АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп, Жо Байден хоёр өрсөлдөх нь тодорхой боллоо

Ирэх арваннэгдүгээр сард АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэрхүү сонгуульд Ардчилсан намыг төлөөлж Ерөнхийлөгч Жо Байден өрсөлдөх нь тодорхой болсон талаар бид өчигдөр мэдээлсэн.
Тэгвэл Жоржиа мужийн анхан шатны сонгуульд Дональд Трамп ялалт байгуулснаар Бүгд найрамдах намын 1,215 төлөөлөгч түүнд оноогдож ирэх арван нэгдүгээр сард ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь тодорхой боллоо.
АНУ-д ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг намын төлөөлөгчид намынхаа их хурлаар сонгодог. Төлөөлөгч нь муж эсвэл дүүргүүдэд намаа төлөөлдөг хүмүүс юм. Ардчилсан нам 3,934, Бүгд найрамдах нам 2,429 төлөөлөгчтэй.
Муж бүрийн анхан шатны болон намын бүлгийн сонгуульд өрсөлдөж авсан саналаас нь хамааран нэр дэвшигч нарт төлөөлөгчид хуваарилагддаг байна. Хуваарилагдсан төлөөлөгчид тэрхүү нэр дэвшигчдээ намынхаа их хурлаар саналаа өгдөг.
Бүгд найрамдах намын үндэсний их хурал долоодугаар сарын 15-18 хооронд Висконсин мужийн Милуоки хотод болно. Харин Ардчилсан намын үндэсний их хурал наймдугаар сарын 19-22 хооронд Чикаго хотод явагдана.
Тэгэхээр энэ жилийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2020 оныхтой яг ижил буюу Дональд Трамп, Жо Байден нар өрсөлдөх нь тодорхой боллоо.
Эх сурвалж: Associated Press, CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.