БНСУ-д парламентын сонгуулийн урьдчилсан санал хураалт эхэллээ

Ирэх долоо хоногийн лхагва гарагт /2024.04.10/ БНСУ-ын парламентын сонгууль болно. Тэгвэл тус сонгуулийн урьдчилсан санал хураалт өнөөдөр эхэлсэн байна. Эрт саналаа өгөхийг хүсэж буй хүмүүс 3,565 санал хураах байранд хоёр өдрийн турш 06:00-18:00 цагийн хооронд саналаа өгөх боломжтой.
Сонгуульд өрсөлдөгч намууд иргэдийг урьдчилсан санал хураалтад оролцохыг уриалж буй. Энэ санал хураалт нь БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын хувьд чухал ач холбогдолтой юм.
Тэрбээр төрийн эрхийг барьж буй Ардын хүчний намын гишүүн. Үндсэн сөрөг хүчний нам болох Ардчилсан нам урьдчилсан сонгуулийн ирцийг 30 хувьд хүргэх зорилготой байгаа тул иргэдийг саналаа өгөхийг уриалсан байна.
Энэ долоо хоногийн эхээр “Yonhap” агентлагаас явуулсан санал асуулгад оролцсон хүмүүсийн 80 хувь нь парламентын сонгуульд саналаа өгөх сонирхолтой буйгаа илэрхийлсэн юм.
Мөн асуулгад оролцсон хүмүүсийн 39 хувь нь урьдчилсан санал хураалтад оролцохоор төлөвлөж байгаа гэсэн бол 58 хувь сонгуулийн өдөр саналаа өгнө гэж хариулжээ.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.