Г.Одбаяр Осакагийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн “Осака-2019” “Их дуулга” ангиллын тэмцээн Япон улсад үргэлжилж байна. 87 орны 280 эрэгтэй, 206 эмэгтэй бөх зодоглож буй тэмцээнд манай улс 14 тамирчнаа сойж байж байгаа юм.
Өчигдөр Монголын зургаан бөх барилдсанаас 57 кг-д олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа хүрэл медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Өнөөдөр манай улсын дөрвөн бөх зодоглосноос эрэгтэйчүүдийн 73 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр хүрэл медаль хүртэв.
Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтай тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы бөх Кенши Харадад дийлдсэн. Улмаар дагах тойрогт Хятадын бөхийг, хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы жүдоч Кенши Харадаг яллаа.
Ингэснээр монгол жүдочид Осакагийн “Их дуулга”-аас хоёр дахь хүрэл медалиа хүртэн, одоогоор багийн дүнгээр зургадугаар байрт бичигдэж байна.
Сүүлийн дөрвөн ДАШТ-д оролцохдоо гуравт нь медалийн төлөө барилдсан түүний гаргаад буй амжилтуудыг уншигч та бүхэнд сонирхуулъя.

• Абу Дабигийн “Их дуулга” тэмцээний алтан медаль, 2017 он
• Бакугийн “Их дуулга” тэмцээний алтан медаль, 2017 он
• “Ворлд Мастерс” тэмцээний мөнгөн медаль, 2016 он
• Тбилисийн гран при тэмцээний мөнгөн медаль, 2016 он
• Хаванагийн гран при тэмцээний хүрэл медаль, 2016 он
•Азийн АШТ-ээс мөнгө (2017), хүрэл (2015)
• Улаанбаатарын гран при тэмцээний хүрэл медаль, 2015 он
•Азийн наадмын мөнгө, 2014
• Чиндаогийн гран при тэмцээний хүрэл медаль, 2012 он
• Абу Дабигийн гран при тэмцээний хүрэл медаль, 2012 он
Хэдхэн хоногийн өмнө Монголд болсон 73 кг-ын шилдгүүдийн тэмцээнд түрүүлсэн Г.Одбаяр гавьяат 2017 оны аравдугаар сард болсон Абу Дабигийн“Их дуулга”-д түрүүлснээсээ хойш IJF-ийн цуврал тэмцээнээс медаль хүртээгүй байсан юм. Долоон тэмцээнд дараалан V байрт шалгарч, энэ жил зодоглосон Анталиягийн гран прид VII-д орсон билээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.