургаан сарын хорих ял сонслоо

Францын шүүх Ерөнхийлөгч асан Николас Саркозиг 2012 оны сонгуульд өрсөлдөх үедээ кампанит ажилдаа хууль бусаар санхүүжилт босгосон буруутай гэж үзжээ. Парисын давж заалдах шатны шүүх доод шатны шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзсэнийг лхагва гарагт /2024.02.14/ баталсан байна.
Шүүхийн шийдвэрээс харвал Саркози кампанит ажилдаа хэт их мөнгө зарцуулж, үүнийгээ нуун дарагдуулахын тулд “PR” хийдэг компани хөлсөлсөн буруутай аж. Прокурорууд Саркозийн “UMP” нам сонгуулийн ажилд зарцуулах 22.5 сая еврогийн дээд хязгаарыг хоёр дахин давуулж мөнгө ашигласан гэж мэдэгдсэн юм. Үүнийгээ нуун дарагдуулахын тулд тус нам “Bygmalion” компанийг хөлсөлжээ
Тэрбээр өөрийгөө гэм буруугүй хэмээсэн ч доод шатны шүүх түүнд нэг жилийн хорих ял оноосон юм. Лхагва гарагт болсон давж заалдах шүүх хурлаар Саркози ялагдан боловч нэг жилээр хорих ялын зургаан сарыг нь тэнсэн харгалзах ял болгосон байна.
Саркозийн өмгөөлөгч Францын дээд шүүхэд ялыг давж заалдана гэж мэдэгджээ. Ийм учраас ялыг гүйцэтгэх эхлэх хугацааг түр хойшлуулж, Саркози шууд шоронд орохгүй гэсэн үг. Дээд шүүх ялыг баталсан ч гэсэн ихдээ түүнд цахим бугуйвч зүүлгэж, олон нийтийн ажил хийх эсвэл торгууль оногдуулах магадлалтай юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.