Европын холбоо: Ойрх дорнодод бүс нутгийн дайн үүсэхэд ойрхон байна

Их долоон орны гадаад хэргийн сайд нар Украины дайны асуудлаар Италид хуралдаж байна. Тэд Украинд зэвсгийн санхүүжилт олгох шинэ арга зам, тэр дундаа ОХУ-ын царцаасан хөрөнгийг ашиглан Киевт туслах талаар хэлэлцэж буй.
Хуралдааны үеэр Европын холбооны Гадаад бодлого хариуцсан дарга Жозеф Боррел Ойрх дорнодод бүс нутгийн дайн үүсэхэд ойрхон байгааг анхааруулжээ.
Тэрбээр “Хүмүүнлэгийн гамшиг үргэлжилсээр байна. Хэдийгээр Газын зурваст нийлүүлж буй хүмүүнлэгийн тусламж нэмэгдсэн ч гэсэн маш хангалтгүй хэвээр буй. Бид Ираны довтолгоонд Израилыг хариу өгөхдөө биеэ барихыг уриалах хэрэгтэй. Нөхцөл байдлыг хурцатгаж болохгүй” хэмээсэн юм.
Үүнээс гадна Боррел барууны орнуудыг Украин руу илгээх цэргийн тусламжийн ажлыг түргэсгэх шаардлагатай байгааг онцолжээ.
Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Украины бүх найз нөхөд, дэмжигчид ОХУ-ын түрэмгийллээс улсаа хамгаалахад нь шаардлагатай зүйлсэд туслах хүчин чармайлтаа яаралтай нэмэгдүүлэх хэрэгтэй байна” гэсэн юм.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.