Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын панданы дипломаситай адилаар Малайз орангутанаа ашиглана

Товч агуулга: БНХАУ панда, Австрали коалаг дипломат ажиллагаа явуулахад ашигладаг. Үүнтэй ижлээр Малайз үйлдвэрлэсэн дал модны тосыг нь худалдан авдаг орнуудад орангутан бэлэглэх төлөвлөгөө танилцуулсан байна. Гэвч энэ нь байгаль хамгаалагч, хүрээлэн буй орчны идэвхтнүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.


Дэлхийн улс орнууд өөр өөрсдийн онцлогоо дипломат ажил явуулахдаа ашигладаг. Тухайлбал БНХАУ панда, Австрали коалаг бэлэг болгон илгээж дипломат ажиллагаа явуулдаг юм.

Тэгвэл Малайз энэхүү ажиллагаанаас санаа авч дал модны тосыг нь худалдан авдаг орнуудад орангутан бэлэглэх талаар авч үзэх болжээ.

Амьтдыг дипломат бэлэг болгон ашиглах нь олон жилийн түүхтэй. Үүний хамгийн алдартай жишээ нь Хятадын панданы дипломаси. 1941 онд Бүгд Найрамдах Хятад Улс (Гоминдан намын засагласан улс) АНУ-д талархарлаа илэрхийлж хоёр пандаа илгээж байсан юм.

Тухайн үед Японы дайралтад өртөөд байсан БНХУ-ын Гоминдан намын засгийн газарт АНУ тусламж үзүүлж байжээ.

Зургийн эх сурвалж: Britannica

Бэлгийг гардуулах ёслолын үеэр БНХУ-ын тэргүүн хатагтай Сун Мэйлин панда нь “Манай ард түмний зовлонг нимгэлж, шархыг нь боож өгч байгаад Америк анд нөхдөд талархаж байгаа явдал” гэсэн юм.

Хамгийн сүүлийн жишээнүүдээс дурдвал 2014 онд Малайзын 370 дугаар нислэг сураггүй болсны дараа БНХАУ, Малайзын харилцаа хурцадсан байдаг. Тухайн үед БНХАУ Малайз руу хоёр панда бэлэглэсэн нь энхийн илгээмж болж өгсөн.

Австрали 2014 онд Их 20 орны уулзалтыг зохион байгуулахдаа улс орнуудын удирдагчдад коаланы дипломаси ашиглаж байв. Тус уулзалтаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар коалатай зургаа авхуулсан юм.

Зургийн эх сурвалж: Sydney Morning Herald

Мөн Австрали 2015 онд Сингапуртай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баяр зориулж дөрвөн коалаг зургаан сарын турш тус улсад зээлүүлсэн.

Малайз дал модны тос худалдан авдаг орнуудад орангутан бэлэглэх талаар авч үзсэн нь тосыг үйлдвэрлэл хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөнд санаа зовниж байгаа явдлыг буруулах зорилготой гэгдэж буй.

Тус улс нь дал модны тосны дэлхийн хоёр дахь хамгийн том экспортлогч орон. Индонези болон Малайз нь нийтдээ дэлхийн дал модны тосны экспортын 85 хувийг бүрдүүлдэг.

Дал модны тос бол дэлгүүрт зарагддаг шампунь, жигнэмэг, бэлэн гоймон, угаалгын бодис гэх мэт өдөр тутмын хэрэглээнд багтдаг бараануудын нэг орц нь юм.

Ийм учраас дэлхий даяарх дал модны тосны эрэлт нь Малайз болон Индонезид ой мод сүйрэх явцын хөдөлгөгч хүч болж байна гэж хүрээлэн буй орчныг хамгаалах идэвхтнүүд үздэг.

Ийм учраас Европын холбоо ой модны устгалттай холбоо бүхий түүхий эдийг импортлохыг хориглох хуулийг баталсан. Малайз энэ хуулийг шүүмжилж, ялгаварлан гадуурхсан шинжтэй хэмээсэн юм.

Дал модны тосны үйлдвэрлэл нь Малайзын эдийн засагт чухал ач холбогдолтой салбар. Ийм учраас тус улсын эрх баригчид Европын холбоо гэх мэт худалдан авагчдыг сэнхрүүлэхийн тулд сүүлийн жилүүдэд дал модны тосны үйлдвэрлэлийг хүрээлэн буй орчинд илүү ээлтэй байдалд шилжихийг дэмжих арга хэмжээнүүд авчээ.

Үүнээс гадна худалдан авагч улсуудад орангутан бэлэглэх дипломат ажиллагаа явуулах талаар яригдах болсон байна.

Зургийн эх сурвалж: WWF

Малайзын нийслэл Куала Лумпур хотноо энэ сарын эхээр болсон биологийн олон янз байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр газар тариалангийн сайд Жохари Абдул Гани орангутаны дипломат ажиллагаа явуулах төлөвлөгөөг танилцуулсан юм.

Гани уулзалтын үеэр дал модны тос худалдан авагч орнууд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөөнд санаа зовох нь нэмэгдэх болсон гэжээ.

Тэрбээр орангутаныг Европын холбоо, БНХАУ, Энэтхэг гэх мэт түншүүдэд бэлэглэх нь Малайз биологийн олон янз байдлыг хамгаалах зорилготой гэдгийг дэлхий дахинд нотолно хэмээж, үүнийг БНХАУ-ын панданы дипломаситай адилтган ярьсан байна.

Байгаль хамгаалагчид, идэвхтнүүдийн эсэргүүцэл

Түүнийг ингэж үг хэлсний дараа байгаль хамгаалагчид, хүрээлэн буй орчны төлөөх бүлгүүд орангутаны дипломасиг шүүмжилжээ.

Орангутан нь Зүүн өмнөд Азийн Борнео, Суматра арлуудын ширэнгэн ойд амьдардаг. Олон улсын байгаль хамгаалах холбооны нэн ховордсон амьтдын жагсаалтад орангутан багтдаг юм.

100 гаруй жилийн өмнө 230 мянга гаруй тоо толгой орангутан байсан бол одоо энэ тоо 120 мянга гаруй болж буурчээ. Үүний ихэнх буюу 104.7 мянга нь Малайзын Борнео аралд амьдардаг. Харин 7,500 орангутан Индонезын Суматра аралд амьдардаг байна.

Борнео арлын орангутаны тоо толгой ой модны сүйрлийн улмаас аюулд өртөөд байгаа юм. Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) 2022 онд гаргасан тайлангаас харвал Малайз 2001-2019 оны хооронд 8 сая га ой мод алдагджээ.

Дьюкийн их сургуулийн байгаль хамгааллын албаны дарга Стюарт Пимм “Орангутан амьдардаг ширэнгэн ойг устгасан хэр нь бусад үндэстнүүдэд бэлэг болгон өгөх нь жигшүүртэй, ер бусын хоёр нүүр гаргаж буй явдал” гэсэн юм.

“Justice for Wildlife Malaysia” байгууллага “Орангутаны амьдрах орчин болдог ой модыг хамгаалах нь зайлшгүй хийх ёстой хамгийн чухал алхам. Орангутаны дипломат ажиллагаанд зарцуулах хөрөнгийг эдгээр амьтдыг хамгаалахад чиглүүлэх ёстой” хэмээсэн байна.

Эх сурвалж: CNN, The Guardian, BBC, The Sydney Morning Herald

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button