Газын зурваст амь үрэгдсэн палестинчуудын тоо 29 мянга давжээ

Газын зурвасын Эрүүл мэндийн яам аравдугаар сарын 7-нд дайн эхэлснээс хойш амь үрэгдсэн палестинчуудын тоо 29 мянга давсан гэж даваа гарагт /2024.02.19/ мэдэгджээ.
Израил-Хамасын дайны нөхцөл байдал өдөр ирэх тусам хурцадсаар байна. Өнгөрсөн долоо хоногт Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Газын зурвасын хамгийн өмнөд хэсэгт оршдог Рафа хот руу цэргүүдээ оруулах шийдвэрээ танилцуулсан.
Тус хотод Газын зурваст амьдардаг 2.3 сая хүмүүсийн тал орчим нь дүрвэн очсон байгаа юм. Израилын хамгийн том холбоотон болох АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хүртэл Рафа хот руу дайрахгүй байхыг анхааруулсан байна.
“Global Nutrition Cluster” агентлагаас гаргасан тайланд Газын зурвас дахь жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн хоол хүнсний аюулгүй байдал улам доройтож, эрүүл мэндэд нь аюул учирч байгааг анхааруулжээ.
Тус агентлаг Газын зурвас дахь нийт өрхийн 80 гаруй хувьд нь нэг хүнд өдөрт ноогдох цэвэр усны хэмжээ нэг литрээс бага байгааг илрүүлсэн байна. Бөмбөгдөлтөд хамгийн их өртсөн Газын зурвасын хойд бүс дэх зургаан хүүхэд тутмын нэг нь цочмог хоол тэжээлийн дутагдалтай байгаа юм.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.