Путин урт хугацааны дайнд бэлтгэж Сергей Шойгуг Андрей Белоусовоор солилоо

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт засгийн газрынхаа бүрэн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. Томоохон албан тушаалуудын ихэнх нь хэвээр үлдсэн ч Путин хэд хэдэн сонирхолтой алхам хийсэн юм.
Өөрчлөгдсөн томоохон тушаалуудыг дурдвал
Батлан хамгаалахын сайд – Андрей Белоусов (Сергей Шойгу байсан)
Аюулгүй байдлын зөвлөлийн дарга – Сергей Шойгу (Николай Патрушев байсан)
Кремлийн усан онгоц үйлдвэрлэлийн туслах – Николай Патрушев
Хөдөө аж ахуйн сайд – Оксана Лут (Дмитрий Патрушев байсан)
Эрчим хүчний сайд – Сергей Цивилев (Николай Шульгинов байсан)
Худалдаа, аж үйлдвэрийн сайд – Антон Алиханов (Денис Мантуров байсан)
Эдгээр өөрчлөлтөөс олон улсын анхаарлыг хамгийн их татаад байгаа нь шинэ Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов.
Путин ОХУ-ын цэргийн зардал нэмэгдэж, инновац хийх шаардлагатай байгаа гэх шалтгаанаар Батлан хамгаалахын сайдаа өөрчилсөн юм. Белоусов нь Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан, эдийн засагч мэргэжилтэй хүн.
Гэхдээ тэрбээр одоо төрийн алба хашихгүй байгаа. Өөрөөр хэлбэл энгийн иргэн гэсэн үг. Дайн эхэлснээс хойш Батлан хамгаалахын удирдлагад хийсэн Путиний хамгийн том өөрчлөлт энэ байв.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ням гарагт /2024.05.12/ мэдэгдэл хийхдээ ОХУ нь 1980-аад оны ЗХУ шиг нөхцөл байдалтай тулгараад байна гэжээ. Тухайн үед ЗХУ ДНБ-ий 7.4 хувийг цэрэг, хууль сахиулах байгууллагуудад төсөвлөдөг байсан.
2023 онд ОХУ ДНБ-ийхээ 5.9 хувийг зэвсэгт хүчиндээ зарцуулсан юм. Энэ тоо 2024 онд 7.1 хувь болж нэмэгдэнэ гэж “SIPRI” фирм тооцоолжээ. Песков ийм зардлыг улс орны нийт эдийн засагтай уялдуулж, сайн нэгтгэх нь амин чухал хэмээсэн юм.
Мөн тэрбээр “Өнөө үед тулааны талбарт инновацад илүү нээлттэй байгаа тал нь ялалт байгуулна. Ийм учраас одоогийн шатанд ОХУ-ын Батлан хамгаалах яамыг энгийн иргэн удирдах ёстой гэж Ерөнхийлөгч шийдсэн нь зүйн хэрэг” гэжээ.
Андрей Белоусов гэж хэн бэ
Андрей Рэмович Белоусов нь 1959 оны гуравдугаар сард Москва хотноо мэндэлсэн байна. Тэрбээр 1981 онд Москвагийн Улсын Их Сургуулийн Эдийн засгийн факуьтетийг онц дүнтэй төгссөн юм.
2000 онд Белоусов ОХУ-ын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр томилогдож, зургаан жилийн дараа Эдийн засгийн яамны дэд сайдын албан тушаалыг хашиж эхэлжээ.

2008-2012 оны хооронд буюу Путин Ерөнхий сайдаар ажилласан хугацаанд тэрбээр засгийн газрын Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн даргаар ажилласан юм.
2020 оноос Белоусов тэргүүн шадар сайдын албан тушаалыг хашсан байна. 2020 оны дөрөвдүгээр сарын сүүлээр ОХУ-ын Ерөхий сайд Михаил Мишустин коронавирусийн халдвар авсны улмаас тэрбээр хэсэг хугацаанд ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэжээ.
Путин яагаад эдийн засагч хүнийг Батлан хамгаалахын сайд болгов?
