Жефф Безос хөрөнгөөр Илон Маскийг давж дэлхийн хамгийн чинээлэг хүн боллоо

“Bloomberg Billionaires Index”-д даваа гарагт /2024.03.05/ нэгэн томоохон өөрчлөлт гарсан байна. Тодруулбал “Amazon” компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос хөрөнгийн хэмжээгээр “Tesla”, “SpaceX” компанийн захирал Илон Маскийг гүйцэж дэлхийн хамгийн чинээлэг хүн болжээ.
Безосын 200 тэрбум ам.долларын хөрөнгөтэй нэгт жагсаж байгаа бол Маск 198 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хоёрт орж буй. Өнгөрсөн жилд Маскийн хөрөнгө 31 тэрбумаар буурсан бол Безосынх 23 тэрбумаар өссөн байна.
Маск дэлхийн хамгийн чинээлэг хүний байр сууриа алдсан нь даваа гарагт “Tesla” компанийн хувьцаа долоо хувиар унасантай холбоотой юм. Сүүлийн хэдэн сар “LVMH” компанийн захирал Бернард Арнаулт, Маск, Безос гурав тэрбумтны жагсаалтад байраа сэлгэсээр иржээ.
“LVMH” компани нь “Louis Vuitton”, “Dior”, “Celine” гэх мэт брэндүүдийг эзэмшдэг компани. Цар тахлын үеэр брэнд бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэний дараа Бернард Арнаулт дэлхийн хамгийн чинээлэг хүн болсон юм.
Харин 2023 оны тавдугаар сард Маск тэрхүү байр суурийг нь авсан байна. Гэвч “Tesla” компанийн хувьцаа өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 24 хувиар унаад байгаа юм. Ингэснээр Жефф Безос “Bloomberg Billionaires Index”-ийг тэргүүлж эхэллээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.