“The Bell” нэртэй Орос хэвлэл 2018 онд мэдээлэхдээ нэгэн албан тушаалтан Путиний бусад зөвлөхүүдээс ялгаатай нь Белоусов ОХУ-ын дайснуудаар хүрээлэгдсэн гэж итгэдэг гэжээ. Ийм учраас Белоусов 2014 онд ОХУ Крымын хойг руу цэргээ оруулахыг дэмжсэн байна.
Үүнээс гадна тэр олон жилийн турш Путинд үнэнч гэдгээ нотолсон, ойрын хүн нь юм. Белоусов ОХУ-ын цэргийн аж үйлдвэрлэлийн салбарыг удирдах ажлыг гүйцэтгэх бол зэвсэгт хүчний стратегийг ОХУ-ын армийн генерал Валерий Герасимов хийх нь дамжиггүй.
Шинжээчдийн үзэж буйгаар өөрийнх нь ойрын хүнээс гадна дайныг цэргийн үйлдвэрлэлээрээ ялах төлөвлөгөөтэй байгаа тул Путин Белоусовыг томилсон гэж шинжээчид үзэж байна.
ОХУ-ын Дипломатч асан, “Carnegie Russia Eurasia Center”-ийн ахлах ажилтан Александр Баунов “Путин цэргийн аж үйлдвэрлэл болон олон улсын зах зээлийг ашиглан дайнд ялалт байгуулахаар төлөвлөж байна” хэмээжээ.
Тэрбээр “Энэ дайнд ялах стратеги нь цэрэг албанд дайчлах, фронтод томоохон амжилт гаргах биш харин цэргийн аж үйлдвэрийн салбар болон эдийн засгийнхаа давуу байдлаар Украинд үзүүлэх бололтой” гэсэн юм.
Лондонд төвтэй “Mayac” тагнуулын мэдээллийн төвийн захирал Марк Галеотти дайны үед ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг бол цэрэг армийг шаардлагатай бүх зүйлээр нь хангах хэмээжээ.
Галеотти “Ийм учраас эдийн засгийн дийлэнх хэсгийг батлан хамгаалахын салбарт захируулах шаардлагатай гэж ярьж байсан эдийн засагчийг сайд болгох нь учиртай. Ер нь бол санхүүгийн зохицуулагчийн хийх ажил тул Белоусов сайд хийж чадна” гэсэн юм.
Киевт амьдардаг аюулгүй байдлын шинжээч Жимми Раштон “Шойгуг эдийн засагчаар сольсон нь Путин Украин болон түүний барууны холбоотнуудаас илүү их хэмжээгээр болон урт хугацаагаар зэвсэг үйлдвэрлэснээр дайнд ялна гэж итгэж байгааг харууллаа. Тэр дахиад олон жил дайтахаар бэлтгэж байна” гэжээ.
Путин Белоусовыг сайдаар томилсон нь Шойгугийн холбоотон, Батлан хамгаалахын дэд сайт Тимур Ивановыг прокурорууд 11 сая ам.долларын хахууль авсан гэж буруутгагдсантай холбоотой байж магадгүй.
Өөрөөр хэлбэл Путин батлан хамгаалахын салбарын зардлыг үр дүнтэй зарцуулж байгаа эсэхийг шалгах зорилготой энэхүү өөрчлөлтийг хийсэн байх магадлалтай байна.
Путин өөрт нь үнэнч, армийг нөөцөөр тогтмол хангах тал дээр ажиллаж, батлан хамгаалахын салбарыг санхүүг зохицуулж чадах хүн учир Белоусовыг сонгов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Путин урт хугацааны дайн хийж чадахгүй, АНУ, Англи, ЕХ бас Хятад,Энэтхэг зэрэг супр гүрнүүд түүнд тийм бололцоо олгохгүй ш дээ ! Жишээ нь, өнөөдөр л гэхэд Хятад бүдүүн шар эрээн луу Хойд туйлын туранхай гуринхатсан муу цагаан баавгайг өмнөө номхон зогсоогоод, с�##�ам загниж байгаа л даа !
Путины өдүүлсэн, ах дүүсээ а лж хядсан дайны ха луун г�##�д Хойд мөсөн д�##�айн мөс хайлаад цагаан баавгай амьдрах орчингүй болж бна бишүү?!
Путин бол путин шдээ
Тийм тийм, муу чекист- фашист !